Үгийн жин бан

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Би зав чөлөөтэй үедээ Дэн Сяо Пингийн намтрыг сөхөж харах дуртай. Улс төрийн хүнд хүчир өрсөлдөөн дунд гурван ч удаа унаж босож байсан түүхийг нь та бүхэн мэдэх байх аа. Хамгийн сүүлд 68 настайдаа Зянсу мужид цусны даралттай эхнэр, өндөр настай хойд эхийнхээ хамтаар цөлөгдчихөөд юу бодож байсан бол? Мөртлөө өдөр болгон орон нутгийн нэгэн жижиг үйлдвэрт слесарийн ажил хийгээд орой гэртээ эргэж ирээд өвчтэй хоёр хөгшнийг асарч тойлно. Хятад хүний зан юм болсон хойно хашаандаа тарьсан жаахан ногоо цагаагаа услаж бордчихоод нааш цааш хашаагаа 20 удаа тойрон алхдаг байсан гэдэг. Тэгээд шөнийн хоёр цаг хүртэл түүх, улс төрийн ном уншиж байгаад өглөө босоод ажилдаа явдаг байжээ. Иймэрхүү амьдрал 3 жилийн турш үргэлжилсэн аж. Том хүү Дэн Пү Фанг нь улаан хамгаалагчид Бээжингийн их сургуулийн дөрвөн давхрын цонхоор шидээд бөгсөн бие нь мэдээгүй болчихоод эмнэлэгт хүний гарт орчихсон. Дэргэдээ авч асарч сувилъя гэхээр зөвшөөрдөггүй байжээ. Бусад гурван охин нь бүгдээрээ алс хол хөдөө нутагт цөлөгдөөд эцэг эх дээрээ ирэх эрхгүй. 

Дэн Сяопин в молодости

Тэгж тэгж хоёр жилийн дараа отгон охин Мао Мао нь Шаньсигаас аав дээрээ очих зөвшөөрөл аваад уулзах агшиндаа хичнээн их сэтгэл шимшрэм дүр зураг үүсэж байсныг "Миний эцэг Дэн Сяо Пин" номондоо нүдэнд харагдтал дүрслэн үзүүлсэн байдаг даа. Ээж нь охиныхоо хамаг хувцсыг бөөснөөс нь салгах гээд угаатал дийлдэхгүй болохоор хоёр цагийн турш чанаж хатаагаад хүн өмсөх боломжтой болгожээ. Хоёр цаг чанасан ноосон цамц ямар олиг байх билээ дадийсан юм өмсчихөөд аав ээжтэйгээ авахуулсан зургийг уг номондоо оруулсан байдаг.

Тийм хатуу хүтүү хар бор амьдрал л жинхэнэ улс төрчийг ирлэж хурцладаг байж таарна. Тэр хэрээр хэлсэн үг нь оновчтой, цэгцтэй, жинтэй байдаг болов уу? Дэн Сяо Пин 90 насны босгыг давах шахсан үедээ тухайн үеийн ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Горбачевтай уулзахдаа 200 орчим үг л хэлсэн юм гэдэг шүү. Тэр нь хүйтэн дайны үеийг цэглэхэд хичнээн жинтэй хувь нэмэр оруулсныг бид бүхэн мэднэ.

Михаил Горбачев и Дэн Сяопин

Ер нь дэлхийн суутнуудын тухай уншиж байхад хэлж ярьсан үг нь маш товч тодорхой байдгийг ажиглаж мэдэхэд төвөггүй. Дэн Сяо Пингийн тухайд гэхэд "Муур хар цагаан байх хамаагүй. Хулгана барьж чаддаг бол сайн муур бус уу?" гэдэг үгийн цаана ард түмнийг амар жаргалтай амьдруулж байвал ямар тогтолцоо байх хамаа байна уу даа гэсэн утгаар уншигддаг. Тэр санаа зорилгодоо ч хүрч чадсан нь бахархалтай. "Чулуу тэмтэрч усыг гатла" хэмээх алдарт үгээ өөрчлөлт шинэчлэлтийн эхэнд хэлжээ. Хятад хэмээх том тэрэг голын лаг шаварт нэг л суучихвал гаргахад төвөгтэй. Тийм болохоор хайрга чулуутай хэсгийг бараадаж голыг гатлана шүү гэсэн санаа. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засагт маш болгоомжтой шилжих хэрэгтэй гэсэн үг юм л даа. "Хөгжил бол хатуу ёсон болой" хэмээн Дэн Сяо Пингийн хэлсэн өөр нэг алдартай үгийг Хятадын нийслэлд зурагтай нь хамт том самбарт байрлуулсаныг харж болно. Түүний цаад утгыг та бүхэн ойлгож байна уу? Хэдэн төгрөгтэй, унах унаатай болоод өндөр сайхан барилга сүндэрлүүлэх бол хөгжлийн хэмжүүр биш. Арай өөр юманд буюу хүний хөгжилд байх учиртай. Гэхдээ түүнд хүрэх арга зам амаргүй гэдгийг хэлээд байгаа хэрэг.

Дэн Сяопин в макете лунохода

Үгийн жин бангийн талаарх жижиг бичлэгийг үүгээр өндөрлөсү.

Д.Болдбаатар, Гэгээ сургалтын төв

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.