Ц.Хулан - Нөхөртөө хэлсэн үг

Twitter Print
2018 оны 09-р сар 19-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Нөхөртөө хэлсэн үг

Явлаа би! Шөнөдөө л эргэж ирэх байх шүү

Яруу найрагч бүсгүй хүн өөрөөр амьдардгийм

Айлын гэргий болж галыг чинь манаснаас хойш

Алдрын болор хэвнэгтэй шивэгчин болж гүйцлээ!

Туул голын усыг бидэр хээ таттал

Тунгалагхан инээлдэж нөхөд минь наргиж байгаа

Тэдэн рүүгээ явлаа!

Дуулиан алдрыг минь надтай цуг бүтээсэн

Дундрашгүй сайн муу нөхөд хаана хэзээд бэлэн байгаа

Тийшээгээ явлаа!

Мөнгөрсөн санчигтай Сэнгийн Эрдэнийг гэрээс нь оргуулж

Мөнхөрсөн гоо Санжмааг нь яриулан нулимс арчиж байснаас

Хар зандан тавилгыг өглөөдөө ёс юм шиг зүлгэдэг

Ханат гэрийн зардас яваагүй ээ би, нөхөр минь!

Дарс шампаансаг оргиход уран цэцнийг урсгадаг болохоос

Данхтай цай дэврээхэд уулга алддаг чавганц бишээ санавал

Гэрээс гарч малгайн тоос үргээе!

Гэргийн албанаас өнөө нэг чөлөөлөгдөе!

Би ямар чамтай эс бүхнээрээ холбогдож

Бий үгүйг чинь мэдээлж суудаг лавлах товчоо биш

Урианхай, Бадарч бугайг дагуулсан шиг хаа нэгтээ савъя байз

Уранхай оймс, оройн хоол… чамайгаа ч мартаад жинхэнээсээ нэг сэвье байз…

Айлын харчуулаас Таныгаа дор гэсэнгүй

Авдар шиг цээжинд чинь гэвч эрээн хормогч зохихгүй

Гавьтай гавьгүй цэнгэлээс шүлгийн санаа олдохгүй

Гал алдаж чи минь л зутарч суухаас хэтрэхгүй

Явахаа больдогч юм билүү?

Найзхан хонгор минийхээ үнэнч хишигтэн

Найргийн чин сүсэгтэн ханиасаа уйдчихвал

Татарч үзээгүй мөрний эрэг дээр

Тавтиргүйдээ хайргадсан загас шиг болбол би яана?

Ерөөсөө больё!

Амьдрал гэдэг шүлэг биш, тэрнээс долоон дор юм байдаг

Арай дээр болгох гэж үгээр аргаддаг

Хамаг орчлонг аварна! гэх найрагчийн андгай

Хажуудахаа хайрлах тэвчээрээс эхэлдэг!

Сэнтийтэй уулсын орой надад харагдаж л байхад

Сэхээвчээрээ би тэр зүг дээжээ өргөсөөр л байхад

Орчлонгийн булайгаас цэрвэж чихээ бөглөөд

Орогнол эрсэн Янжинлхам манайд залардгаараа заларна!

Онгод эрж би хаашаа гүйх юм,

Одоохон харья!

Хамгийн дундаас очиж очиж найрагч хүүхэн авч

Хатуу зөөлөн хоёрт минь балбуулдаг ганц эр хүн

Хаштай гаанс тогшиж, гэзэг тавих завгүй

Халхын нэгэн Юндөн гөөгөө – Миний хань

Үүдээ тайлаа!

 

Яруу найрагч Ц.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • нэг ангийн найз

      (203.217.139.226) 2018-09-20 09:37
      • 0
      • 1

      Баярлалаа Хулан. Наызбг минь өдиы болтол сайхан асарч байгааг бид бүгд мэднээ.

      Хариулах