Б.Энхцэцэг анхны хүрэл медалийг авчирлаа

Twitter Print
2018 оны 09-р сар 22-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Словакийн Трнава хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин Батбаатарын Энхцэцэг урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртэв. Б.Энхцэцэг Трнавагийн дэвжээнд манай тамирчдын анхны хүрэл медалийг авчирч байна. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ий 28 дахь хүрэл медаль болж байгаа юм. 

Тэрбээр нийт таван барилдаан хийсэн бөгөөд өчигдөр тэгшитгэлд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Украины Вероника Рябоволоваг 10:5-аар ялсан ч 1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Актенге Кунимжаевад цэвэр ялагдсан.

Чантуу бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан. Улмаар өнөөдөр дагах барилдаанд Болгарын Кремена Петроваг оноогоор цэвэр (10:0), энэ жилийн залуучуудын Европын дэд аварга Азербайжаны Татьяна Варансоваг 14:6-гаар, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Алиша Сью Хоукийг оноогоор цэвэр (11:0) ялснаар шагналын тавцанд зогсохоор болсон юм.

Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар Словакт гурван шавьтайгаа очсон бөгөөд Б.Энхцэцэг хүрэл медаль хүртэж, багшийгаа баярлуулав.

Ц.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.