Улаанаар эргэлдсэн Байдрагийн гол хөөрхий...

Twitter Print
2018 оны 10-р сар 01-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн элгэн дээр, агуу их эзэн Чингис хааныхаа үр ач, хойд үе нь болж үлдэцгээсэн гаравхан сая гаруй хөх толбот Монголчууд бид их найрагч Д.Нацагдоржийн хойч үеийн бид бүхэнд зориулан магтан дуулсан

"Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд

Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд

Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд

Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон"-доо саяхныг болтол уужим саруул нутаг ус, урсгал тунгалаг гол мөрнүүдээрээ идээшиж, ундаалан жаргалтайн дэлгэр амьдарцгааж ирсэн түүхтэй билээ. Гэтэл 1990 оны Цагаан морин жил оволзсон ардчилсан хувьсгалын удирдагч хэмээгдэгч, саяхны Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар цолоор энгэрээ цоолсон ч өнөөдөр хаа яваа, юу хийж байгаа нь ч тодорхойгүй болсон Ардчилсан хувьсгалын “Ганц баатар” Э.Бат-Үүл болон Ардчилсан хувьсгалын бусад лидерүүдийн Монголын ард түмэнд барьсан гамшигтай бэлгийн балгаар өнөөдөр “Урсах тунгалаг голгүй, уух цэвэр усгүй болж” Монголын ард түмний 80 хувь нь ёстой л ХХI зууны “Модоо барьсан гуйлгачингууд” болчихоод байгаа гашуун үнэнийг амь нас, амьдралаараа нотлон амьдарсан болцгоож явнам.

Өнөөдөр малчин олон монголчууд уух тунгалаг усгүй, адуу мал нь ангаж цангахын гамшигаар уул уурхайн олон компаниудын ухан сэндийлж, улаанаар нь эргүүлсэн олон гол горхины бохиртож булингартсан усаар ундаалж буй гамшигийн нэгэн нотолгоо нь Баянхонгор аймгийн Жаргалант сумаас эх авч, Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан зэрэг сумдын нутгаар 300 гаруй км урсаад Баацагаан сумын Бөөнцагаан нуурт цутгадаг Байдрагийн гол болоод байгаа билээ.

Манай сайт урьд нь ч өнөөдрийн байдлаар улаанаараа эргэлдэж хүн, мал уухын аргагүй бохиртож мөдхөн урсгал нь тасалдаж ч магадгүй болоод байгаа Байдрагийн голын гашуун хувь заяаны талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, яг одоогоор сэтгэл муутуудын харгайгаар хордон бохиртож байгаа Байдрагийн голынхоо эмгэнэлтэй хувь заяаны талаар тодорхой мэдээлэл хийсэн юм.

Харсаар байтал нүдэн дээр нь уул уурхайн “Жамп”,” Оргил Моунт”, “Агь хаарвист” зэрэг ХХК-иуд дур зоргоороо авирлаж, Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмүүдийг уландаа гишгичиж байгаа өнөөдрийн бодит үнэн хийгээд Монгол Улсын хууль шүүх, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагуудын урагшгүй үйл ажиллагаанд сэтгэл ихэд дундуур яваагаа энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Жаргалант сумын малчин А.Энхтөр, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхдөлгөөн болон энэхүү ТББ-ын хуульч Б.Төрболд нар илэрхийлцгээсэн юм.

Тэдний мэдүүлж байгаагаар Байдрагийн гол руу алт угаасан усаа цутгаж, хамгийн их бохирдуулж байгаа уул уурхайн “Жамп” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газраас олгосон МV-005145 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ч тэрхүү тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийн хэмжээ дуусчихаад байхад л “Жамп” компанийн зүгээс туслан гүйцэтгэгч “Агь хаарвист” хэмээх ХХК-тай гэрээ байгуулж, нөхөн сэргээсэн талбайг нь ухаж, хуучин овоолгыг нь дахин угааж байгаа нь Байдрагийн голын өнөөдрийн бохирдлын гол үндэс болж байгааг баримт дэлгэн өгүүлсэн юм. Байдрагийн голыг туйлын ихээр бохирдуулж байгаа “Жамп” компанийн энэхүү даварсан үйлдэл нь тэдний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах гэрээ байгуулсан Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нарын нутаг орноо гэсэн сэтгэлгүй, хайхрамжгүй үйл ажиллагаатай нь ч холбоотой гэдгийг “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Энхтөрийн яриа таниулгаас тодорхой мэдрэгдэж байсныг хэлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар “Жамп” компанийн талбайд “Агь хаарвист” компани хууль бус алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас алт олборлолт хийхийг нь хориглосон шийдвэр нэгэнтээ гарчихсан “Жамп” ХХК нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуучлалын газруудаас нь зөвшөөрөл авсан гэсэн тайлбар тавьж, 020399 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд дур зоргоороо хууль бус алт олборлолт явуулах боломжийг олгоод байгаа  ажээ.

Ер нь Байдрагийн голыг ихээхэн бохиртуулж байгаа “Агт хаарвист” ХХК-ны үйл ажиллагааг товчхон дүгнэвэл тэд Бөөргийн гол дотор алт олборлож, түүнийгээ угаасан бохир ус /шлам/-ыг нь Бөөргийн гол руу шууд цутгаж байгаагаас болж тэрхүү бохиртсон ус нь Мандлын голоор дамжин Байдрагийн гол руу орж Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумын хүн, мал бохиртсон голынхоо усыг аргагүйн эрхэнд уух болж байгааг Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид маш тодорхой дурдсан юм. “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас өгсөн албан бичгийн дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоёр ч удаа шалгалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг ч мөн шалгалт хийгээд байгааг энэхүү ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Энхтөр мэдээлж, одоо зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Байдрагийн голыг аврахын төлөө хэрхэн тэмцэхийг Баянхонгор аймгийн нийт иргэд төдийгүй Байдрагийн голоос ундаалдаг дээрх таван сумын  иргэд ч хүлээн харуулдаж байгааг дурдсан юм.

Тэгээд ч Жаргалант сумын 3-р багийн нутаг, “Мандалын Тэгш”-д алт олборлолтын хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Оргил Моунт” ХХК-ний захирал Г.Чинтөмөрийн нэр дээрх нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр 181/Ш32018/03762 дугаартай Захирамж гаргаж, “Оргил Моунт” ХХК-ний Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт Хоёр тэрбум, 25 сая төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар болсон нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгааг ч баримт дэлгэн үзүүлсэн юм.  

Мөн түүнчлэн Жаргалант сумын 3-р багийн нутаг “Мандалын Бөөрөг”-т алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Агь хаарвист” ХХК-ний үйл ажиллагааг зогсоож, лац тавьсан боловч улсын байцаагчийн актыг зөрчиж, лацыг нь авч хаяаад хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байгааг ч дурдсан юм.  

Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 111/Ш32018/0166 дугаартай Захирамжаар Банхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нарын “Агь хаарвист” ХХК-тай 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Байгаль орчныг хамагаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул Захиргааны хэрэг үүсгэсэн гэдгийг ч дурдсан нь ихээхэн ноцтой хэрэг зөрчил үүсээд байгааг тодотгосон баримт юм.

Эцэст нь энэхүү Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Энхтөр, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхдөлгөөн, ТББ-ын хуульч Б.Төрболд нарын зүгээс  “Ажлын хэсэг томилон дээрх бүх зөрчлийг шалгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шалгалтын ажлаа үр дүнтэй болгож, дахин иймэрхүү зөрчил гаргуулахгүй байх талаар дорвитой арга хэмжээ авахыг хүсч албан бичиг хүргүүлж байгаа. Мэргэжлийн хяналт болон Байгаль орчны улсын байцаагч нарын зүгээс зөрчлийг нь тогтоож, үйл ажиллагааг нь зогсоосоор байхад "хуулийг гууль болгон" хүчээр ажилласаар л байгаа уул уурхайн компаниуд болон тэдний удирдлагууд, тэдгээрийг ажиллах нөхцөлөөр хангасаар л байгаа Баянхонгор аймгийн удирдлага болон албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж өгөхийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга хурандаа С.Баатаржав нараас хүсч, албан бичиг хүргүүлж байгаа”-гаа илэрхийлснээр Баянхонгорчуудыг ундаалсаар ирсэн, тунгалаг уст Байдрагийн голоо авран хамгаалах зорилготой Хэвлэлийн бага хурал өндөрлөсөн юм.  

Холбоотой мэдээлэл: 

-Урагшгүй дарга нарын хөлд Байдрагийн гол сүйдэж дуусах нь ээ... - http://mongolcom.mn/read/52157

-Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийхийг хориглосон байна шүү, Г.Батжаргал дарга аа - http://mongolcom.mn/read/51119

-Байдрагийн голын эхэнд нөхөн сэргээлт нэрээр хууль бус алт олборлолт хийсээр байна - http://mongolcom.mn/read/49600

-Байдрагийн голын сав дагуу хууль бус олборлолт хийсэн “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоолоо - http://mongolcom.mn/read/49451

-Ганцхан суманд Байдрагийн гол дагуу 25 уурхай үйл ажиллагаа явуулж байна - http://mongolcom.mn/read/49351

-Хуулийн дээр сандайлсан “Оргил моунт” санасандаа хүрчээ - http://mongolcom.mn/read/40823

-Д.Сайнбилэг: Баянхонгор аймгийн Засаг дарга орон нутгийн сонгуулийн өмнө бусармаг улс төр хийж байна -http://mongolcom.mn/read/40446

-Байдраг, Мандалын голыг багалзуурдах нууц төлөвлөгөө илрэв үү - http://mongolcom.mn/read/33751

-Байдраг, Мандалын голыг боомилох урхи хэнийх вэ? - http://mongolcom.mn/read/28649

-Байдраг Мандалын голыг багалзуурдаж эхэлжээ - http://mongolcom.mn/read/27828

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • B

      (103.229.121.84) 2018-10-02 08:44
      • 0
      • 2

      Уул уурхайн хамаарал бүхий зөрчилтэй хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр томилж болохгүй талаар Монгол улсын Ерөнхийлөгч хориг тавих байдлаар нэлээд үзээд улс төрийн бяр нь хүрээгүйг санаж байна. Ийм л байдлаас болгоомжлоод байсан юм . Одоо энэ хууль зөрчин байж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэг тийш болгох арга хэмжээ авмаар байна. Үүний нэг жишээ нь Баянхонгор аймгийн Жаргалантад болж байгаа үйл ажиллагаа. Нутаг усны харъалалтай Ерөнхийлөгчдөө хандсан нь зүгээр бйах шүү.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.84) 2018-10-01 20:08
      • 0
      • 1

      Хайран сайхан нутаг ус.

      Хариулах