Аварга Таканоханагийн дэвжээг татан буулгаж, бөхчүүдийг өөр дэвжээнд шилжүүлжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 02-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Японы сүмогийн холбоо 2018 оны 10-р сарын 1-ний өдөр яаралтай ээжит бус хуралдаан зарлаж Таканохана ояакатагийн ажлаа өгөх өргөдөлтэй холбоотой асуудлаар хуралдлаа. 

Түүний аав 1982 онд анх үүсгэн байгуулсан тус дэвжээ өдгөөг хүртэл амжилт ялалтаар дүүрэн байсан хэдий ч жилийн өмнөөс Харүмафүжи сангийн асуудлаас болж сумогийн холбоотой үл ойлголцох байдал улам ихсэж, цаашид хамтарч ажиллахад нэн хүндрэлтэй учир ийм шийдвэр гаргасан байж магадгүй хэмээн сэтгүүлчид таамаглаж байна.

2018 оны 1-р сард болсон Сумогийн холбооны захирлуудын сонгуульд ялагдаж, 3-р сард болсон хаврын барилдааны үеэр макүштад барилдаж байсан уг дэвжээний бөх Накаёши зодооны хэрэгт холбогдож цаашид ажиллахад Таканохана ояакатад хүнд байсан байж болох юм.

Мөн Сүмогийн холбооноос гаргасан санал асуулгаар эхний 3-т багтаж байсан Таканохана 88-р байрт жагсаж, таван эрэмбээр буурсан нь ийм шийдэлд хүргэсэн байх.

Ингээд Сүмогийн холбоо харамсаж байгаагаа илэрхийлээд Такано ояакатагийн дэвжээний нийт бөхчүүдийг Чигано Үра дэвжээнд шилжүүлэх шийдвэрээ танилцууллаа.

Ийнхүү сүмогийн ертөнцөд дээд зиндаанд 22 удаа, макүштад 2 удаа түрүүлж байсан аварга Таканохана болон түүний дэвжээ татан буугдлаа.

Жич: Эзэн хааны цомыг 22 удаа хүртэж байсан Таканохана 1990-ээд оны дундуур ах Ваканоханагийн хамт алдаршиж эхлэхэд “Вака-Такагийн халуурал” гэж хэвлэлүүдийн нэрлэсэн үзэгдэл нийгэмд өрнөж байв.

 

1991 оны тавдугаар сард тухайн үед Такаханада нэртэй байсан 18 настай Таканохана их аварга Чиёнофүжиг ялж, дуулиан тарьсан юм. Энэ ялагдлынхаа дараахан Чиёнофүжи зодог тайлсан гэдэг. Үүний дараа ах дүү хоёр ёкозуна цолонд хүрч, 1970-аад оны үед озеки цол хүртэл барилдсан аавынхаа амжилтыг ахиулсан юм.

Тэдний аав мөн Таканохана нэрээр барилддаг байсан ба ид оргил үедээ “Сүмогийн ханхүү” хэмээн өргөмжлөгддөг байв. Сонирхолтой нь нэгдүгээр Таканохана тухайн үед ид мандаж байсан залуу Чиёнофүжид дараалан ялагдсанаар зодог тайлж байжээ.

Хожим хоёрдугаар Таканохана Чиёнофүжиг зодог тайлахад хүргэсэн түүхтэй. 

Эцэг Таканохана бас ахтай байсан ба түүнийг нь мөн Ваканохана гэж нэрлэдэг байв. Ёкозуна цолтой байсан нэгдүгээр Ваканохана нь сүмогийн ертөнц дэхь Ханадагийн вант улсын суурийг тавигч юм.

Тэрээр харьцангуй жижиг биетэй ч уран барилдаантай, хэнийг ч айлгадаг нэгэн байсан тул “Дэвжээний чөтгөр” гэж нэрлэдэг байжээ.

Зодог тайлсныхаа дараа ахмад Ваканохана Сүмогийн Холбооны ерөнхийлөгч болж, 1992 онд 19 настай, залуу Таканоханаг анх удаа түрүүлэхэд эзэн хааны цомыг гардуулан өгч байсан түүхтэй.

Н.Базарсүрэн, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.