17-хон настай Украйны жүдоч Дарья Белодед дэлхийн аварга боллоо

Twitter Print
2018 оны 09-р сар 21-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Украйны залуу жүдоч 17-хон настай Дарья Белодед “Дэлхийн аварга” боллоо. Украины залуу жүдоч Дарья Белодед 2017 онд 16-хан насандаа насанд хүрэгчдийн Европын аварга болж, өнөө жил оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, ганц ч бөхөд өвдөг шороодоогүй юм.

Үүгээр ч зогсохгүй он гарснаас хойш алтан медаль хүртсэн түүний таван тэмцээний хоёр нь нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй “Их дуулга, гурав нь гран при ангиллынх гээд бодохоор яалт ч үгүй давтахад бэрх амжилт билээ. Үүгээрээ 2018 онд хамгийн өндөр амжилт гаргасан жүдочдын жагсаалтыг тэргүүлж байгаа тэрбээр тамирчны замналдаа хоёрхон удаа дийлдсэн нь “Ялагдашгүй” гэх тодотголын эзэн болгож байна. Улсынхаа Киев хотын 328 дугаар сургуулийн сурагч Д.Белодед хоёр талаасаа бөхийн удамтай юм.

Түүний аав ДАШТ-ий хүрэл медальт (2005), Европын хошой аварга (2001, 2003) Геннади Белодед, ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга С.Кузнецова юм. Д.Белодед зургаан настайдаа аав, ээж хоёроороо жүдо заалган, өдгөө ч тэднийхээ удирдлагад бэлтгэлээ базаадаг. Аав, ээж нь түүнийг багад нь гимнастикийн дугуйланд бүртгүүлсэн ч “Зөвхөн жүдогоор хичээллэнэ” хэмээн зүтгэсээр жүдоч болсон юм билээ.

Тэрбээр багаасаа олны хараанд өртсөн тамирчин. Улсынхаа хамаг л тэмцээнд насныхаа ангилалд түрүү алдаагүй Д.Белодед ирээдүйд их юм дуулгахаа 2014 онд тод харуулсан. Тэр нь Украины 16 хүртэлх насны ангиллын аварга шалгаруулах тэмцээн байлаа. 13-хан настай, өндөр, туранхай охин өөрөөсөө насаар эгч тамирчдыг ялсаар түрүүлэхдээ дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр тус тэмцээнээс алтан медаль хүртсэн хамгийн залуу жүдоч болсон түүхтэй. Түүнээс хойш ч ялагдалгүй өрсөлдсөөр дараа жил нь 16 хүртэлх насны ДАШТ-д түрүүлжээ.

Д.Белодедын өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэрбээр энэ тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав. Өнгөрсөн жил Нидерландад болсон гран прид түрүүлсэн Д.Белодед “Хөх хот-2017”-оос хүрэл медаль хүртэхдээ Италийн Ф.Миланид, ДАШТ-д зодоглохдоо гуравдугаар тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэгт дийлдсэн. Тамирчны замналдаа хоёрхон удаа ялагдсан нь энэ юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.