Танд ийм хувцаснууд байвал нэг тийш нь болгочихвол дээр дээ...

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

ЭДГЭЭР ХУВЦАСНУУДЫГ НЭГ ТИЙШ НЬ БОЛГОВОЛ ЗОХИЛТОЙ:

1. Танд таалагддаггүй хувцас

Та аав, ээж, эмээ, найзыгаа хайрлаж хүндэлдэг биз ээ... Тэглээ гээд та тэдний бэлэглэсэн юм бүхэнд дуртай байх албагүй. Танд л гэж авсан алчуур нь царайг чинь дараад, төрсөн өдрөөр чинь бэлэглэсэн даашинз нь таныг хөнгөмсөг хүүхэн шиг харагдуулаад байгаа бол өмсөх гэсний хэрэггүй... Сэтгэл дундуур явахын нэмэр.

Тэднийхээ өгсөн бэлгийг чин сэтгэлээсээ талархан авах нь чухал. Харин дараа нь тухайн зүйлийг хэрхэх нь таны хэрэг: зарсан ч болно, хүнд өгсөн ч болно... Тэглээ гээд та дотно хүмүүсдээ хайргүй, дургүй гэсэн үг биш.

2. Хэт гоёлын хувцас

Зөвхөн гоёлд өмсөх ганган хээнцэр даашинз, хослол худалдан авч байхдаа “Энэ хувцсыг би дахин дахин өмсөх нь юу л бол“ гэдгээ хүлээн зөвшөөрч байх нь чухал. Ганц л үдэш өмсөх даашинз худалдан авах боломжгүй бол үдэшлэгний дараа буюу өдөр тутамд өмсч болохуйц энгийн загвар сонгох эсвэл гоёлын даашинз гаднаас түрээслэх нь дээр болов уу.

Аль хэдийн хэргээ (өөрийг тань тэр нэгэн үдшийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй болгох) гаргачихсан хурц тод өнгөтэй, гялгар сялгар, загвар нь хуучирчихсан гоёлын даашинз шкафны чинь мухарт байдаг бол хуучин юм авдаг хүмүүст тохирсон үнээр зарчихсан нь дээр.

3. Цагаан өнгийн дотуур хувцас

Цагаан өнгийн дотуур хувцас үнэхээр сонин эд шүү. Нэг талаас, эмэгтэй хүн бүрт цагаан өнгийн дотуур хувцас бий. Нөгөө талаас, цагаан өнгийн дотуур хувцас шиг утгагүй зүйл гэж үгүй... Яагаад гэж үү? Үүнд хэд хэдэн шалтгаан бий:

Цагаан өнгийн хувцас цасан цагаан өнгөө маш хурдан алдаж саарал ч гэмээр, шаравтар ч гэмээр туяатай болчихдог. Түүнчлэн, цагаан өнгийн дотуур хувцас ямар ч өнгийн (цайвар, бараан ялгаагүй) хувцсан дотор гэрэлтэж харагддаг. Даашинзан дотроо юу өмссөнөө дэвэн дэлхийд харуулах гээгүй л бол танд биений өнгөтэй дотуур хувцас сонгож байхыг зөвлөе.

4. Шинээрээ “будаа” болчихсон хувцас

Аваад удаагүй байсан хувцаснаасаа салах ямар л олиг байхав дээ... Гэсэн ч будаг нь хатаагүй байсан сандал дээр мэдэхгүй суух, хаалгаар гарч явахдаа бариуланд нь хувцсаа гогдож урах, аягатай ундаагаа энгэртээ асгах гээд бидний амьдралд юу эс тохиох билээ. Шохоорхон байж авсан хувцсаа засварлах боломжгүй л бол хувь тавилантайгаа эвлэр. Харин цаашид анхаарал болгоомжтой байгаарай.

5. Тааламжгүй дурсамж төрүүлдэг хувцас

Квинслэндийн их сургуулийн бизнес сургуулийн маркетингийн мэргэжилтэн Аластер Томбс (Alastair Tombs)-ын үзэж байгаагаар бол хүмүүс амьдралд нь тохиолдсон таагүй үйл явдалтай холбоотой хувцас хунарыг өмсөх тоолондоо тухайн үйл явдлыг санан дурсаж сэтгэлээр унадаг аж.

Стилист Анналис Aрмитэйдж (Annalisa Armitage) ч ижил бодолтой явдаг нэгэн. Гунигтай дурсамж төрүүлдэг хувцасаа далдруулж байх нь чухал хэмээн тэрээр үздэг. “Бүсгүй хүн хувцасныхаа шүгээг нээх тоолондоо гунигтай дурсамж сэдрээм хувцасаа хараад сэтгэлээр унаж, улмаар сэтгэл гутралд ч орох аюултай” хэмээн тэрээр өгүүлэв.

6. Зуслан дээрээ “чирээд хаях” хувцас

Хүн болгонд дахин дахин угаасаар байгаад өнгөө алдчихсан, суначихсан, бөөстчихсөн, шүүрэн шанаг шиг энд тэндгүй цоорчихсон хувцас бий гэхэд мөрийцсөн ч бэлэн. Та зуслан дээрээ тоостой, шороотой ажил хийх гэж байлаа ч аль муу муухай юмаа өмсч өөрийгөө бүү доош нь хий.

“Хэрэг болно... байж байг” гээд хураагаад байгаа хувцсан дотроосоо өөрт таардаг, бүтэн байгааг нь ялган авч бусдыг нь гаргаж хаяхыг зөвлөе.

7. Дуриамал брэнд

Дуриамал брэнд өмсөж зүүх нь ёс зүйд үл нийцдэг талаар энд яримааргүй байна. Зүгээр л... дуриамал брэнд хувцсаар гоёх нь тухайн хүний сэтгэл зүй хийгээд бие авч явах байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг л энд сануулмаар байна.

АНУ-ын их дээд сургуулиудын хэсэг эрдэмтэд хулхи брэнд өмсөж зүүх нь тухайн хүний өөрийгөө үзэх үзэлд сөргөөр нөлөөлдгийг олж тогтоожээ. Хуурамч имидж бүрдүүлдэг нөхдүүд бусдыг хууран мэхлэх, луйвардах хандлагатай болдог гэнэ. Түүнчлэн, хуурамч имидж бүрдүүлж өөрийгөө төдийгүй бусдыг байнга хуурдаг хүмүүс бусдад итгэхээ больдог ажээ.

8. Хуучин бижутери

Сонгодог хийц загвартай гоёл чимэглэл хүртэл цагийн аясаар хуучирч муудан моодноос гарах нь бий. Тухайн үеийн трэндэд нийцүүлэн гаргасан гоёл чимэглэл бүр хурдан хуучирдаг. Учир нь загварын чиг хандлага ямар хурдан өрчлөгддөг билээ дээ?

Тиймээс, гоёл чимэглэлүүдээ үе үе “шүүмжлэгчийн нүдээр” ялгаж салгаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, алийг нь цаашид зүүсэн ч загварлаг хэвээр харагдах бол, аль нь дахин зүүвэл хоцрогдсон харагдах бол гэх зэргээр ялгана гэсэн үг.

Эх сурвалж: AD сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-09-27

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.