Ли Кэчян: Хятад улс татварыг өргөн цар хүрээнд хөнгөлж, гадаад дотоодын аж ахуйн нэгжид адил тэгш хандана

Twitter Print
2018 оны 09-р сар 20-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу эн сарын 19-нд Тяньжин хотноо 2018 оны Дэлхийн эдийн засгийн форумын шинэ манлайлагчдын жил тутмын чуулган буюу Давосын зуны XII чуулга уулзалт нээгдэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6 дахь жилдээ тус чуулганд оролцож, илтгэл тавьсан юм.

Тэрээр хэлсэн үгэндээ: БНХАУ нээлттэй байдлаа улам тэлж, өөрчлөлтөө гүнзгийрүүлж, зах зээлд оруулах стандартыг чөлөөтэй болгон, бодлогоо ил тод байлгаж, шударгаар хянаж удирдана. Аж ахуйн нэгжүүдийг гадаад дотоод гэж ялгалгүй, Хятад улсад бүртгүүлсэн бол засаглалыг цомхотгох, татварыг буруулж чөлөөлөх, шударгаар хянаж удирдах зэргээр ашгийг тэгш хүртдэг болгоно гэжээ. Энэ удаагийн чуулга уулзалт “Аж үйлдвэрийн IV хувьсгалын явцад инновацтай нийгэм байгуулъя” уриан дор болж, дэлхийн 100 гаруй улс орны улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 2300 гаруй төлөөлөгч оролцсоноороо шинэ рекорд тогтоож, Хятад улс болон дэлхийн эдийн засгийн форумын хамтран ажилласан 40 жилийн туршийн хамгийн том чуулган болж байна. 

Нээлтийн арга хэмжээнд Ли Кэчян хэлэхдээ: “Одоо Хятад улс дэвшилтэт технологийн үйлс, шилдэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийг толгойлж, үйлчилгээний салбарын шинэ төлөв, шинэ хэв загвар тасрахгүй бий болгож, аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөн сайжруулах ажил түргэсэж байна. Эдийн засгийн өсөлтийн 1/3 хувийг шинэ хөдөлгөх хүч бүрдүүлж байгаа нь эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжилд найдвартай суурь тавьж өглөө” гэжээ.   

Ли Кэчян: Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг 6.8 хувийн хурдтай өсөж, 12 улирал дараалан 6.7-6.9 хувийн хооронд тогтвортой байж ирлээ. 2018 оны эхний 8 сард үндэсний хэмжээнд хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байр 10 гаруй саяд хүрч, ажилгүйдэл 5 орчим хувьтай байлаа. Ерөнхийд нь үзвэл Хятадын эдийн засаг тогтвортой өсөх хандлагаа барьж, ялангуяа хөгжлийн шинэ хөдөлгөх хүч улам эрчимжиж байна гэжээ. Тэрээр: Хятадын засгийн газар сүүлийн хэдэн жил татварыг хөнгөлж, тогтолцооны чанартай зардал, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн зардлыг үр дүнтэй бууруулж, бизнес эрхлэх орчныг сайжруулан, аж ахуйн нэгжүүд чанараа сайжруулж, үр ашгаа нэмэгдүүллээ. Хятад улс цаашид татварыг өргөн цар хүрээнд хөнгөлж, зардлаа хэмнэх болно гэжээ.

"Бид татварыг хөнгөлж, зардлыг бууруулах хүчээ нэмэгдүүлж, нэгэнт тохирсон татварыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд тулгарсан шинэ дарамтыг арилгаж, татвар бууруулах бодлогыг судалж боловсруулна. Энэ бүхэн Хятадад бүртгүүлсэн гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хандах боломж бүрдүүлэх юм. Мөн бизнес эрхлэх орчин бүрдүүлж, засаглалыг цомхотгох, шударгаар хяналт тавих зэрэг бодлого барьж, гадаадын хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээлд тэгш эрхтэй өрсөлдөх боломж бүрдүүлнэ."

Ойрын үед юанийн ханш хэлбэлзэж байгааг зарим хүн Хятадын зориудын үйлдэл гэж үзсэнтэй холбогдуулан Ли Кэчян: Энэ бол бодит байдалтай нийцэхгүй, юанийн ханш унах нь Хятад улсад ашиггүй юм гэжээ.

"Юанийн ханш унах нь Хятад улсад ашиггүй. Хятад улс ханшаа бууруулах замаар сэдэл өгөхгүй. Хятад улс ийм арга хэмжээ авахгүй. Валютыг тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлж, зах зээлийн валютын өөрчлөлтийн чиглэлийг баримтална."       

Ли Кэчян Хятадын гадаадад нээлттэй байх үйл хэргийг танилцуулахдаа: Хятадын эдийн засаг нээлттэй байдалд өсөн нэмэгдсэн. Энэ оноос хойш, Хятадын засгийн газар үйлчилгээний салбар, ялангуяа банк санхүүгийн салбарын зах зээлд орох стандартыг ихээхэн чөлөөтэй болгосон. Эдгээр бодлогыг одоо түргэн хэрэгжүүлж байна. Мөн Хятадын тал зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг улам бууруулж байна гэжээ.  

Эхний ээлжинд эм бэлдмэл, өдөр тутмын хэрэглээний зарим барааны гаалийн татварыг бууруулсны үндсэн дээр одоо заримбүтээгдэхүүний импортын гаалийн татварыг бууруулж байна. Гаалийн татварын түвшин үргэлжлэн буурна. Импортын зарим зохисгүй татвар хураамжийг цэгцэлнэ. Энэ нь Хятад улсын бие даан нээлттэй бодлого хэрэгжүүлэх сонголт, мөн дотоодын үйлдвэрлэлийг шинэчлэн шат ахиулахын төлөө юм. Хятадын хэрэглэгчдийг улам өргөн сонголтоор хангахын төлөө, мөн эдийн засгийн даяаршлыг ахиулахын төлөө юм гэжээ.  

Ли Кэчян хэлэхдээ: Хятадын засгийн газар иргэний эдийн засаг, нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого, арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, иргэний эдийн засгийн хөгжлийг боогдуулж байгаа бүх төрлийн саадыг арилгана гэжээ.

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.