Д.Энхболд - Бөгтөр /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 09-р сар 22-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Найдангийн онгод оржээ. Хамрынхаа сартгар хар нүхийг онгогонуулан оройжин зураг зурлаа. Зүгээр ч нэг зураад л суусангүй. Үе үе арагшаа эргэн

-Хөөе Найдалмаа кофе гэж хашгирна. Жаахан байснаа л

-Хөөе Найдалмаа пийв ... алив шалавлаач гэж шавдуулна. Эхнэр нь гэрийн пансан халаадны хормой хийсгэн уран цагаан өвдөг гялалзуулан гүйх тооны намалзтал алхлан тушаасан бүхнийг нь авчруут Найдангийн толгойд хушуугаа хүргэн үнэрлэж

-Өвгөн минь дөхөж байна уу гэж аядуухан асууна.

Найдан ихэд урамшин том амаа байдгаар нь дэлгэн бахдалтайгаар инээгээд

-Нухаж л байна болох шүү байгаа гэж ялархсанаа

-Пий... хэмээн амаа алгадаад авахаа шахав.-Яасан бэ?

-Өдөр санадаггүй еэ бас тоогүй... Гортиг... гортиг авахаа мартаж шүү дээ. Тойргийн зурагнууд лөөлөө болов байна хэмээн шогширлоо. Эхнэр нь нүд эргэлдүүлэн сандачсанаа

-Аа би арга олчихлоо гэснээ гал тогооныхоо өрөө рүү шурхийж том бага хэмжээтэй аяганууд авчирч

-Нэг андаа миний өвгөн энүүгээр аргалчих тэгнэ үү хэмээн хушуу цорвойн гуйгаад Найдангийн уурыг дүрсхийлгэв.

-Яахаараа чи юмыг дандаа ингэж нүд хуурч аргалах гэж оролдож байдаг амьтан бэ. Аягаар зурдаг тойрог гэж хаашаа харсан юм байдаг юм хэмээн баахан омогдлоо.

-За өвгөн минь яахав дээ. Ганц удаа аргалчих л даа. Хар шөнөөр гортиг эрээд хаагуур бөртөгнөж явах вэ дээ. Хамаг дэлгүүр хаалттай, хүн амьтан орондоо орчихсон байхад хаалга үүдийг нь нүдэлтэй биш нүдлээ ч өдийд хаалгаа тавьж өгөх амьтан олдохгүй хэмээн эхнэр нь түүнийг уйгагүй ятгасны хүчинд гортигны эрэлд хаа нэг тийшээ ухасхийе гэсэн чин хүслийг нь нэг удаа торгоож дөнгөжээ. Найдан амандаа гүвтнэн аягануудаас үзэж үзэж нэг жижгэвтэрийг шилж ёроол руу нь үлээгээд зураг дээрээ хөмрөн тавьж хээнцэр нарийн харандаагаар хөмөрсөн аяганыхаа амсарыг дагуулан чухаг нандин тойргоо зурж гүйцүүт мөнөөх аягыг ихэд хичээнгүйлэн авч үзсэнээ

-Хн гортиг байсан бол яалаа гэж ийм хачин балай дугуй зурахав дээ хэмээн харуусан үглэв. Найдалмаа хажууд нь шуухитнан хэсэг сууснаа

-Өвгөн чинь унтлаа шүү гэж учирлаад цаашаа явлаа. Харин Найдан уран бүтээлдээ хэт шунасандаа түүний тийнхүү явсаныг анзаарсан ч үгүй. Шөнөжин зурж өглөө цонхон дээр нь хоёр болжмор цаашаа харан суугаад хоорондоо ч юм уу өөр бусад болжморууд руу ч юм уу ямар нэгийг чухалчлан жиргэж байхад ажлаа сая өндөрлөн босож суниагаад том ватман дээр зурсан бүтэн шөнийнхөө ажлыг нүүрэндээ нэг ойртуулж нэг холдуулан сэтгэл тэнүүн хэсэг ажиглаад сая л эвшээлгэж унтлагынхаа өрөө рүү явлаа. Эхнэр нь ажилдаа явахын өмнө мөнөөх уран бүтээлийг нь хэрэг болгон очиж үзээд инээмсэглэв.

Ватман дээр хэд хэдэн том дөрвөлжин дүрс мөн төдий тооны тойрог дурайж голд нь дармал үсгээр хичээнгүйлэн бичсэн нэрс жирийнэ. Хамгийн голын том дөрвөлжин дотор “Байшин“ гэсэн үг бахдалтайяа дурайна. Түүний хоёр хажууд хоёр дөрвөлжин зурж голд нь “Төмс“ хэмээн бичиж байшингийн өмнөх тойргийн гадна талаар “Цэцгийн мандал“ хэмээн тойруулан эвтэйхэн бичжээ. За тэгээд сармис, сонгино, хулуу, улаан лооль, өргөст хэмх, байцаа, манжин, лууван, мөөг, чинжүү гэсэн нэр дотроо агуулсан дөрвөлжин хийгээд тойргуудаас мөнөөх зураг бүтжээ. Байшин гэсэн дөрвөлжингийнхөө араар нарийхан урт гулдан зурж дотор нь Гүзээлзгэнэ, Үхрийн нүд гэсэн нэрсийг жирийлгэсэн байв. Нөхрийнхөө энэ нямбай зангаар бахархдаг бололтой Найдалмаа толгой сэгсрэн инээмсэглэснээ гэнэт цагаа харуут санд мэнд гарч одлоо.

Маргааш орой нь Найдан Найдалмаа хоёр өчигдрийнхөө зургийн голын дөрвөлжингийн үүдэнд инээд алдан зогсож байлаа. Тэр нь ватман дээр л дөрвөлжин зураг төдий болохоос бус амьдрал дээр бол хоёр давхар ханхайсан том байшин байлаа.Найдан төлөвлөгөөгөө эхнэртээ бахдалтайяа тайлбарлан газар дээр нь зааж зурж тэр бүрийд Найдалмаа тэгш цагаан шүд яралзуулан инээд алдаж түүгээр бахархаж байгаагаа илэрхийлнэ. Ажил эхэллээ.Эхлээд том хашаан доторхи газрыг сэндийлж өнгөн хөрсөнд хучигдсан голын хөндийн том том чулуунуудыг нэг бүрчлэн зөөв.Энэ ажилд Найдан бүтэн арав хоногоо зориулав. Гурван дугуйтай түрдэг тэргэн дээр чулуугаа овоолоод хоёр зуугаад метрийн цаагуур шуугин урсах голын эрэг хөмөг рүү уйгагүй зөөж асгана.

Конторт суусаар ялхайж суларсан бие нь илүүдэл жингээ хөлс болгон урсгаж энэ арав хоногт Найдан ёстой л живхэрсэн морь мэт жавхаа нэмэн зүрхнийх нь угаар хатгаад байдаг нь алга болж эрүүлшиж байгаагаа анзааран ажилдаа улам уйгагүй хичээнгүй хандан зүтгэлээ. Гэтэл эзэнгүй мэт лүглийн чимээ аниргүй барлайж байсан зүүн талын хашаа байшин гэнэт амь ордог байгаа. Тэнд жоотууны бүгтхэн дуу гарч түүнтэй чулуу харшиж байгааг Найдан сонсоод хөшчих шиг боллоо.

Хашааныхаа наанаас гэтэн очиж чихээ наавал багтраатай бололтой учиргүй амьсгаадсан хүн осолдохгүй яг л Найдангийн хийгээд байгаа ажлыг хийж байгаа бололтой. Хашаанд нь завсар зай гэж байсангүй. Ховилтой банзаар шахаад хийчихсэн хойно арга ч үгүй биз. Найдан түрдэг тэргэн дээрээ хувин хөмөрч дээр нь гараад хажуу хашаа руугаа өнгийж харснаа навтасхийв. Бөгтөр нуруутай хүн яг Найдангийн тэрэгний ижил тэргэн дээр чулуу овоолон цаашаа харан бөгтөгнөнө. Дотор нь өмрөөд явчих шиг болов. “ Муу хулгайч. Хүн ажил сэдэнгүүт хуулдаг байна шүү“ гэсэн зэвүүн бодол анх удаа төрлөө. Гэвч тэгсгээд тайвширч энэ багтраат бид хоёр хичнээнхэн тэсхэв дээ гэж бодсондоо улам хурдан улам шургуу ажиллаж хуулагчийг сөгтгөж авахыг хүсчээ. Гэвч хөрш ч бас амаргүй эр бололтой санасан шиг нь сөгдөж өгсөнгүй. Хашаандаа чихээ наан чагнахад яг одоо л бөглөрөөд унах гэж байх мэт амьсгаадах атлаа бүтэн сар Найдангийн хийсэн болгоныг хуулан давтсаар одоо зэргэлдээ хоёр хашаа зөвхөн байшингийнхаа өнгөөр л ялгардаг боллоо.

Хэзээ хойно анзаарвал Найданг байшингаа барьж байхад энд ийм байшин байгаагүй. Хотод өвөлжчихөөд Австралид хоёр сар туршлага судлах ажлаар явж байгаад ирэхэд нь энэ байшин газраас ургасан мэт хөршилчихсөн байсан. Гэхдээ өөрийнх нь байшинг яг хуулбарлаад өөр өнгөөр будчихсан байдаг байгаа. Хуулагч ингээд ханасангүй одоо үзвэл Найдангийн шөнөжин сууж зураад зунжин ноцолдож бий болгосон дөрвөлжин хийгээд тойргууд хөрш хашаанд нь дууны дахилт шиг дурайж байна. Хөрсөн дорхи чулуугаар тавьсан зам, хашсан хашлага ягаа яг. Гэтэл зөвхөн байшингийнхаа зураг жаягийг хийх гэж Найдан яаж махаа идлээ дээ. Өөрөө дийлэхээ больмогц таньдаг архитектортоо чамгүй мөнгө өгч баймаажин энэ байшингийн зургийг хийлгэсэн гэтэл зүгээр л харж байгаад хуулчихдаг ажээ.Х ашааны баруун урд өнцөгт худаг байна уу байна, тэр худаг дээр ус сорогч байна уу яг. Гэхдээ хөрш нь бас ч гэж санаа зовсон бололтой Найдан шиг хөхийг биш шар өнгийн ус сорогч сонгож. Бусдыг нь бол чөтгөрт алгадуулмар чинь шууд л бэлэнчилчихдэг аж. Найдангийн хашаа уртаашаа жаран алхам өргөөшөө дөчин дөрвөн алхам юмдаг. Арай энийг хуулаагүй байлгүй дээ гэж горьдоод хөршийнхөө хашааг сэмхэн алхаж хэмжлээ. Бурхан минь энэ хуулагчийг хойт насанд нь сохор болгож хайрла,тэхгүй бол сэтгэдэггүй хүн төрөх нь байна шүү хэмээн шүтлэггүй хирнээ шөнөжин залбирчээ. Уг нь хашаан дээгүүрээ өнгийж байгаад 

-Хөөш .. Одоо болоо юм биш үү.Чи ядахдаа наад сармисныхаа талбайг арай өөр хэлбэртэй болгочих хуулна хуулна гэхэд арай дэндэж байгаа юм биш үү гэж хэлмээр байвч өөрөө л бусдын нууц руу сэм нэвтэрсэн хүн шиг эвгүй оргиод хий л шилэн хүзүүг нь харан дотроо харааж зогсдог боллоо. Эргэнгүүт навтасхийн нуугдана. Найдан хэзээ ч хулгай хийж явсангүй. Хар нялх ахуйгаас нь “Миний хүү хулгай хийсэн хүний үйл бүтдэггүй юм шүү“ хэмээн эцэг нь сургасаар хэн нэг хүний ямар нэг юм энд тэнд минь наалдчихаагүй байгаа хэмээн хармаа хотоо нэгжиж,өмссөн хувцасныхаа хормой хотыг гэртээ орохын өмнө уйгагүй гүвж бусдын буян байтугай буртагт харц ч хувцсандаа наалдуулан гэртээ ордоггүй зантай болгочихжээ. Гэтэл бүх насных нь итгэл үнэмшил ийнхүү цаг цагаар өдөр өдрөөр хийж байгаа үйлдэл бүрээр нь хамгийн гол нь нүдээрээ харж амьсгалаараа мэдэрсээр байтал ийнхүү нуран унахдаа нэг сүрхий юмыг мэдрүүлжээ. Хулгайч нь санаа зовохгүй хэнэг ч үгүй байх аваас хулгайлуулж байгаа хүн хавчиганан байх суух газраа олж яддаг ажээ. Ихэр юм шиг зэрэгцээ хоёр хашаанд ихэр юм шиг ажил үйлс өдөр болгон ихэрлэн давтагдсаар.

Найдан хөршөө “ Бөгтөр “ гэж тавлан дуудаж тийн мэргэн нэр бодож олсондоо дотроо агдгануулан инээж бахаа хангана. Авгайдаа

- Бөгтөр өнөөдөр хашаагаа налаад хориод хором хэржигнэж суулаа тэр яаж миний энг даахав дээ маргааш гэхэд л сунаад унах вий вий гэж ярина. Эхнэр нь харин хариу юм хэлэхгүй.Яагаад ч юм сүүрс алдаад нөхрийнхөө толгойг гэдсэндээ наан энхрийлэн илэх авай. Гэвч Бөгтөр сунаж унасангүй Найдангийн сүүдэр шиг зүтгэсээр намартай золгочихлоо. Нэгэн шөнө Найдан мөн л нойргүй хонож ургац хураах төлөвлөгөө ба дараалал гэсэн том ватман зураг үйлдэж төлөвлөсөн ажилдаа ханцуй шамлан орлоо. Авгай нь амралтаасаа чухамхүү энэ ажилд зориулан үлдээсэн хэдэн хоногоо эдлэн эрүү алчуураар толгойгоо жимбийтэл боогоод шонтгор хамраа хөлөргөн хөлөргөн ургацын хэмжээ санаснаас нь үнэнхүү их байгаад баярлан бахархан дуу алдан алдан мөр зэрэгцэн зүтгэв.

Ургац урамтай байлаа. Төмс гэхэд л голийсон голийсон нас бие гүйцсэн зараа шиг ч юм уу зурам шиг ч юм уу юутай ч нэг л тийм сэтгэл гижигдсэн том... Хоёулаа нэг амсхийнгээ шинэ ургацынхаа амтыг үзье хэмээлцэн хийн зуух галлан мөнөөх голигор төмснөөсөө нэгийг цэвэрлэн шарж идээд бардаггүй ээ. Найдан толгой сэгсрэн шогширч “ Айдаа мөн ч ... Алийв эхнээр энийг чинь одоо тэмдэглэхгүй бол алдас болдог байгаа айн... гэсхийснээ гэдсээ хүржигнэтэл маажин инээд алдана. Эхнэр нь уулга алдан дэмжиж том байшингаасаа нандин шарз авчран хоёул амтыг нь бүхий л мэдрэхүйгээрээ хүртэн жаргалаа.

Найдангийн дотор хүн гэнэтхэн “Нөгөө Бөгтөр “ хэмээн шивнэх шиг болуут “ Муу золиг “ хэмээн амандаа дутуу хагас гөвтнөөд хашаан дээгүүр нь сэмхэн шиг өнгийлөө. Бөгтөр ургацаа хураах гэж яарсан шинж ер алга. Эдний ургац яавч манайхаас дутахгүй дээ гэж бодохоор л өрцнөөс нь нэг юм чангаах шиг, аль эсвэл тархи толгой руу нь үл үзэгдэгч Али Ахмед гэдэг шиг билээ дээ нэг хар боксчин дэлсээд авах шиг оргино. За үхсэн... Үгүй тэгээд заримдаа ажилдаа түүртээд муу Бөгтөрийгөө мартчихнаа гэвч орой бүрийгээр ажлаа дуусгасныхаа дараа заавал ч үгүй санаж хашаан дээгүүр нь ёс шиг өнгийнэ. Бөгтөр төмсний ганц бут зулгааж ганц багц сонгино ч хураасангүй ургац нь хөрсөн дороо боловсорч л байх аж. Найдан долоо хоног ургацаа хурааж долоон өглөө долоон орой Бөгтөрийг тандлаа тэр ургацаа хураах гэж үнэхээр шимтсэнгүй.

Гэнэтхэн Найдангийн дотор харанхуйлж "Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг л боллоо. Арай л яарчихлаа бөгтөрийг энэ удаа хардаг байж. Хүлээдэг байж. Тэр нэг л юм мэдээд байх шиг байсан юмаа. Хавраас эхлээд л нэг юм мэдээд байх шиг байсан юм. Тэр нь болц байж, муу золиг ногооны болцыг мэддэг юм байна шүү дээ" гэж бодохоос л үнэхээр тэсгэл алдав.

Чадуулчихжээ... чадуулчихаж. Урам нь хугарч орхив. Идэж байгаа шинэ ногоо нь ямар ч амт шимтгүй санагдаж нулимаж орхино. Тэр бүрий эхнэр “ Үгүй чи чинь яаж байнаа “ хэмээн гайхна. Гэтэл Найданг ургацаа хураагаад дууссан шөнө түүнийг л хүлээж байсан мэт нэвсийсэн цас ороод хоносон байх аж. Одоо ч Бөгтөр өнгөрсөөн гэж бодоод хоносон шөлнөөсөө халбагадтал үгүй тэр байцааных нь амттайг ээ. Намар эртийн цас хэдийгээр их орсон ч нарны бараанаар хайлж урсан эргэн тойрон усан шалбааг татлаа. Мордохын өмнө шавхийтэл хашаан дээгүүрээ шоволзвол Бөгтөрийн ургац цасан дор дарагдах нь ч дарагдаж. Гэхдээ цас цоохортож хайлаад үлэмж их ургац хэвлийдээ тээсэн газар бие давхар бүсгүй хүний сэвхтэй нүүр шиг цоохортжээ. Үгүй ерөө сонин юм даа цасны амт гэж байдаг юм болов уу. Хайрагдчихмаар юмаа нэг л учир байна даа гэж эргэлзсээр ганган шаавай тэргээ асаан өө харсан хүнд ялимгүй шонтгор хамартай ч бэлхүүсээр нь тэвэрхэд яагаад ч юм сүүнд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гоолиг эхнэрээ дэргэдээ суулган хөдөлж оны эхний цас хайлж шалбаагтсан замаар муригануулан явсаар цардмал замд нийлмэгц суудлаа тэгшилж займчаад

Бор бор л гэнэ

Бороос өөр юү л байв гэж дээ гэсэн үгтэй хүн болгон л шахуу аялаад байдаг болчихсон нэгэн дууг амандаа гүвтнэн салхи исгэрүүлэн давхилаа.

Эхнэр нь хажуугийнхаа толинд цагийн аясыг даган Бөгтөрийн хашааг эзлэн бууснаа бага үдийн нарны илчинд тэсэлгүй хайлж таван ханатын дээвэр шиг болтлоо авчиж жижгэрсэн нимгэн цасыг харж явсанаа уруулаа будаж амжаагүйгээ гэнэт санаж хээнцэр цүнхээ онгойлгон уруулын будгаа гаргалаа.

Төгсөв.

2006 он Чикаго хот.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.