Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймагт нээлтээ хийлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 19-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөөдөр Архангай аймагт нээлтээ хийлээ.

Өнгөрөгч зун Булган, Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нийт 2,000 гаруй иргэдийг цусны даралт ихсэх өвчин болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, мэдлэг мэдээллийг олгож чадсан билээ. Тэгвэл энэ удаа аяны гурав дахь аймаг болох Архангай аймагт нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн аймгийн иргэдэд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгож, даралтыг нь үнэ төлбөргүй үзэж, эрсдэлт бүлгийг тодорхойлон зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Мөн аяны багийнхан аймаг, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуула нээлттэй өдөрлөгийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудтай хамтран иргэдийн даралтыг хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлон цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэгт хамруулахын зэрэгцээ тэдэнд энэ өвчний эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр цусны даралт нь өндөр гарсан болон зүрх судасны өвчин илэрсэн иргэдэд III төв эмнэлгийн эмч нар нарийвчилсан үзлэг оношилгоог хийж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллах юм. Аяны хүрээнд ХААН Банкны Архангай салбарт даралтны аппарат бүхий эрүүл мэндийн буланг нээж, цаашид иргэд банкны үйлчилгээг авахын зэрэгцээ эрүүл мэнддээ анхааран өөрийн даралтыг үнэ төлбөргүй шалгах боломжтой болж байна.

Монголчуудын дунд ихээхэн тулгардаг зүрх судасны өвчин болон цусны даралт ихсэх өвчний тухай мэдлэг мэдээлэл, үзлэг шинжилгээг эмнэлгийн үйлчилгээ дутмаг, хөдөө орон нутгийн иргэдэд хүргэснээр энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” 9-р сарын 20-оос Баянхонгор аймагт үргэлжилнэ.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.