Парисын Хээжин

Twitter Print
2018 оны 09-р сар 25-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Парисын “Paradis Latin” кабаре шоуны уран бүтээлч Б.Пүрэвдуламтай ярилцлаа. Түүний уран бүтээлчийн буюу тайзны нэр нь Heejin Diamond. Бүхий л монгол уран нугараач охидын нэгэн адил хичээлийн дараа уран нугаралтын дугуйланд явж, хүүхэд насаа амралтын өдөргүй өнгөрөөсөн тэрбээр өдгөө Парисын шоу ертөнцөд од болон гялалзаж явна. Тэрбээр  өөрийн студиэ нээж уран нугаралт болон циркийн бусад төрлөөр зааж, зөвлөж эхэлсэн. Бид ийнхүү ярилцсан юм.   

-Нэрээ яагаад сольсон тухай хамгийн түрүүнд асууя гэж бодлоо.

-Мэдээж бүр солиогүй ээ. Францад анх ирэхэд манай ээж эндхийн хүмүүст дуудахад нь амар гэж, богиноор Хээжин гэж дуудаж хэвшүүлсэн юм. Хээ хуар гэдэг утгатай. Дараа нь анхны уран бүтээл “Snow Queen”-ээ хийхэд нөхөр маань очир эрдэнээр гоёл чимэглэл урлуулж зориулсан юм. Энэ тохиолдлоос үүдээд бид хоёр миний уран бүтээлчийн буюу тайзны нэрийг Хээжин даймонд болгосон.

-Монголдоо уран нугарч сурсан гэсэн. Хэр багаасаа хичээллэсэн бэ?

-Би одоо 25 настай. 2000 онд долоон настайдаа сургуульд ороод удаагүй байхдаа уран нугаралтын дугуйланд явж эхэлсэн. Бүх нугараачдын адил хичээлийн бус цагаар, амралтын өдрүүдэд дугуйландаа явдаг байлаа. Зарим үед хичээлээ тараад хоолоо ч олигтой идэлгүй гүйдэг байлаа. Ачаалал ихтэй байсан ч гэрийн даалгавраа хийж амжуулдаг байсан шүү.

-Анхны тоглолт, амжилт бүхэн дурсамжтай. Тэр тухай яриач.

-Дугуйланд явсан эхний дөрвөн жилд олигтой сурахгүй байсан. Гэтэл нэг өдөр багш маань намайг Цэцэгмаа багшид өгчихдөг юм байна. Тэр цагаас хойш нугаралтдаа улам дуртай болж, гурван жилийн дараа гэхэд тоглолтод ордог болсон байлаа. Тэр гуравхан жилд хангалттай ихийг, уран нугаралтын бараг бүхий л техникийг сурсан. Алдагдсан хугацааг минь нөхөж, маш их зүйлд сургасан Цэцэгмаа багшдаа үргэлж баярлаж явдаг.

-Гадаадад хэзээ анх тоглосон бэ. Парисын Paradis Latin кабаре шоуны уран бүтээлч болох хүртэл туулсан зам хэр дардан байв?

-2007 онд уран нугараач Нямгэрэл хамтрагчтайгаа анх удаа гадаадад, БНСУ-ын Намъянжу тосгонд ажилласан. Түүнээс хойш гурван жилийн дараа дэлхийн циркчдийн “Монте Карло” фестивальд оролцож, Blue Sky хамтлагийн хамт хүрэл медаль хүртсэн. Монако улсын хатан надад цом гардуулж өгч байсан тэр мөч өнөөдөр ч гайхалтай санагддаг.

Энэ фестиваль циркчдийн хувьд төсөөлшгүй том зорилго, хамгийн том ололт, амжилтуудын нэг байдгийг хүмүүс мэдэх байх. Түүнийг олимптой зүйрлүүлдэг. Бид бүгд л өвдөж, бэртэж байж, тэр амжилтад хүрсэн. Тэгэх тусмаа амттай, мартагдашгүй. Нус, нулимсгүй ямар ололт, амжилт байх вэ дээ. Тухайн үед ээж Францад амьдардаг, намайг тайзан дээр тоглож байхыг огт хараагүй байсан юм. Монте Карлод яаж тийм өндөр амжилт гаргав аа гэж гайхаж байсан байх. Дөрвөн жилийн дараа би ээжтэйгээ зүүдэлж байгаа мэтээр дахин уулзсан даа. Охиноо мэргэжлийн сайн жүжигчин болсныг хараад багад нь уран нугаралтын дугуйланд явуулдаг байсандаа өөртөө баярласан байж магадгүй. Дараа нь би ээжтэйгээ амьдрахаар Францад ирсэн юм.

Гэтэл шоу ертөнцөд таних хүн байхгүй, хөдөө амьдардаг байсан болохоор уран бүтээлдээ санаа тавих боломж ч байхгүй нөхцөл байдалд орчихсон. Гэсэн ч би бүхнийг орхиод, амьдрал, уран бүтээлээ цоо шинээр эхлэхээр шийдсэн юм. Тэгэхэд би 17 настай байсан. Франц хэл сурч, үеийн хүүхдүүдтэй сургуульд сурахыг хүссэн. Ээж минь найзаараа дамжуулж циркийн клуб олж өгснөөр би дахин хуучин шигээ хичээлийн дараа бэлтгэл хийдэг боллоо. Тэгж би эрх чөлөөг дахин мэдэрч эхэлсэн. Клуб учраас надаас өөр мэргэжлийн хүн байгаагүй. Тэгээд ч ганц нугараач нь би. Нэг өдөр манай дарга клубт циркчдийн уралдааны урилга ирснийг дуулгаад, намайг оролцохыг санал болгосон юм. Ээж, эгч бид гурав өөр өөрсдийн боломж бүхнийг дайчилж энэ тэмцээнд орсноор алтан медаль авч чадсан. Тэр өдөр миний шинэ амьдралын эхлэл байлаа. Уралдаанд орсноор мэргэжлийн олон хүнтэй танилцсан. Заримтай нь өнөөдөр ч хамт ажиллаж байна. Хамгийн гол нь тэгэхэд би өнөөдөр намайг “бүтээж” байгаа ханьтайгаа учирсан юм.

-Кабаре шоуд ажиллах болсон түүхийг нь сонирхоё.

-Би Европын олон фестивальд оролцож медаль хүртсэн. Амжилт бүр Герман, Итали, Испанийн кабаре тоглолтуудад оролцох боломж нээж байлаа. Гэхдээ миний мөрөөдөл Парисын тайз байсан. Парист Le Moulin Rouge, Le Lido, le Paradis Latin гэсэн гурван л том кабаре байдаг бөгөөд аль алинд нь ажиллах хүсэлтээ илгээсэн ч харамсалтай нь хариу ирэхгүй байсан юм.  Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө нэгэн шөнө утас дуугарлаа. “Нэг жүжигчин бэртчихлээ. Paradis Latin кабаред гурван сар орлон ажиллах жүжигчин хайж байна” гэж гэнэ. Хэдийгээр төлөвлөсөн тоглолтын хуваарь дэвтэр дүүрэн бичээстэй байсан ч нөхөр маань миний мөрөөдлийг бодоод тэр дор нь “Жүжигчин байна” гэсэн юм билээ. Ингэж ажил эхэлсэн. Бэртсэн уран бүтээлч эдгээд эргэж ирсэн ч, дарга намайг багтаа үлдээсэн.

-Хэвлэлийн мэдээллээс харахад та өнөөдөр Paradis Latin-ий сор уран бүтээлч юм байна.

-Тийм гэж ойлгож болох байх. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн студиэ нээсэн. Парис дахь нугараачдад зориулсан анхны студи. Би нугараачдад төдийгүй циркийн бусад төрлийн жүжигчдийг бэлтгэж, зөвлөдөг.

-Баяр хүргэе. Их том алхжээ.

-Баярлалаа.

-Амьдралаа уран нугаралтгүйгээр төсөөлдөг үү?

-Үгүй дээ. Гэхдээ нас ахихаар өөр ажил хийж таарна. Уран нугаралт бол тууштай хандлага, тэсвэр тэвчээр, чанд сахилга бат шаарддаг, үүний төлөө өдөр бүр өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байдаг урлаг. Гэмтэл, бэртэлтэй үе бишгүй. Тэр бүхэнтэй, өөрөөр хэлбэл цаг хугацаатай тэмцэх үедээ өөрийгөө хөгшрөөд байгаа юм шиг санах нь бий. Гэвч хүсэл, эрмэлзэлдээ хүрэх тэмцэлд минь хамт байж, бэрхшээл бүрийг цуг туулж, сайн сайхныг хүсэж, хүрээлдэг хань, хамтран ажиллагсад байгаа болохоор би азтай. Ирээдүйд хэн болох талаараа 22 настайгаасаа бодож эхэлсэн. Хүссэн цагтаа уран нугаралтаа орхих эрх чөлөөтэй байхын тулд тэнцвэрт илүү анхаарч, өөрийгөө дасгалжуулж эхэлсэн. Ер нь бол юу ч тохиолдсон миний амьдрал тайзан дээр мөнхөрнө. Тайз гэдэг бол орхишгүй сайхан зүйл, тайз бол өөрөө урлаг. Францын урлагийн ертөнц их баялаг. Боломж, бололцоо ч их олгодог. Одоо намайг кинонд, театрт, бүр модны зураг авалтад хүртэл дуудах болсон (инээв).

-Өдөр тутмын амьдралынхаа тухай яриач. Өдөрт хэдэн удаа тоглодог, үзэгчид нь хэн байдаг, хүндрэл бэрхшээл гардаг уу гэхчилэн сонирхох зүйл бишгүй байна.

-Миний амьдрал цагт 100 км-ийн шахам хурдаар урагшилдаг гэхэд болно. Би долоо хоногийн зургаан өдөр тайзан дээр тоглодог. Өдөртөө студидээ ажилладаг. Өглөө бүр франц хэл, соёл, түүх сурах хичээлд явж эхэлсэн. Үдээс хойш сурагчидтайгаа ажиллана. Эсвэл өөрөө бүжиг гэх зэрэг өөр төрлөөр тоглох бэлтгэл сургуулилтаа хийдэг. Орой 20 цагт Paradis Latin руугаа ажилдаа яваад, шөнө дунд ирдэг.

-Бидний сайн мэдэх нэгэн орос кинонд “Амьдрал бол их том сугалаа юм” гэж хэлдэг. Танаас “Амьдрал сугалаа юу” гэж асуувал та юу гэж хариулах бол?

-Сугалаа гэж хэлэхгүй. Гэхдээ би амьдралдаа сайн хожиж яваа нэгэн. Намайг бурхан үргэлж ивээж байдагт баярладаг. Парисын төвд амьдарч байна. Гоё ажил, өөрийн студитэй. Энэ бүхэнд сэтгэл хангалуун байдаг. Миний амьдрал сайхан дуу хөгжим мэт, эсвэл дэлбээлсэн сарнай мэт гэж хэлнэ.

-Уран нугаралтаар шинэ бүтээл хэр хийж байна?

-Биеэ бодоод нугарахаа аажим багасгаж байгаа. Ганцаарчилсан дөрвөн номер маань хоёр жилийн өмнөөс захиалгатай болохоор зайлшгүй хийдэг. Хоёр номер нь олон улсын олон удаагийн медальтай. Нөхөртэйгөө бүх төсөл дээрээ хамтарч ажилладаг. Бид ажил, уран бүтээлээ өөрсдийн хүссэнээр хийдэг тоглолтын продакшн байгууллагатай.

-Сүүлийн үеийн шинэ бүтээлээсээ танилцуулна уу. Өвөрмөц дэглэлттэй, хувцас костюм их гоётой юм. Уран бүтээлийн чиг хандлагыг нь хэн тодорхойлж өгдөг вэ. Шоуны уран сайхны удирдагч уу. Эсвэл өөрөө “Надад ийм бэлэн юм байна” гээд санал болгодог уу?

-Би түрүүн нөхөртэйгөө хамтарч ажилладаг тухай ярьсан. Манай продакшны уран бүтээлийн уран сайхны удирдагч нь манай хүн. Хувцас, хэрэглэл, техникчид, харилцааны менежер, графикч гэх зэрэг төрөл бүрийн мэргэжлийн 15 уран бүтээлч бидэнтэй хамтарч ажилладаг. Гэр бүлийн ажил болохоор бүхий л ажил, төсөл дээрээ хоёулаа хамтарч ажилладаг. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээ захиалгаар хийсэн. “Diamond Sisters”-ийг Францын дарс үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчийн захиалгаар бүтээсэн. “Almaaz”-аа бол “Walt Disney Studio”-гийн захиалгаар бүтээсэн. Эднийх шинэ киногоо Парисын төв дэх 2500 суудалтай Grand Rex хэмээх том кино театрт гаргах гээд, сурталчилгааны номер хийлгэсэн.

-Танай нөхөр таны менжер юм байна гэж ойлголоо.

-Тийм ээ.

-Жүжигчин бололтой?

-Хошин урлагийн чиглэлийн жүжигчин мэргэжилтэй. Одоо бол продакшнаа ажиллуулдаг. Манай  нөхрийн нэрийг Сигрид Ла Шапель гэдэг, франц хүн.

Р.Оюунжаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.