Дорнын эгшиглэнт алтан аялгуу

Twitter Print
2019 оны 02-р сар 15-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Анхны цас унаж, айлууд өвөлжөөндөө буухын цагт ачаа хөсөг харгалдсан намрын уварч цуварсан их нүүдлийн ард шивээ ганхсан шаргалхан талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд нэвт шувт гулс гулс алхалсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг тэнгэр, газрын савслаганд бүдчин дэгсээр бараа тасарна. Ачаан дээр даруулсан хуурын хялгас хээрийн хэлгий хөх салхинд хэл орон хүнгэнэж “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу сонсголын үзүүрт холдон ойртон эгшиглэнэ. Нутаг усаа гэж өрц хөндүүрлэн нулимс унагаасан Бавуугийн Лхагвасүрэнгийн ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүрийг сөхвөл ийм буюу... Тээр жил залуу, тэнэгхэн насандаа намайг Сайншандын гудамжинд эмээлтэй морио алдсан амьтан шиг согтуу гэлдэрч явахад Бавуугийн Лхагвасүрэн нэгэн захидалдаа:

Улаан булангийн орой дээр

Хатгаад мартсан туг шиг

Ухаа толгодынхоо дунд

Гундаж л явна уу, Догмид минь... гэж их л харамссан толгой сэгсэрсэн дөрвөн мөр бичсэн байж билээ. Тэр цагт бид хоёрын хэн хэн нь ажил, сургуульгүй хот хөдөө хоёрт “багтаж ядсан” амьтад нохой шуугиулж явжээ. Лхагвасүрэнгийн цөөн тоогоор алдаг оног хэвлэгдэх шүлгүүдийг эрх, дархтанууд дотроо дуртай ч дургүй ч хүлээн зөвшөөрч чимээгүйхэн өвдөг сөхөрч байсан нь маргашгүй үнэн боловч баахан билэг төгөлдөр араншин, чөлөөт сэтгэлгээтэй, эрхэмсэг задгай хувцасласан тэр их үстэй хархүүгээс амьхандаа сүрхий цэрвэдэг байж. Тэр бүхнийг их бага түшмэдүүдийн хуурамчхан инээмсэглэлийнх нь цаадах итгэлгүй харцнаас нь Лхагвасүрэн ч төвөггүй уншдаг байлаа. Зохиолчдын хороонд дансгүй шахам болсон архичин намайг түм түчигнэж бум бужигнасан дөрвөн уулын дундаас тэр их шүлэгч үгүйлж, хайрлаж харамсч явдаг байх нь. Би үхээгүй амьд байгаа юм байж гэж нөхөртөө баярлаж, өөртөө гомдох сацуу хоолой торсхийн зангираад явчихаж билээ. Далан найман онд бил үү дээ. Хөдөөнөөс хотод орж ирээд би Лхагвасүрэнгийнд очиход тосон будгаар нэг хачин зураг зурж “Алтан тал” гэдэг бальзам архиар намайг дайлсан нь ер мартагддаггүй юм. Нэг бүгээн морь бодлогоширсон нүднээсээ цусан нулимс дуслуулан зогсч байх бөгөөд түүний газарт дүрсэн яс нь цухуйсан хувхай шилбэнээс модны үндэс мөчир салаалан газрын гүн рүү хаван ургасан тухайн үедээ яггүй модернист зураг байсансан. Чин үнэнийг хэлэхэд тэр зургийн зохиомж, дүрслэл хөдөөний надад их л хол хөндий байсан ч миний гарын үзүүрт нэг барьцтай барьцгүй дүрс, өгүүлэмж тэмтрэгдэн урлагийг хийсвэрлэх хийгээд юмыг үзүүр ёзооргүй сэтгэх орон зайн мэдрэмжийг бага боловч ухааруулах шиг санагдсан. Мань эр Бүх холбоотын киноны дээд сургуульд оюутан байхдаа курсын ажил гэж аль ч хүний сэтгэлгээний арааманд багтахааргүй нэг гажиг жүжиг найруулж багш нараа сүрхий цочоон шуугиулсан юм гэсэн. Над руу харж буй энэ морины цусан нулимстай нүд нь аль эрт үхэж үрэгдсэн хэн нэгэн хүний сүнс, тэр газар хавсан үндэс мөчиртэй хөл нь аливаа амьтан төрөл арилждагаас бус үхэж алга болдоггүй тухай номлол гэж таасан. Ер нь цаг үеэсээ түрүүлэн нүд нээж, дотоод бясалгал, төрөлхийн авьяас тэмүүллээрээ нүгэлт орчлонгийн хар хөшигний араар өнгийж харсан “сахилга”-гүй хүн л ертөнцийг ийм нүдээр хардаг байх гэж санагдсан.

Өөрийгөө элээж өрөөлийг ирлэх
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий би ... 
гэж хаврын тэр нэг сайхан хонгор өдөр Лхагвасүрэн эмнэлгийн хашаанд надтай хамт сууж байгаад харсаар байтал бичсэнсэн. Энэ сонгодог мөрийг хүмүүс янз янзаар тайлбарладаг. Зарим нь энэ шүлгийг бурхан Лхагвасүрэнгийн чихэнд нь хэлж өгсөн юм гэж өөрөө бурханаас будаа идэхийг харсан мэд мэдэмхийрэхэд нөгөөх нь ухаанаар зодож бичсэн шүлэг байхгүй юу хэмээн айлдана. Гэтэл гурав дахь нь Лхагвасүрэн цэвэр онгодоороо “шаасан” бадаг гэлцэх нь бий. Молхи миний бие зуун жил үзэг, бийр түшиж үг хэлхэвч энэ цөөн мөр шүлгийг хэзээ ч хэлж чадалгүй нүд аних байсан биз гэж шаналах өдөр бий.

Архины амтанд тэгтэлээ ороогүй хэрнээ тэр заримдаа гар, сахал хоёр нь салганан чичирч зуун грамм уугаад үхэх юмсан гэж цалингийнхаа цэс дээр гарынхаа үсгийг зурж чадахгүй болтлоо шартсан хү