Монголын шигшээ багууд бэлтгэлийн талбайтай боллоо

Twitter Print
2018 оны 10-р сар 03-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн нас насны шигшээ багт зориулсан шигшээ багийн бэлтгэлийн баазын, ногоон талбайн нээлтийн үйл ажиллагаа Төв аймгийн нутагт боллоо.

Бэлтгэлийн баазын, ногоон талбайн нээлтэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багууд Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатыг давсан, охидын 16 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөн хоёр хожил авсан, 40-өөс дээш, 50-иас дээш насны ахмадын шигшээ багууд Ази номхон далайн орнуудын Мастеруудын тэмцээнээс хос алтан медаль авсан тус тусын арвин их амжилттайгаар хүрэлцэн ирэв.

Дөрөвдүгээр сард барилгын ажил нь эхлэж, ес дүгээр сард бүрэн дууссан ногоон талбайн нээлтийн тууз хайчлах ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны зөвлөлийн гишүүн М.Болд, Б.Болдбаатар, Ж.Хишигжаргал, Б.Гансүх, эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ, 16 насны охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар болон талбайн ажлыг гүйцэтгэсэн “Дэрэн наран” ХХК-ий төлөөлөл н.Бор, Төв аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга С.Гантөр, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат, 19 насны охидын шигшээ багийн ахлагч Г.Цолмон нар оролцлоо. Бэлтгэлийн талбайн нээлтэд оролцсон нас насны шигшээ багийнхан өөрсдийн бэлтгэлийн талбайдаа анхны мөрөө гаргаж, бэлтгэл, хөгжөөнт тэмцээн, нөхөрсөг тоглолтуудыг мөн хийсэн юм. Тодруулбал 40+, 50+ насны ахмадын шигшээ багууд, охидын 19 нас, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг “Шигшээ багийн өнөө үе ба ирээдүй” уриан дор 6-8 насны 30 хүүхэдтэй тоглолт хийсэн юм.

Үе үеийн шигшээ багийнхан бэлтгэл сургуулилалтаа базааж, үеийн үед шигшээ багийнхандаа өвлүүлэн үлдээх ногоон талбай дээр Монголын шигшээ багуудын олон олон ялгуусан амжилтын эхлэл суурь тавигдах нь гарцаагүй. Бэлтгэлийн талбайг бүтээн босгоход “Дэрэн наран” ХХК, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Төв аймгийн ХБХ-ны хамт олон оролцжээ.

Ногоон талбайн ажлаар эхэлсэн үндэсний шигшээ багуудын бэлтгэлийн баазын ажил дараа дараагийн жилд Монголын есөн насны шигшээ багийнхны байрлан бэлтгэл хийх, олон улсын багуудыг хүлээн авах бүрэн боломжтой цогцолбор болон сүндэрлэнэ гэдгийг хөлбөмбөг сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна. “Талын хөх чононууд”-ын хийморь сүлд үргэлж өөдөө байж, хөгжөөн дэмжигчдийн минь уухайн түрлэг тасрахгүй байх болтугай. НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.