Тариалангийн талбай цасанд даруулж, ургац хураалтад хүндрэл учирлаа

Twitter Print
2018 оны 09-р сар 21-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Баруун аймгаас эхлээд төвийн бүсийн аймаг хүртэл өчигдөр /2018.9.20/ цас орж, цасаар шуурч тариалангийн талбайд нэлээд хүндрэл учрууллаа. Зүүн бүсийн нутгаар өнөөдөр цасан шуургатай байна. Улсын ургацын штаб орон нутгаас мэдээлэл авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Орон нутгаас ирүүлсэн мэдээгээр,

  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд бага зэрэг бусад бүх сумын талбай цасанд дарагдсан. Ойролцоогоор 25-30 см зузаан цастай байгаа. Ялангуяа Хүдэр, Ерөө сумын хувьд байдал илүү хүнд байна.

  • Төв аймгийн Эрдэнэсант бараг цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай. Бусад тариалангийн бус нутаг тэр дундаа Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт сумын талбай цасанд дарагдсан. Жаргалант, Борнуур суманд 30 см орчим зузаан цас орсон байна.

  • Дархан-Уул аймагт орсон цас хайлж байна. Талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч байна.

  • Хөвсгөл, Булган аймагт цас бага орсон. Цагийн байдал хүндрээгүй байна гэх мэдээллийг өглөө.

Цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг харахад зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдад хандан сэрэмжлүүлж байгаа.

ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзориг  “Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллаж байна. Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах. Мөн оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж байна” гэв

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад өгсөн чиглэлийг хүргэж байна.

  • Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах

  • Ургац хураалтын  шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

  • Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах

  • Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

​Жич: Тариа цасанд дарагдсан энэ үед тариа руу мал оруулахгүй байх чухал юм. Цасанд дарагдсан тариаг сэргээх арга байдаг ч малын хөлд талхлагдвал сэргэхэд хэцүү болдог байна. Иймд шуурга салхинд уруудсан малыг санаатай, санамсаргүй байдлаар тариан талбай руу оруулахгүй байхыг нийт малчид, иргэд онцгойлон анхаарах хэрэгтэй юм байна.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.