Улаанбаатар хотын ногоон бүсийн ойгоос ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхийг хоригложээ

Twitter Print
2018 оны 09-р сар 18-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

Ойн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.12-р хэсэгт “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлдэг. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн орон нутгийн ойн анги болон нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг байгаль хамгаалагч олгодог.

Нийслэлийн ногоон бүс нь нэгдүгээр зэргийн ойн сан ба хамгаалалтын бүсийн ойд хамаардаг тул иргэд ойн дагалт баялгийн нөөцийг ахуйн зориулалтаар, ойн дагалт баялаг ашигласны төлбөрийг тухайн газар нутаг хариуцсан байгаль хамгаалагчид тушаан, тогтоосон хэм хэмжээнд түүж бэлтгэх эрхтэй.

Хууль, журам зөрчин ойн дагалт баялгийн нөөц түүж бэлтгэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн долоодугаар бүлэгт байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчилд хамааруулан 7.9 дүгээр зүйлд зааснаар Ойн тухай хууль зөрчих 1. Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

Иймд иргэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ойн дагалт баялгийг хууль журмын дагуу, тогтоосон хэм хэмжээгээр, боловсорч гүйцэсний дараа буюу зөвшөөрсөн хугацаанд түүж, бэлтгэхийг зөвлөн, анхааруулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/312 дугаартай “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалын хавсралтаар “Хуш модны самрыг ахуйн зориулалтаар бэлтгэх аймаг, сум, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын нэрс”-ийг баталсан жагсаалтад Нийслэлийн ногоон бүс ороогүй тул Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсийн ойгоос 2018 онд ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгүүлэхгүй болохыг Нийслэлийн байгаль орчны газраас мэдэгджээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.