Солонгос улсад гэрээгээр ажиллаж буй иргэд заавал мэдэж байх ёстой даатгалын асуудлууд

Twitter Print
2018 оны 09-р сар 26-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ирж ажиллагч залуучуудын хамгийн их сонирхож асуудаг асуултын нэг нь Нийгмийн даатгал, тэр дундаа Тэтгэврийн даатгалын тухай асуудал байдаг. Энэ тухай бага зэрэг тайлбар өгье.

Манай улс 2006 онд БНСУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж 2 улсын иргэд Тэтгэврийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын даатгалаас аль нэг талдаа ажиллаж байгаа иргэдийг тухайн ажиллуулж байгаа улс нь харилцан чөлөөлж болохоор гэрээ хийсэн.

Энэхүү гэрээ нь олон хүнд ашиг тусаа өгдөг хэдий ч манай хөдөлмөрийн гэрээний ажилчид, ялангуяа E-9 визтэй оршин суугчдын хувьд тунчиг ашиггүй юм. Учир нь:

1. Солонгос улсад ажил олгогч нь ажилчнаа Нийгмийн даатгалд (4 төрлийн даатгал байдаг. Үүнд: Тэтгэврийн, Хөдөлмөрийн, Эрүүл мэндийн, Үйлдвэрийн ослын) даатгуулах нь хуулиар заасан үүрэг бөгөөд заавал даатгуулах ёстой. Үүнд, Та бидний сонирхоод байгаа Тэтгэврийн даатгал нь Ажилчны цалингийн 4,5%, мөн ажил олгогчийн зүгээс 4,5%-ийг нийтдээ цалингийн 9%-ийг сар бүр суутгаж Солонгосын тэтгэврийн даатгалын санд Гэрээт ажилчны нэр дээр төвлөрч байдаг юм.

Энэхүү мөнгийг Гэрээт ажилчин нутаг буцахдаа (4 жил 10 сарын дараа) эргүүлэн авч явах боломжтой бөгөөд энэ боломжийг зөвхөн E-9, E-8, H-2 гэсэн визтэй гадаадын иргэдэд эргүүлэн олгодогоос манай гэрээнийхэн E-9 визтэйгээр хөдөлмөр эрхэлдэг учир өөрийн төлсөн 4,5%, эзний төлсөн 4,5% нийт 9%-ийн төлбөрийн нийлбэрээ буцаан олголтоор авах юм.

Жишээ нь: Иргэн А, 1,500,000 воны цалинтай ба тэтгэврийн даатгалд 67,500 вон, мөн түүний эзэн 67,500 вон нийт 135,000 воныг сар бүр төлдөг. 4 жил 10 сар ажиллахдаа 135,00вон x 58 сар = 7,830,000 вон буюу өөрийн цалингаас төлсөнийгээ 2 дахин үржүүлсэн нийлбэрийг эргүүлэн авч явна гэсэн үг. (4 жил 10 сарын хугацаатай 100% хүүтэй банкны хадгаламж гэж ойлгож болно)

Харин Монгол улсын Тэтгэврийн даатгалд хамрагдвал 40,000 вон төлөх бөгөөд дээрхээс татгалзаж чөлөөлөгдөх бөгөөд Хөдөлмөрийн гэрээнээс бусад ангилалын визээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хувьд энэ нь харин ашигтай байдаг.

Солонгосын ажил олгогч нь өөрөө 4,5%-ийн Тэтгэврийн даатгалыг төлөхгүйн тулд Монгол улсын тэтгэврийн даатгалдаа хамрагдаж Солонгосын тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөхийг шаардах явдал нэлээдгүй гардаг бөгөөд СОНГОХ ЭРХ нь ТАНД буюу ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ АЖИЛТАНД байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Үйлдвэрийн эзэн ч юмуу хэн нэгэн бусад этгээд Таны ирээдүйн баталгаа болох ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫГ таны өмнөөс сонгох эрхгүй ба энэ нь хуулиар хамгаалагдсан хүний эрх, мөн хуулинд заасан үүрэг, хариуцлага мөн гэдгийг хэлье.

Солонгос улсад Тэтгэврийн даатгал төлөгдөн явж буй эсэхээ 1355 дугаарын утсаар (Солонгос хэлээр) лавлаж болно.

Харин Солонгост ажиллаж байх хугацаандаа Монгол улсыхаа нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдаж, тэтгэврийн даатгалаа төлж явах нь ажилласан жилд тооцогдох болон тахир дутуу болох, нас барах зэрэг тохиолдолд эрсдлээс хамгаалах сайн талтай ба Солонгосоос буцаан олголтоор авсан мөнгөө авсны дараа Монгол улсдаа эргэн ирж нөхөн төлөх боломж мөн байсаар байна. Гэхдээ миний зүгээс тэтгэврийн болон нийгмийн даатгалаа сайн дураараа тухайн цаг үедээ төлж явах нь ажилтанд эрсдлээс өөрийгөө хамгаалж явахад хэрэгтэй гэдгийг санал болгож байна. Монгол улсын Тэтгэврийн даатгалын (өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны) тухай мэдээллийг доорхи линкээс харж болно.

http://www.ndaatgal.mn/v1/info/tetgever

2. Ажилгүйдлийн болон үйлдвэрийн ослын даатгалаас чөлөөлөгдөж огт болохгүй бөгөөд Ажилгүйдлийн (хөдөлмөрийн) даатгалд ажилчин цалингийн 0,65%-ийг төлж үйлдвэрийн ослын даатгалыг ажил олгогчийн зүгээс шууд хариуцдаг. Хэрэв муу зүйл тохиолдож Солонгос улсад үйлдвэрийн осолд орвол үүнтэй холбоотой зардлыг Монгол улсын үйлдвэрийн ослын даатгалаас гаргуулж нөхөн олговор авна гэдэг нь бодит амьдрал дээр маш хүндрэлтэй бөгөөд энэ талаархи ослын эрсдлийн баталгаа нь Солонгос улс маш өндөр түвшинд хамгаалагдсан байдаг тул тус улсын хуулийн дагуу үйлдвэрийн ослын даатгалдаа хамрагдаад явж байх нь өөрийгөө эрсдлээс хамгаална гэсэн үг юм. (Тэгээд ч ажил олгогч энэ даатгалд өөрөө хамрагддаг. Ажилчны цалингаас авахгүй)

Солонгос улсын албан ёсны 4 даатгалын тооцооллыг өөрийн авч буй цалингаа оруулан доорхи хүснэгтэнд хийж тооцоолон харж болно.

http://www.nps.or.kr/jsppage/business/insure_cal.jsp

БНСУ-ын Күүкминий Их Сургуулийн докторант, багш Ц.Өнөрзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.