2018 оны 09-р сар 18-нд 19:46 цагт

Хоёр Солонгосын удирдагч нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны мягмар гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргийн хамт хоёр Солонгосын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пхеньянд хүрэлцэн очлоо. Түүнийг Пхеньяны нисэх онгоцны буудал дээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн БНАСАУ-ын Ардын дээд зөвлөлийн тэргүүн Ким Ён Нам, Ажилчдын намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол, Эх орноо тайван замаар эвлэрүүлэх хорооны дарга Ли Сун Гвон болон бусад албан тушаалтнуудтай уулзсан байна. Пхеньяны нисэх онгоцны буудалд Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон болон түүний хамгийн ойрын зөвлөх очсон байна.

Өмнөд Солонгосын удирдагчийг Пхеньяны нисэх онгоцны буудалд улаан хивс дэвсэн, хүндэт харуулууд жагсаж, цэргийн найрал хөгжим тоглож угтжээ. Тус онгоцны буудалд Солонгосын үндэсний хувцасаар гоёсон эмэгтэйчүүд болон ёслолын хувцас өмссөн эрчүүд цэцэг, Хойд Солонгосын болон Солонгосын хойгийг нэгтгэх утга бүхий цэнхэр өнгийн дүрстэй цагаан туг барьж жагсан баяр хүргэж угтлаа. 

Дараа нь Мүн Жэ Ин Ким Чен Унтай нэг машинд суун, Пхеньяны нисэх онгоцны буудлаас Хойд Солонгосын Засгийн газрын Пэкхвавон ордон тийш хөдөлсөн байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр орны удирдагчид өглөөний цайгаа хамтдаа уусны дараа эхний яриа хэлэлцээгээ хийжээ.

"Хоёр Солонгос хийгээд АНУ болон Умард Солонгосын эрх баригчдын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна" хэмээн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Пхеньян дахь өндөр дээд түвшний яриа хэлэлцээг нээж үг хэлэхдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хандан талархал илэрхийлсэн байна.

“Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг би 3 дахь удаагаа угтан авч байгаа бөгөөд бид үнэхээр ойр дотно болж байна гэж би бодож байна. Бид амжилт гаргаж чадсан нь Мүн Жэ Ины гаргасан хүчин чармайлтын ач тус юм. АНУ болон Умард Солонгос хийгээд хоёр Солонгосын харилцаа сайжирсан” гэж тэрбээр хэлжээ.

Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар хоёр удаа яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн бөгөөд айлчлал есдүгээр сарын 20-ны өдөр өндөрлөх юм.

Өмнөдийн ерөнхийлөгчийг угтаж буй сэтгэл хөдөлгөм үйл явдлаас та бүхэнд толилуулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.