Хорт хавдрыг эмчлэх арга замыг нээсэн хоёр эрдэмтэн энэ жилийн Нобелийн шагналын эзнээр тодорлоо

Twitter Print
2018 оны 10-р сар 03-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

2018 оны Анагаах ухаан физиологийн салбарын Нобелийн шагналын эздээр АНУ-ын эрдэмтэн Жэймс Эллисон (James P. Allison), Японы эрдэмтэн Тасуку Хонзо (Tasuku Honjo) нар шалгарлаа. Тэд дархлааны тогтолцоог дэмжих замаар хорт хавдрыг эмчлэх арга замыг нээсэн тул энэ жилийн Нобелийн шагналыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл дархлааны тогтолцоог дэмжих сайжруулах нь хорт хавдартай тэмцэх шинэ арга зам болж байгааг тэд олж нээсэн ажээ. Ер нь хорт хавдар өвчин ховор тохиолдолд өөрөө эдгэдгийг шинжлэх ухаан эртнээс олж ажиглаж тогтоосон байдаг. Жишээ нь 100 мянган хүнд 1 удаа маш хэцүү эмчилгээ авахааргүй хорт хавдар өөрөө эдгэрэх тохиолдол байдаг. Маш өндөр хоруу чанартай хавдрын үед ч ийм тохиолдол гарч тэмдэглэгдэж үлдсэн байдаг.

Дээрх хоёр эрдэмтдийн хувьд үүнийг шинжлэх ухааны судлаж арга механизмыг нь нээсэн байна. Дархлааны тогтолцооны Т лимфоцит эсүүд нь өвчтэй хавдрын эсийг таньж ялгаж "сурах нь" тун чухал байдаг. Ихэнх тохиолдолд хавдрын эсүүд нь хүний биеийн эрүүл эсүүдтэй тун адилхан учраас Т лимфоцитүүд идэвхжиж чаддаггүй байна. Т лимфоцит эсийн CTLA4 рецептор (Жэймс Эллисон энэ механизмыг судласан) ба PD-1 рецептор (Тасуку Хонзо энэ механизмыг судласан) идэвхэжсэнээр хавдарын эсийг таних бололцоогүй болдог байна.

Иймээс бидний дархлааны тогтолцоо хавдрыг танихгүй, устгах чадваргүй болдог ажээ. Зарим өвчтөнд бактерийн гаралтай халдварт өвчний үед дархлааны тогтолцоо сэргэж ажилласнаар бусад дархлааны үйл ажиллагаа нь сэргэж хавдрын эсрэг идэвхжсэн нь батлагдсан байна. Иймээс дээрх нээлтийн ачаар эмч нар хавдрын эсрэг дархлаа сэргээх ( дархлааны тогтолцоог дэмжих) эмчилгээг тун зөв нарийвчилалтай хийх бололцоотой болж байгаа юм. Тухайлбал CTLA4 болон PD-1 рецепторыг дарангуйлдаг эмүүдийг хэрэглэснээр арьсны болон уушигны зарим төрлийн хавдрыг өндөр үр дүнтэй эмчлэх боломжтой болж байгаа юм.

Мөн сүүлийн жилүүдэд дархлааны тогтолцоог идэвхжүүлэх замаар хорт хавдарын эсрэг үйлчилдэг эм гаргаж авахаар дэлхийн эмийн томоохон компаниуд судалгаа хийж их хөрөнгө зарцуулж байгаа нь хорт хавдарын өвчлөл бүрэн эмчлэгдэх цаг үеийг ойртуулж байна. 2016 онд Анагаах ухааны салбарт Нобелийн шагналын хүртсэн Японы эрдэмтэн Ёошинори Охсуми (Yoshinori Ohsumi)-ийн аутофагийн үүргийг нээсэн ажил нь мөн дээрх шагнал авсан эрдэмтдийн нээлттэй холбогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх нээлтүүдээс харахад аливаа хүн ажил амьдралын зөв дэглэмийг баримтлаж, дархлааны тогтолцоогоо дэмжиж байвал аливаа хүнд өвчнөөр өвдөхгүй, өвдсөн ч эдгэх магадлал өндөр байдаг шинжлэх ухаанаар батлагдаж байна.

С.Цэрэндэмбэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.