Украин улс Северодонецкоос цэргээ татлаа

Twitter Print
2022 оны 06-р сар 25-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Украины цэргүүдэд Северодонецк хотыг орхихыг үүрэг болгожээ

Украины зэвсэгт хүчнийхэнд Северодонецк хотыг орхихыг удирдлагуудаас нь үүрэг болгосон талаар Луганск мужийн захирагч Сергей Гайдай мэдэгджээ. 

Украины зүүн хязгаарт байрлах Северодонецк хот Оросын талаас тасралтгүй бөмбөгдөлт, цохилтонд өртөж байгаа билээ. Украины цэргүүд тус хотыг орхиж явснаар оросын цэргүүдэд Луганск мужийг бүхэлд нь хяналтанд авахын тулд Лисичаньск хотыг эзлэх л үлдэх юм. 

Москва Украины Луганск болон Донецк мужийн байрлах Донбассын бүс нутгийг бүхэлд нь хяналтандаа авах зорилт тавиад байгаа билээ. 

Северодонецк хот руу хүрэх бүх гүүрэн гарцуудыг Оросын арми устгасан ба  Украины цэргүүд Оросын армид бүрэн бүслэгдэхээсээ өмнө Северодонецк хотоос гарч, шинэ байршил олж, тэндээсээ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх аж. 

Оросууд Северодонецк хотын дэд бүтцийг бүхэлд нь сүйтгэжээ. Хотын байшин барилгуудын 90 хувь нь цохилтонд өртөж, 80 хувь нь ноцтой сүйджээ. 

Дайнаас өмнө 100 мянга орчим хүн амтай байсан тус хотод өнөөдрийн байдлаар хэдэн зуун энгийн иргэд үлдсэний дийлэнх нь Азот химийн үйлдвэрийн доор нуувчинд хорогдож байгаа аж. 

Сүүлийн хэдэн хоногт Оросын армийн Северодонецк болон Лисичаньск хотын ойролцоох бүс нутгийн давшилт амжилттай явагдаж байгаа ч Сергей Гайдай өндөрлөг газарт байрлах Лисичаньск хотыг эзлэх нь оросуудад амаргүй байх болно гэдгийг онцолжээ. 

Дээрх хотуудад хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байгаа ба иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсээр байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.