Нарны илчинд наадах Наурызын баярын мэнд хүргэе

Twitter Print
2017 оны 03-р сар 22-нд 07:28 цагт
Мэдээний зураг,

Казак үндэстэн ард түмний үндэсний баяр болох Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Наурыз гэдэг Перси гаралтай vг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Энэ утгаараа Цагаан сартай ижил гэж ойлгож болно.

Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казак, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурддаг. Бие биедээ “Улыс он болсын, ак мол болсын” гэж ерөөн мэндэлнэ. Мөн хүүхэд залуус нь үндэсний тоглоом тоглож, эрчүүд нь “Көкпар” буюу тулам булаалдаж тоглодог байна. Энэ баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр улс оронд янз бүрээр нэрлэнэ. Наурыз нь тухайн улс үндэстний ёс заншилд өөрийн гэсэн байр суурь эзэлдэг баяр. Казах түмний дундах домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр бурхан бууж ирж цэмцийсэн цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй сайн сайхан байдаг” гэсэн ойлголтоор Наурызыг угтан гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг.

“Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж vзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн бэлгэдэж ирж буй жил сайхан жил болно гэж бэлэгддэг байна. 

Харин 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, түүнийг хvлээн авахаас Наурыз эхэлдэг. Дараа нь, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгөө золгодог. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм.

Айл болгон сүү цагаан идээ, будаа, мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засдаг. Долоон төрлийн зүйлээр амталсан “мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино” наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бүр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл ажээ. Нэг үгээр хэлбэл, Цагаан сараар айл болгоноос бууз иддэг бол Наурызаар айл болгоноос шөл ууна гэсэн үг юм. Мэдээж мах болон бусад хоол байсан ч шөл заавал ууна.

Наурызын өдөр гэр орноосоо хол, замд яваа хүн болон зочлон орж ирж чадаагүй өндөр настан буурлуудад өөрсдийн хувийг заавал үлдээнэ. Архи дарс хэрэглэх ёсгүй Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог. Мөн мөнгө төгрөгөөр золгох, бэлэг сэлт өгөх, авах ёс байхгүй. Yүгээрээ Цагаан сарын баяраас ихээхэн ялгаатай. 

Орой болж, нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч, муу, сайн, дулаан хvйтэн, өвөл зуны тэмцлийг дүрслэн үзүүлсэн харилцаа тэмцээ буюу “Айтыс” эхэлдэг аж. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асаан тойрон бүжиглэн дуулж хуурдацгаадаг. Yүнийг “Алатау” буюу галд шүтэх галаар ариусгах ёслол гэж нэрлэдэг. 

Залуучууд шөнөжин ардын уламжлалт тоглоом тоглон наадна. Yүр цайх vед бүгд ойролцоо орших аль нэг дэнж ууланд гарч ургах нараа угтан авна. Урган гарах улаан нарыг баяр баясгалантай тосч, буян хишгээ хайрла хэмээн сүү цагаан идээнийхээ дээжийг өргөн гэр гэртээ харьцгаадаг. Мөн Наурызын баяр ёс төр ихтэй. Ширээн дээр эсвэл газарт дэлгэсэн том алчуурыг дастархаан гэнэ. Түүн дээр долоон төрлийн идээ будааг багтаж ядтал нь өрнө. Гол байрыг баварсаг буюу боорцог эзэлнэ. Цайгаа ууж, дастархаантай идээ будааг идсэний дараа том цартай мах байрыг нь эзэлнэ.

Мах идэхийн өмнө хүмүүс гараа бүлээн усаар угааж дараа нь, хүн бүр хоёр алгаа дэлгэж хамгийн ахмад нь эрүүл энх байж, сайхан хоол зооглож байхын ерөөл тавьж тэнгэр бурхандаа талархал илэрхийлнэ. Гэрийн эзэн махыг жижиглэн хэрчинэ. Хонь, үхрийн мах, казыг хамтад нь чанана. Махаа идэж дууссаны дараа шөлөнд чанасан көже гэх аарцтай будааг аягалан хүн бүрт барина. Дараа нь сайхан үгс хэлэлцэж, хүссэн хэмжээгээрээ идэж, ууж хөөрөлдөн домбороо хөглөн дуулж хуурдан хөгжимдөнө. Гэрийн эзэн, эзэгтэй нар зав зай өгөхгүй ид, уу гэж шахна. Ер нь бүх л казах айл ийм байдаг. Тэд зочныг яриа хөөрөөтэй, ууж идэхдээ нэрэлхэхгvй байвал талархдаг.

Монголд Казак үндэстнийхээ нэрийг мандуулсан олон гавьяат бий. Монгол улсад нийт 150 мянга гаруй казах иргэн аж төрдөг гэсэн судалгаа бий. Тэдний 90 мянга гаруй нь Баян-Өлгий аймагт амьдардаг. 1990 оноос эхлэн казах иргэд Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон билээ. Мөн энэ оноос эхэлж казах иргэдийн их нүүдэл эхэлсэн ч гэж үздэг. 1990 оноос хойш Казахстан улс руу 65 мянга гаруй иргэн шилжжээ. Гэвч төрж өссөн газар шороогоо гэсэн казак иргэд сүүлийн жилүүдэд олноор буцаж ирэх болсон аж.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.26.36) 2017-03-22 09:17
      • 0
      • 0

      Наурыз баярын хажуугаар харамсах зүйл зах хязгаар нутагт монголын хууль монгол хэлийг хэрэглэхээ байсан, даварсан Хасагууд. Нас барсан хүнийхээ шарилыг Монголчуудын өвөлжөөн дээр аваачиж тавиад түүнээс нь монголчууд цээрлээд нутагаа орхиод нүүж, хасагуудад нутгаа алдаж байна

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.40) 2017-03-22 19:55
      • 0
      • 0

      Хохи нь за юу лалраа

      Хариулах