Гүнжийг өтлүүлж, баатар эрийг залуужуулсан Цагаан уул цэцэг

Twitter Print
2018 оны 10-р сар 07-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Домогт өгүүлснээр, өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл зун гэсэн хоёрхон улирал ээлжлэн ирдэг байсан цаг үест нэгэн хаан хатан хоёр үзэсгэлэнт сайхан гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнжийг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учир бүгдэд нь татгалзжээ. Эцэст нь гүнж “надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ.

Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайж нар мордоцгоож гэнэ. Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очиход их л бартаа саадтай аж. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд буцаж ирсэн боловч өнөөх гүнж нь хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байна гэнэ. Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олжээ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хийморьтой явна хэмээн домоглох болжээ.

Цагаан уул цэцэг дэлхийд 40 гаруй зүйл байдаг гэх агаад англи нэршил нь Edelweiss. Олон улсын нэршил нь Leonpodion буюу “Арслангийн алга” хэмээх утгатай грек үг. Монгол оронд Сибирийн ангилалд багтах дөрвөн зүйл бий. Монголчууд эртнээс нааш “цагаан түрүү”, “уул өвс”, “ул өвс”, “суйх” гэх мэтээр нэрлэж ирсэн. Бусад цэцгийн адил цэцэглэж, намар нь хатаж ганддаг ч жилийн 4 улирлын турш нэг л өнгөөрөө байх учраас “үхэлгүй мөнхийн бэлгэдэл Цагаан уул” хэмээнэ.

Цусны даралтыг бууруулах зорилгоор дэр хийж дэрлэх, гутлын дотор дэвсэж өмсөх нь бий. Мөн гаднах үсэрхэг хөвөнгөөр гал асаадаг байсан, “могой яр” хэмээх тууралтанд хөвөнг нь цахиж хүхэр үнэртүүлэн эдгээдэг домтой гэлцдэг.

Цагаан уул цэцгийг Болгар, Швейцарь гэх мэт 16 оронд хуулиар хамгаалахаас гадна Франц, Германд “үнэнч хайрын бэлгэдэл” болгон эрхэмлэдэг. Альпын нурууны Цагаан уул маш өндөрт, хад асга дунд ганц нэгээрээ ургадаг тул хүмүүс олж харах нь ховор ажээ. Тийм учраас Европын орнуудад баатарлаг эрчүүд хайртай бүсгүйдээ энэ цэцгийг олж бэлэглэхийг хүсдэг байсан тухай домог түүх цөөнгүй бий.

Хэнтий, Хангал нуураас Хар зүрхний Хөх нуур орох замд битүү ургасан Цагаан уул цэцэгстэй тааралдсан тул уг домгийг өгүүлэвэй. Домогт өгүүлснээр та бүхний аз хийморь үргэлж бадрах болтугай!

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.