Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг сонголоо

Twitter Print
2018 оны 09-р сар 22-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг сонгогджээ. Нийслэлийн МАН-ын 34-р Бага хуралд 339 төлөөлөгч оролцож 331 хүчинтэй санал тоологдов. Эдгээр төлөөлөгчийн 80 нь квотоор орж иржэа. Санал хураалт шөнийн 03.00 цаг орчмын үед эхэлж, цаг гаруй үргэлжилсэн юм. 

Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164 Д.Сумъяабазар 167 санал  авсан байна. Ингэснээр Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдах, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийг удирдаж орохоор болжээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга С.Батболдыг дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан. Харин заалнаас Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазрын нэр дэвшигдсэн аж.

Саналын хуудсыг  автомат машинаар тоолж,  гар аргаар дахин дүнг нэгтгэсэн аж. Тооллогын комисст ажилласан эх сурвалжийн мэдээлж буйгаар 18 санал хүчингүй болсон бөгөөд үүнээс Д.Сумъяабазар 11, С.Батболд  7 санал авсан байсан  аж.  Гэвч уг саналын хуудсууд автомат тооллогын техникийн шаардлага хангаагүй байсан тул хасагджээ.

МАН-ын шинэ дарга Д.Сумъяабазар, “Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар боллоо. Хийх ажил маш их байгаа. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжинд улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана” гэв.

Тэрээр, намын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад дүүргийн бодит төлөөлөл болсон чадалтай залуусаар багаа бэхжүүлэх ёстой. Мэдээж улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас  үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэд, сонгогчид, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэл рүү улс төрийн бодлогоо нэн тэргүүнд чиглүүлэн ажиллана. Намын анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг ойрын хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж, эхний ээлжинд намын анхан шатны хороо, үүрээс ажлаа эхэлнэ. Түүнээс гадна дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой олон асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.