Мэргэшсэн чанартай багш бол сайн боловсролын баталгаа

Twitter Print
2018 оны 09-р сар 27-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн багш нарын 24 дэх өдөр 2018 оны 10-р сарын 5нд болно. Энэ жилийн баяр нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай уялдан энэхүү тунхаглалаар боловсролыг хүний үндсэн эрх болгон тунхаглаж, хүүхэд бүрт үнэ төлбөргүй бага, суурь боловсролыг заавал олгосноор боловсролыг тэгш хүртээмжтэй байлгах боломжийг дэлхий нийтэд түгээсэн ач холбогдлыг нь онцгойлон тэмдэглэж байна.

Дэлхийн багш нарын өдрийг жил бүр тодорхой урианы дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийнх нь "Мэргэшсэн багштай байх нь боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх баталгаа мөн" гэсэн уриатай байх юм.

Энэхүү уриаг сонгох болсон шалтгаан нь баталгаатай хөтөлбөрөөр, чадамжтай бэлтгэгдсэн багш нар үгүйгээр хүүхдүүд сурах эрхээ зохих ёсоор нь хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой юм. Дэлхий дахинаа одоогоор 264 сая хүүхэд заавал эзэмших боловсролын эрхээ эдэлж чадахгүй байгаа билээ. Хэрэв бид 2030 онд хүрэхээр төлөвлөсөн Тогтвортой хөгжлийг амин чухал зорилгуудыг хангаж хүүхэд бүрийг заавал эзэмших бага болон суурь боловсролын сургалтад хамруулахыг хүсвэл дэлхийн хэмжээнд нэмэлтээр 69 сая багш хэрэгтэй болох юм. 

Алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг, ядуу өрхийн, цагаагчлагч ба дүрвэгч хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон хүйсийн ялгаварлалаас болж сургуульд хамрагдаж чаддаггүй хүүхдүүдэд энэ "багшийн хомсдол" улам хүнд тусахаар байна.

Ингэхээр цаашид хөгжлөө сааруулахгүй, улам өндөр хөгжиж, ард иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулъя гэвэл хангалттай тооны багш бэлтгэх нь улс орнуудын хөгжлийн томоохон зорилго болж, бэлтгэгдсэн багш нар нь мэргэшсэн чанартай байх нь боловсролын чанарын улмаар улс орны хөгжлийн баталгаа болох нь байна.

Миний бодлоор Монгол улсын хувьд багшлах боловсон хүчний талаар тулгамдаж байгаа асуудал бол:

1. Алслагдсан орон нутаг дахь багшийн хүрэлцээ хангамж, чанар

2. Багш боловсрол олгох хөтөлбөрүүдийн чанар, үр дүн. Тус хөтөлбөрүүдийг улс, орон нутаг, олон улсын хөгжлийн хэрэгцээг хангасан "Чанартай багш" бэлтгэн гаргахад чиглүүлж тоон хийгээд чанарын хувьсгал хийх чадамжтай болгох

3. Багш мэргэжилтэнгүүдийн ажлын байран дахь болон заавал хамрагдах мэргэжил дээшлүүлэх сургалтын үр өгөөжийг сайжруулах мэргэших, дахин мэргэших, хөрвөх, тусгайлсан үнэ цэн бүхий нэмэлт ур чадваруудыг эзэмших, ажлын байран дах бүтээмжийг сайжруулах ерөнхий ур чадвараа хөгжүүлэх хэрэгцээг бүрэн дүүрэн хангасан хөтөлбөрүүд, үйл ажиллагааны менежментээр хангах

4. Сургалтын байгууллагыг аливаа орон нутгийн боловсрол, хөгжил, соёлын цогц төв талаас нь хөгжүүлж жилийн 4 улиралд үйл ажиллагааны эргэлтэнд оруулж цомхон бүтцээр боловсролын тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарч ажиллах, давхардлыг арилгах, эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулах хамтын ажиллагааг сайжруулах

5. Сургалтын байгууллагуудын удирдлага менежментийн тогтолцоог сайжруулах, стандартжуулах. Боловсролын байгууллагын удирдагчийг төрийн "амьгүй албат статусаас" сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын хараат бус удирдлага, хөгжлийг түүчээлэгч болон хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх (гол нь эрх зүйн орчны өөрчлөлт), сургалтын байгууллагыг манлайлал, менежментийн мэргэшсэн сургалтын тогтвортой хөтөлбөрөөр хангаж, тасралтгүй явуулах, ингэснээр сургалтын байгуулагын удирдлагад зөвхөн багш мэргэжилтнийхээ хувьд гаргасан ажлын үр дүнгээр ТОДОРСОН эс бөгөөс удирдлага, албан тушаалтан, төрийн дэмжлэгээр ТОМИЛОГДСОН хоёроос гадна боловсролын удирдахуйн ухаанаар мэргэшсэн хүмүүс ажиллах боломжийг бүрдүүлэх, нэмэгдүүлэх

6. Багш болон сургалтын байгууллагын удирдлагыг олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр заах болон удирдахад нарийн мэргэшүүлэх өөрөөр хэлбэл давхар англи хэл дээр хичээлээ заах багш, олон улсын багш нарын бүрэлдэхүүнийг удирдан ажиллах боломж чадвартай удирдах ажилтан бэлтгэхэд анхаарч зөвхөн улсын хэрэгцээгээ хангах төдий бус, бүс нутагтаа боловсрол экспортлогч улс орон болох зорилго дэвшүүлэн хөгжлийн чиг бодлого гарж боловсон хүчнээ бэлтгэх

7. Боловсрол сургалтын ямар ч байгууллагыг судалгаа эрдэм шинжилгээний үүрэг ач холбогдлыг нь мэдрүүлсэн ажил, чиглэл, боломжоор хангаж эрдмийн хуримтлал үүсгэх, мэдлэгийн зөв зохистой менежментийг бий болгоход нь чиглүүлэх; оюуны өмч, шинжилгээ судалгааны ажил бүтээлийн эрх, патентуудыг зөвхөн дээд боловсролын бус харин боловсролын бүх шатны байгууллагын хөгжлийн томоохон шалгуур хэмээн авч үзэж дэмжлэгээр хангах

8. Мэдээж эцэст нь дурдаж байгаа ч амин чухал асуудлуудын нэг болох багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, багш мэргэжилтнүүдийг чанаржуулах, эдийн засгийн болон бусад хөшүүргүүдээр одоо ч байгаа, ирээдүйд улам тулгамдаж мэдэх багшийн хүрэлцээ хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд эртнээс бэлтгэлтэй хандах зэрэг асуудлууд байгаа болов уу. 
Нийгэм нь багштайгаа, төр нь багштайгаа, багш нь төртэйгээ тэмцэлдэж байна гэдэг нь хэдийгээр ардчилсан үзэгдэл мэт боловч эрүүл, зүйтэй эсэхэд эргэлзэж байна. 

Заавал тэмцэлдэхгүйгээр ярилцаж хэлэлцэж "Мэргэшсэн чанартай багш бол сайн боловсролын баталгаа" гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч тэднийгээ мэргэших улам бүр боловсрох бүхий л нөхцөл бололцоогоор нь тал бүрээс хангаж ажиллахсан даа.

Норовсамбуугийн Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.