Б.Төрболд: Байдрагийн гол, нутаг усныхаа төлөө тэмцсээр л байх болно...

Twitter Print
2018 оны 10-р сар 02-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын хуульч Б.Төрболдтой уулзаж ярилцлаа. Тэрээр өчигдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд болсон Хэвлэлийн бага хуралд оролцоод гарч явахад нь таарч энэхүү ярилцлагыг авсан юм.

Ямар ч монгол хүн хонгор нутгийг зорихдоо Байдрагийн голын гүүрэн дээр юмуу, гүүрнээс арай дээхнүүр, доохнуур зогсож Байдрагийн голын тунгалаг уснаас амсаж, харгиа татуулан урсах урсгал юуг нь сонсож сэтгэлээ сэргээдэг билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү сайхан тунгалаг уст Байдрагийн голыг “Жамп”, “Оргил Моунт”, “Агь хаарвист” гэгдэх уул уурхайн компаниуд хууль бус үйл ажиллагаагаараа ихээхэн бохиртуулж, урсгал нь улаанаараа эргэлдсээр байгаа юм. Энэ талаар Байдрагийн голын хөвөөнд хурга ишгээ хариулан, уурга унан тоглож өссөн хуульч Б.Төрболд ямархуу бодолтой явааг нь сонирхон ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа өөрийн тань төрсөн нутаг ус, төгссөн сургууль соёлын талаарх асуултаар эхлэх үү?

-Тэгье, тэгье. Би Баянхонгор аймгийн унаган хүүхдүүдийн л нэгэн. Жирийн нэгэн малчин удамтай, багадаа Байдрагийнхаа голын хөвөөнд уурга унан хурга ишгээ хариулж, аав ээжийнхээ нөмөр нөөлөгт өсөж торнисон л нэгэн дээ. За тэгээд нутагтаа дунд сургуулиа төгсөөд 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажилласаар өнөөдөртэй золгоод байна.

-“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын зүгээс зарлан хийсэн Хэвлэлийн бага хурал дээр яригдсанаар асуудлууд нэлээн ноцтой болж байгаа юм байна. Ер нь энэ асуудал нутаг орон, ус голоо өмгөөлөн хамгаалсан хүмүүсийн талд шийдэгдэж байна уу, эрх мэдэлтэй, шунахай этгээдүүдийн талд шийдэгдээд явна уу. Энэ талаар?

-Тийм ээ, Байдрагийн голын асуудал өнөөдрийн байдлаар нэлээн ноцтой үр дагавартай болж, нутаг орон, ус голоо өмгөөлөн хамгаалсан хүмүүсийн тэмцэл төдийлөн амжилтанд хүрэхгүй, дарагдсаар байгааг нуугаад яах вэ. Бид нэлээн дээр анхныхаа Хэвлэлийн хурлыг хийх үеэрээ л “Байдрагийн гол улаанаар урсаж байна” гэдгийг хэлж эхэлсэн. Тухайн үеэсээ л Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтыг газар гээд эрх мэдэл бүхий байгууллагуудад нь хандаад л явсны хүчинд тэдний зүгээс багагүй ажил хийсэн гэж үзэж байгаа. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоёр ч удаа шалгалтын баг газар дээр нь очиж, дээрх компаниудын хууль бус үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан юм. Харамсалтай нь тэдэнд Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэггүй бололтой юм. Мөдхөн л буцаад ажиллачихаад болж өгөхгүй байна. Гурав дахь удаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шалгалт явахаар нь бид гуйж байгаад өөрийнхөө сумаар оруулж, байдлыг газар дээр нь танилцуулсан. Өнгөрсөн есдүгээр сарын дундуур явагдсан энэ шалгалтын дүн удахгүй тодорхой болох байх. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны асуудал эрхэлсэн зөвлөх Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнд ихээхэн найдлага тавин хүлээж байна. Одоо асуудлын гол нь “Жамп” компани ил цагаан өдрөөр алт ухаад байгаа бол тэдний туслан гүйцэтгэгч “Агь хаарвист” компани нь шөнө дөлөөр хулгайгаар ажиллаж, алт ухаад байгаа юм. Хэдийгээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Анхан шатны шүүхийн шийдвэр удаа дараа гарчихаад байхад “Жамп” компани алт ухсаар байгаа нь Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгичиж, тэдний энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор аймгийн Цагдаагийн газар ч олигтой ажиллахгүй байгаагийн хамгийн тодорхой нотолгоо болж байгаа юм.

Ер нь Баянхонгор аймгийн Цагдаа, прокурорын байгууллагууд энэ ноцтой асуудалд олигтой хязгаарлалт тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох талаар шийдвэртэй ажиллахгүй байгаа гэж хэлж болно. Одоо бид Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга хурандаа С.Баатаржав нарт албан шаардлага, бичиг хүргүүлж тэдэнд л найдах үлдэж байна. Бидний зүгээс “Монгол Улсад энэ улсын хууль цаазаас хамааралгүй Баянхонгор гэж улс байдаггүй юм шүү. Монгол Улсын хууль шүүх Баянхонгороос айхгүй гэдгийг л нотлон харуулахыг нь харах үлдэж байна. Та бүхэн ч түүнийгээ нотлон харуулаач ээ” гэж л хүсч байгаа юм.

Манай Баянхонгор аймагт “Уул уурхайн нөхөн сэргээлт” нэрийн дор 30 гаруй компани хаа сайгүй газрыг сэндийлэн ухаж, алт олборлох нэрийн дор нутаг орныг маань сүйдлээд дуусгаж байна. Байдрагийн голыг улаанаар нь эргэлдүүлж, гол дотор алт угаасан усан буугаараа буудаж байгаа нь Монгол Улсын хууль дүрэм, ёс журмыг дэндүү дорд үзэж, уландаа гишгичиж байгаагийн нотолгоо мөн. Энэ 2018 оны тухайд Монгол Улсын бүх л нутаг дэвсгэр бороо хур ихтэй, зуншлага сайхан байсан ч Байдрагийн гол маань дэндүү бохиртож, улаанаараа эргэлдэн урсаж байгаа нь үнэхээр сэтгэл өвдөхгүй, зовохгүй байхын аргагүй болгож байна.

Өмнө нь ч ийм гамшиг тохиолдож л байсан. Одоо удахгүй Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр энэ 10-р сарын дундуур гарах байх. Ямар ч гэсэн тэрхүү хурлаар ихээхэн асуудал шийдэгдэх болов уу. Энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүх Байдрагийн голоо хамгаалсан ард иргэдийнхээ талд шийдвэрлээсэй гэж ихээхэн найдан хүлээж байна. Одоогоор Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нар нь дээрх компаниудтай үгсэн хуйвалдаж, магадгүй ихээхэн хэмжээний мөнгө төгрөгний асуудалдтай орооцолдсон байж ч болзошгүй гэдгийг Захиргааны хэргийн шүүх тодорхойлох болов уу гэж л хүлээж байна даа.

-Тэдгээр компаниудын газар эзэмших зөвшөөрлийн хугацаа нь дууссан, нөхөн сэргээлт нэрийн дор алт ухаж болохгүй гэсэн шийдвэрүүд гарчихаад байхад ч үргэлжлэн ажиллаад байгаа нь чухам дээрх эрх мэдэлтнүүдийн урт гартай холбоотой юу?

-Мэдээж энэ асуудлыг аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр л нотлох, баримтжуулах ёстой гэж бодож байна. Ямар ч гэсэн Монгол Улсын хууль дүрэм, ёс журам Байдрагийн голыг улаанаар нь эргэлдүүлж байгаа “Жамп”, “Оргил Моунт”, “Агь хаарвист” компаниудад хатуухан л үйлчлэх ёстой гэж бодож байна даа. Энд бас нэгэн баримтыг дурдахад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны Шүүхийн шүүгч Ч.Батчимэгийн 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр гаргасан 181/Ш32018/08697 дугаартай Захирамжаар "Ц.Баярмаа захиралтай "Жамп" компани нь алт олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох, Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 32.305.930.705 буюу /32 тэрбум. 305 сая/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай" нэхэмжлэлд Иргэний хэрэг үүсгэж, "Энэ захирамжид холбогдогч этгээд нь гомдол гаргах эрхгүй" болохыг ч дурдсан билээ. Гэтэл хариуцагч "Жамп" компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны Шүүхийн шүүгч Ч.Батчимэгийн дээрх захирамжинд өнөөдрийг болтол ямар нэгэн хариу бариагүй л бултсаар яваа болно. 

-Байдрагийн голоор хүн малгүй ундаалдаг Жаргалант, Заг, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан сумдын Засаг дарга нар болон Тамгын газар нь та бүхний ажилд аль хэр тус дэм үзүүлж байгаа бол?

-Дээрх компаниудын удирдлагууд эдгээр сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулж, гарын үсгээр нь баталгаажсан болохоор бидний ажилд тус нэмэр болохоосоо илүүтэй битүүхэн эсэргүүцэж, гай болж байгаа нь л илүүтэй гэж хэлж болно. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс “Энэ хууль бус үйл ажиллагаагаа даруйхан зогсоо” гэж бичиг цаас өгсөөр байхад л тоохгүй алтаа ухаж, Байдрагийн голыг бохиртуулсаар л байна. Бидэнд тус болж байгаа хүн гэвэл Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар л байна. Эдгээр хүмүүс бүх л бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр бид Зөрчлийн тухай хуульд хамрагдаж, асуугдан шалгагдчихалгүй шиг өнөөдөртэй золгоод явж байна. Байдрагийн гол улаанаараа эргэлдэн урсаж байгааг маш тодорхой дүрсжүүлэн зургийг нь авсан хүн нь Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч шүү дээ. Тийм болохоор бүх зүйл хууль журмынхаа дагуу шударгаар л явж байгаа гэж хэлж болно. Гол нь бүх шатны сонгуулиар гарч ирдэг сумдын Засаг дарга нар болон ИТХ гэгч байгууллага, хувь хүмүүс болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар л бидний ажилд хамгийн их төвөг удаж, асуудлыг удаашруулж байгаа юм. Гэхдээ эдгээр хүмүүс нэг их удахгүй Монгол Улсын хууль дүрмийн өмнө толгой бөхийлгөх байлгүй дээ. Харамсалтай нь тэр болтол гол бохирддогоороо бохирдож, үүний цаана хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учирсаар байна. Одоо нүдэнд үзэгдэхгүй ч энэ хохирол алсаараа маш их хохиролтой гэдгийг нутгийн удирдлага, иргэд бүгд мэдэж байх ёстой. Алтыг мөнгөн усаар угаадаг, түүгээр угаасан усаа Байдрагийн голд цутгаж байгаа. Гэтэл мөнгөн ус бол хүн амьтны биеийг хордуулж үхэлд ч хүргэх аюултай химийн бодис гэдэг нь тогтоогдчихсон шүү дээ. 

-Өөрөө МИУС-ын Хууль зүйн сургуулийг төгссөнөөсөө хойш энэ төрлийн ажлаар л дагнаж ирсэн үү?

-Миний хувьд Хууль зүйн компани болон уул уурхайн томоохон компаниудад хууль зүйн чиглэлээр ажиллаж ирсэн. Ерөнхийдөө хуульч мэргэжлийг эзэмшсэний хувьд миний шилбүүр унаж өссөн нутаг, усыг баахан нинжа нар орж ирээд сүйтгэж байгааг хараад зүгээр сууж үнэхээр тэвчихгүй болоод л энэ ажилд эргэлт буцалтгүй оролцсоор ирлээ. Хойшид ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг харж байгаад эдгээр этгээдүүдтэй шийдвэртэй тэмцсээр л байх болно.

-Хойшдын чинь тэмцэлд их амжилт хүсье?

Танд ч гэсэн баярлалаа. Залуу хүний хувьд ямар ч бэрхшээл, айлган сүрдүүлэлтээс ухрахгүй, няцахгүй нутаг усныхаа төлөө тэмцсээр л байх болно доо.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.