Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 21-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унахыг хориглож тодорхой арга хэмжээ авч эхлэхээр болсноо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд болж буй Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн дээр мэдэгдлээ. Г.Занданшатар сайдын хэлснээр, Төрийн албаны бүх машинд "Төрийн албаны машин" гэсэн тэмдэглэгээ, наалт наах юм байна. Мөн утасны дугаар байрлуулж өөр зориулалтаар ашиглаж байвал утасдаж мэдээлэл өгч байх боломжийг иргэдэд бий болгох аж. 

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчдээс бүрдсэн 800 хүн оролцож байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ,

Манай улс 2016 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 188 орноос 92-т, аз жаргалын индексээр 140 орноос 136-д өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102-т, логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108-д, бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 56-д, байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111-т тус тус орж байна. Эндээс харахад ихэнх үзүүлэлт нь дэлхийн дунджаас хойгуур, зарим үзүүлэлт нь сүүл мушгиж байна. Төр болоод төрийн алба нь нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч байх үүрэгтэй учраас уг асуудлыг өөр хэн нэгэнд займчуулах арга байхгүй. Төр нь төр шиг, төрийн алба нь хариуцлагатай байж улс орон хөгжинө гэдгийг

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан. Хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албаны удирдлагад чадахуйн зарчмыг мөрдлөг болгож, төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх явдал юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Төрийн албаны тухай шинэ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө. 

Тогтвортой, чадварлаг төрийн алба нь хөгжлийн бодлогын амин сүнс. Гэтэл төрийн алба нь улс төрөөс хэт хамааралтай болж, тогтвортой, мэргэшсэн байдал алдагдаж, төрийн чадавхи суларч байгаа нь энэ бүхний шалтгаан болж байна.

Иргэд баялаг бүтээгчид шударга, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг хүсч байна. Засгийн газар төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сахих талаар тодорхой арга хэмжээ авч байгаа ч сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй хүн төрийн албанд ажилласаар байна. Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг үүнийг нотолж байна. ЗГХЭГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас яам, агентлагт явуулсан шалгалтын дүн давхар гэрчилж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай болгон шинэчлэх, цомхон мэргэшсэн төрийн албатай болох үйл ажиллагааг Төрийн албаны шинэ хууль хэрэгжихтэй зэрэгцэн явуулна.

Мөн тэрбээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлыг танилцууллаа.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор гаргасан Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, ёс зүйн хороо байгуулах, төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулах зэрэг зохин байгуулалтын ажил хийнэ гэж мэдэгдлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.