Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж солиорч л байдаг шүү дээ...

Twitter Print
2018 оны 10-р сар 03-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын энэ намрын улстөр халуухан хэрүүл тэмцлээр эхлээд гуравхан хонох гэж байна. Өнгөрсөн даваа гараг буюу 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийсэн УИХ-ын энэ намрын чуулганы эхний хуралдаанд УИХ-ын одоогийн тоогоор 75 гишүүний 70 нь уван цуван чуулганы танхимд морилцгоосон бол Б.Баттөмөр, Л.Болд нар чөлөөтэй, Я.Санжмятав, Б.Саранчимэг, Ц.Цогтбаатар нар гадаадад томилолтой хэмээн хүрэлцэн ирээгүй билээ. УИХ-ын дарга М.Энхболд сахилга хариуцлагаа “Гүнзгий ухамсарлаж” 9:22 цагт буюу хамгийн түрүүнд чуулганы танхимд морилсон, түүнээс дөрвөн минутын дараа МАН-ын залуу гишүүдийн нэгэн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танхимд хөл тавьсан бол 70 гишүүнээс хамгийн сүүлд буюу 10:06 цагт О.Содбилэг гишүүн чуулганы танхимд морилсноор гишүүдийн ирц бүрдсэн байдаг.

Энэ намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгээ “Улстөрийн популизм газар авч, сүүлдээ байх ёстой зүйл шиг л ойлгодог болчихлоо” хэмээн тодорхойлсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд зориулан хэлсэн үгээ “Хүмүүстээ ч биш, намдаа ч биш, тогтолцоондоо л бүх асуудлын гогцоо оршиж байна” хэмээн тодотгосон нь Монголын улстөр энэ намрын чуулганаас эхлээд дахиад л багагүй бужигнаж эхлэхийг нотолсон хэрэг болсон юм.

Ийнхүү намрын чуулган Монгол төрийн тэргүүн болон хууль тогтоох дээд байгууллагын дарга нарын нэлээн ширүүхэн дүгнэлтээр эхэлснээр маргаашнаас нь буюу өчигдрийн мягмар гарагаас эхлээд буцалж эхэлсэн билээ. Тухайлбал өчигдөр өглөөгүүр эхэлсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН болон АН-ын Бүлгийн гишүүдийн хооронд нэлээн ширүүхэн маргаан өрнөсөн юм.  

Энэ талаар тодруулвал АН-аас энэ удаагийн УИХ-д анх удаа сонгогдон орж ирсэн Б.Пүрэвдорж гишүүн "Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн. Энэ бол цэвэр МАН-ын хийсэн ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Үндсэн хуулийн Цэцээр ийм шийдвэр гаргуулчихсан” гэж хэлсэн нь МАН-ын бүлгийн гишүүдийн хилэнг тун ч их хүргэсэн билээ. Тухайлбал УИХ-д хамгийн олон сууж байгаа, Монголын улстөрд энэ насаараа дархлагдсан нэгэн болох Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Б.Пүрэвдорж оо чи одоо хэн болчихоод, юу гэж ийм балай юм яриад байгаа юм. Чи зүгээр цадигтай байгаарай. Бас юм ярьчих санаатай бол баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм шүү. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр л нэгтгэчихсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн заль мэх байхгүй юу. Б.Пүрэвдоржоо чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн хүн шүү. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг ямар МАН-ынхан томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ" гэсэн билээ.

Түүний энэхүү үгийг АН-ын гишүүн Б.Пүрэвдорж тун ч дурамжхан хүлээж авсан. Ц.Нямдорж сайдын дээрх үгийг АН-ын дарга С.Эрдэнэ болон Ж.Батзандан, Л.Болд гишүүн нар ч нэлээн эгдүүцэнгүй хүлээн авч байгаа нь андашгүй байсан.

 

Тэгвэл өнөөдөр төрийн ордны баруун талаар явж байгаад УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны гишүүн дээрх хэл амны эзэн Б.Пүрэвдоржтой санамсаргүй тааралдаж Ц.Нямдорж сайдын дээрх зэмлэлийг хэрхэн хүлээн авсан болон тэр талаар хальтхан сонирхвол "За даа Ц.Нямдоржийн тэр үгний талаар сүйдтэй бодолцоод байсан юм байхгүй. Монголын парламентад хамгийн олон удаа сандал ширээ бөглөөд сууж байгаа Ц.Нямдоржийн хувьд дандаа л янз бүрийн юм яриад, солиорч л байдаг шүү дээ. Түүний үгнээс авах зүйл үнэндээ тун өчүүхэн байдгийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх хойно би араас нь олон тайлбар хийгээд ч яах вэ дээ. Харин чи завтай цагтай Ц.Нямдоржийн өрөөгөөр орж  янз бүрийн юм яриулж болох шүү дээ. Сайхан хадуурах биз” гэчихээд явчихсан юм.

Энэ бүхнээс дүгнэвэл Монголын улстөр мөддөө тэгширч, эв зүйгээ олох янзгүй, урьдын адил л баахан бужигнасан хэрүүл тэмцлээр өрнөж, сонгогч олон түмэн ч хумсын чинээ ч ашиг тустай мэдээлэл олж сонсохгүй, амьдралд нь ч тус нэмэр болох зүйл урьдын л адил огтхон ч гарахгүй бололтой дог оо.

Үнэндээ Монголын улстөр өнгөрсөн 28 жилийн турш УИХ-ын дарга М.Энхболдын дүгнэж хэлсэн шиг л “Улстөрийн популизм газар авч, сүүлдээ байх ёстой зүйл шиг л ойлгодог болчихлоо” гэдэг нь хамгийн ойлгомжтой болчихсон зүйл юм. Нөгөөтэйгүүр Монголын улстөрд гүнзгийхэн ороод төдий л удаагүй байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дүгнэсэн шигээр Монголын ард түмэнд огтхон ч ач буянаа хайрлахгүй байгаа Монголын өнөөдрийн улстөрийн тэмцэл, МАН-АН-аар хуваагдсан бүлэглэлүүдийн тэмцэл нь “Хүмүүстээ ч биш, намдаа ч биш, тогтолцоондоо л бүх асуудлын гогцоо оршиж байна” гэдгийн хамгийн ойлгомжтой нотолгоо болох болов уу.

Монголын ард түмнийг 28 жил хууран мэхэлж, бүлэглэн дээрэмдэж, хээл хахууль, албан тушаалын бялуу хуваалтаар Монгол орныг хэсэглэн хуваан залгиж байгаа МАНАН-гийн энэ намрын хуйвалдаан, ширүүн тэмцэл ийнхүү эхэллээ дээ. Хойшид яажшуухан бужигналдах, хэрхэн зодолдох, Монголын ард түмний өмч хөрөнгийг яажшуухан хувааж дээрэмдэхийг нь цаг хугацаа л харуулах нь ойлгомжтой юм даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (183.177.98.50) 2018-10-04 16:30
      • 0
      • 0

      naymdorjiin coliotoog medeed duudaj baigaa hun tuunees iluu ulaan galzuu yum bna l daa

      Хариулах