Ардын жүжигчин П.Хаянхярваад хоёрхон өрөө байр өгч, буян болохгүй л юм байх даа...

Twitter Print
2018 оны 10-р сар 03-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр нас биед хүрсэн ямар ч Монгол хүн “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа”, Баянхонгор аймгийн бараг л сүлд дуу нь болчихсон “Хонгор нутаг” дууг сонсоогүй, аялж мэдэхгүй байна гэж байхгүй л болов уу. Тэгвэл Монголын ард түмний чих, сонсголд нэгэнт танил дотно болж, төдийгөөс өдий хүртэл эгшиглэсээр л байгаа эдгээр сайхан дууны аялгууг зохиосон, Монголын армийн хурандаа цолтон, армид данстай Монгол Улсын гуравхан Ардын жүжигчний нэгэн П.Хаянхярваа гуай 80 гарсан насандаа, насан туршдаа даралт дээгүүр нь арван хуруугаа гүйлгэж, аялгуу сайхан дуунуудаа эгшиглүүлж суусан төгөлдөр хуур хөгжмөө айлын амбаарт чихчихээд, үр ач нартайгаа багтаж цөхөн чихэлдэн амьдарч яваа нь энэ цаг үеийн эмгэнэл ажгуу.

Өнгөрүүлсэн “Домог түүх шиг”  80 жилийнхээ амьдралын туршид Монголын ард түмэнд зориулан 1000 гаруй аялгуут сайхан дуу зохиосон Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын жүжигчин П.Хаянхярваа гуай өнөөдөр насан туршийнхаа амьдралыг хөг эгшигээр нь бичиж туурвисан төгөлдөр хуур хөгжмөө багтааж шингээх зай завсар үнэндээ байхгүйн зовлонд баригдаж айлын амбаарт оруулж бүтээчихээд л ядруухан амьдарч явнам. Гэлээ ч өөрийнхөө хөгжмийн гайхалтай авъяас, суу билгээрээ амандаа аялагдсан аялгуу болгоныг цааснаа нотлож, үлдсэн амьдралынхаа түүхийг ядруухан ч гэсэн бичиглэж яваа нь үнэхээр харамсалтай хийгээд, энэ цаг үеийн эргүү, ухаангүй улстөрчид, эрх баригчдад уурлаж бухимдахаас өөр арга үнэндээ л алга даа.

Аав нь армийн дэд хурандаа цолтой, Монголын Цэргийн хөгжмийн анхны дарга нарын нэгэн байсан нь түүнд онцгойгоор нөлөөлж өнгөрсөн амьдралынхаа туршид армийн хөгжмөөс алхам ч холдолгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Гэсэн ч дэндүү гэмээр даруухан, эгэл жирийн энэ буурал дөнгөж 2015 онд л анхныхаа СD-г гаргаж байсан нь “Дээд- доод” ангид хуваагдан амьдарч, амьдралын дэндүү шударга бус хуваарилалт дунд баян, ядуугаараа ялгарч байгаа Монголын өнөөдрийн гутамшигт үнэний нотолгоо гэлтэй. Энэ насныхаа амьдралын 80 жилд 1000 дуу зохиох нь байтугай улс нийгмийнхээ төлөө ганц хүрз шороо ч хөдөлгөж үзээгүй өнөөдрийн эрх баригчид, улстөрчид хэдэн тэрбумын хулгайн мөнгөөрөө тансаг орд харшид тарвалзан амьдарч, дуртай цагтаа дэлхийн бөмбөрцгөөр тэнүүчилж явахад Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайд хоёрхон өрөө байр ч олдсонгүй өнөөдөртэй золгожээ. Дэндүү харамсалтай, даанч гунигтай хувь заяа гэж үүнийг л хэлэх байх.

Улс эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн насны 80 жилийнхээ авъяас чадвар, уран бүтээлээ бүхлээр нь зориулсан Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Батлан хамгаалах яамны үе үеийн сайдаар ажиллаж байсан Монгол-ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Ц.Шаравдорж, М.Содномпил, Ж.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ц.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд  нар  өгөөмөр сэтгэлийн гар сунгаж, хоёрхон өрөө байр олгож,  магнайг нь тэнийлгэн баярлуулсан нь үгүй. Тэрээр өнгөрсөн хугацаанд өнөөдрийн сайд Н.Энхболдтой нийлээд гурван ч сайдад нь  “Хоёрхон өрөө орон сууц олгож амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн өргөдлөө өгсөн ч болж л өгвөл яамандаа ирсэн аливаа тендерийн мөнгөтэй орооцолдож, дуртай газраа орон сууц бариулах нэрээр баахан будлиан хутгачихаад гэм зэмгүйхэн зайлж оддог байсан тэдгээр эрхмүүд П.Хаянхярваа гуайд огтхон ч гараа тэнийлгээгүй нь гайхаж дуу алдмаар аа.

Өнөөдөр Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн үлдсэн насных нь ганц мөрөөдөл нь “Хөгшинтэйгөө хоёулаа хөл гараа дураар нь жийгээд унтаж амрах хоёрхон өрөө байртай болж, төгөлдөр хуураа эгшиглүүлж суугаад нүд анихсан” гэдэг л байдаг ажээ. Гэвч түүний энэхүү мөрөөдөл нь бүлэглэн хулгайлж, ард иргэдээ мөлжин тонохоос өөрийг мэддэггүй, мэдлэг оюун нь хээл хахууль, хулгай луйвраар бужигналдаж байдаг өнөөдрийн эрх баригчид, Монголын улстөрч нэртэй луйварчдад огтхон ч хүртээлгүй байсаар өдөр хоногийн олныг ар араас нь урсгасаар явнам. Насныхаа эцэст үр ач нартайгаа багтаж шингэхгүй умгархан өрөөнд хөгшинтэйгөө хоёулаа чихэлдэн амьдарч байгаа Ардын жүжигчин П.Хаянхярваа гуай ямар сайндаа “Удахгүй хадан гэртээ очих миний сүүлчийн энэхүү мөрөөдөл биелэхгүй байсаар нэг л өдөр нартыг орхих нь бололтой. Мөн ч хэцүү юм даа” хэмээн үгээ хэлж сууна.

Монголын ард түмнийг аялгуу сайхан 1000 гаруй дуу, марш, хөгжмийн бүтээлүүдээрээ чих сонорыг нь мялаасаар ирсэн Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн нартаас буцахын өмнөх сүүлчийн хүсэл, мөрөөдөл нь “Хоёрхон өрөө байртай болж, амар тайван амьдраад буцахсан” гэсэн даанч багахан зүйл байхад өнөөдрийн эрх баригчид, улстөрч нэртэй дээрэмчид доод тал нь гурав дөрвөн байртай, дээдчүүл нь 2-3 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг харшид тарвалзан амьдарцгааж байгаа нь яасан ч тэнцвэргүй, шударга бус хулгай луйвар, бүлэглэн хулгайлагч нийгэмд Монголчууд амьдарч байгаагийн яруу тодорхой нотолгоо мөн буюу.

Энд 2017 оны нэгэн судалгааг танилцуулахад Монголын зэвсэгт хүчний хэмжээнд орон сууц хүссэн хүмүүсийн тоо 3000-4000 байсан юм билээ. Тэгвэл 10-аад жилийн өмнө 5000 орчим офицер, ахлагч орон сууц хүссэн өргөдөлөө яам, командалдаа гаргаж байж. Яагаад энэ тоо төдийлөн буурахгүй байгаа нь ойлгомжтой. Орон сууцны олон төсөл, хөтөлбөрийг үе үеийн сайд нар нь хэрэгжүүлсэн нэртэйгээр олон ч цэргийн ангийн эзэмшил газарт баахан барилга бариулаад эцэст нь тал талаас нь бүлэглэн дайрч, хувааж авцгаасан баримт байдаг. Тухайлбал  Батлан хамгаалахын зарим сайд жигтэйхэн арга мэх зохион  “Офицер, ахлагч нараа орон байраар хангаж, нийгмийнх нь  асуудлыг  шийдвэрлэнэ” гэсэн даржин амлалтаа биелүүлэхийн тулд нэлээн олон цэргийн ангийн байршлаас “Хулгайлан хумсалсан” түүхтэй.

Харамсалтай нь Батлан хамгаалах яамны  сайдаар томилогдож байсан МАН, АН-ын хэдхэн улстөрч, тэднийг дагаж явдаг хэд гурван хурандаа, дарга нар л халаасаа түнтийлгэж, бага, дунд тушаалын офицер, ахлагч нар тоотой хэдхэн хогшлоо ачин, эхнэр, хүүхдээ дагуулан хотыг тойрон нүүсээр өнөөдөртэй золгосон нь гашуун үнэн билээ. Ер нь шулуухан гашуун үнэнийг хэлэхэд  Батлан хамгаалахын сайдаар сүүлийн жилүүдэд томилогдсон хүмүүсийг хөрөнгө мөнгөний асуудал сүүдэр мэт дагасаар ирсэн нь гарцаагүй үнэн юм.

Хамгийн сүүлд Батлан хамгаалахын сайд болсон УИХ-ын гишүүн Н.Энхболд “Цэргийн орон сууц” хөтөлбөрийг 2017-2020 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснөө зарлаж л байсан санагдана. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт ажиллаж буй алба хаагчдын 2017 онд амьдарч байсан орон сууцнуудад судалгаа хийхэд хувийн эзэмшлийн орон сууцанд 17.1, анги, байгууллагын албан тушаалын орон сууцанд 17.7, галлагаатай хувийн байшинд 42.9, хөлсний байранд 13.3, хажуу өрөө хөлслөх, айлын хашаанд гэр барьж суугаа алба хаагч 8.9 хувийг эзэлж байсан нь нийт бие бүрэлдэхүүний 65.2 хувь нь төвлөрсөн халаалттай орон сууцаар хангагдаагүй гэж дүгнэхэд хүргэсэн байдаг.

2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар тус салбарт ажиллаж байсан 788 алба хаагч орон сууцаар хангуулах, эсвэл түүнд нэмэрлэх мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн байсан. Мөн цэргийн тэтгэвэр, чөлөөндөө гарсан 853 хүн дээрх байдлаар хүсэлт гаргасан зэргийг үндэслээд Н.Энхболд сайд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилсан гэх юм билээ.

Өнөөдрийн сайд Н.Энхболд хэрвээ дээрх хөтөлбөрөө үнэн шударгаар хэрэгжүүлж дөнгөвөл Армийн гуравхан Ардын жүжигчний нэг, өнөөдөр 80 насны босгыг хэдийнэ алхчихаад байгаа, 1000 гаруй дуу, хөгжмийн аялгууг зохиосон П.Хаянхярваа гуайд хоёрхон өрөө байр олгож, үлдэж байгаа цөөхөн насыг нь мялааж “Буянаа дэлгэрүүлдэг” арга чарга байдаг юм болов уу, аль эсвэл огт байхгүй ч юм болов уу даа.

Түүнээс гадна Баянхонгор нутгийн сүлд дуу шахам болсон “Хонгор нутаг” дууны зохиогч Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайн 80 насны өндөрлөг, хийж бүтээснийх нь гавъяаг үнэлээд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал гэгч эрхэм “Хонгор нутгийнхан”-аа уриалан дуудаад энэ гавъяатай буурлыг хоёрхон өрөө байраар шагнаж буян болчихдоггүй л юм байх даа.

Тэртэй тэргүй Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал та Ц.Баярмаа захиралтай “Жамп” гэх компанид Жаргалант сумын 3-р багийн “Мандлын бөөрөг” хэмээх газарт 172 га талбай бүхий алтны шороон ордыг эзэмших зөвшөөрөл олгож, Байдрагийн голыг улаанаар нь эргэлдүүлж байгаа багагүй нүгэлтэй л нэгэн шүү дээ. Харин тэрхүү нүглээ “Хонгор нутаг”-ын сүлд дуулал болсон “Хонгор нутаг” дууны эзэн Ардын жүжигчин П.Хаянхярваа гуайг хоёрхон өрөө байраар шагнаж цайруулж болохгүй юу. Тэгвэл мөн ч том буян болохсон билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Гэрэлмаа

      (124.67.18.17) 2018-10-04 07:12
      • 0
      • 0

      Сайхан буурлыг баярлуулах байгаа.Итгэж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.84) 2018-10-03 19:44
      • 0
      • 0

      Хэцүү ч юмаа даа. Бүх алдрыг хүртчихээд амьдралын баталгаа байхгүй. Ийм байхад тэр төмрөөр ч яалаа. Оронд нь байр мөнгө өгдөг болмоор юм.

      Хариулах

    • Зочин

      (182.160.34.191) 2018-10-03 16:53
      • 0
      • 1

      Чухал сэдэв хөнджээ. Үнээн үнэн.

      Хариулах