Хү Цэнжүн - Гэрийн сүлд /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 09-р сар 17-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

Төрд төрийн, сургуульд сургуулийн, үйлдвэрт үйлдвэрийн сүлд байдаг шиг манайд ч бас гэрийн сүлд гэж бий. Сонин байгаа биз? Манай сүлд бол загас, тотгонд сийлсэн загас. Үнэндээ хутганы үзүүрээр тойм төдий дүрс гаргаж сийлсэн, хүний нүдэнд загас л гэж харагдах хэдэн хэрчлээс юм.

Өвөө маань уул шиг дөрвөн хүүтэй байсан юм. Дундад иргэн улсын эхэн үед дайн дажин тасрахгүй, дөрвөн хүү нь илжиг шиг зүтгэж байж арай гэж голоо зогоож, амьдралаа авч явдаг байжээ.

Нэгэн шөнө аав маань морь харахаар гарахдаа гал тогооны өрөөнд хүний дүрс сүүтэлзэхийг хараад бусдыгаа дууджээ. Дөрвөн залуу мод шийдэм, сүх барин гарч ирээд гэрэл асааж, гал тогооны өрөөг нэгжсэн ч хүний ул мөр олдсонгүй. “Харанхуйд хий юм үзсэн байлгүй дээ” гэж ах дүү нар нь хэлэхэд аав маань “Яах аргагүй хүн байсан” гэж зүтгэлээ. Хөвгүүдийнхээ үймээнээр өвөө сэрж, тэднийг “явж унт” гэж хөөжээ. Хөвгүүд нь өрөөндөө орж чимээ тасарсны дараа өвөө усны бутангийн тагийг сөхөөд:

-Одоо нуугдах хэрэггүй, гараад ир гэж гэнэ. Дагжин чичирч, хувхай цайсан хулгайч эр усан хулгана болтлоо норчихсон, нэг гараараа бутангийн таг өргөж, нөгөө гартаа хулуулсан хагас уут будаагаа барьсаар босож иржээ.

Хулгайчийн хөөрхийлөлтэй царайг харсан өвөө маань:

-За хурдхан явж үз, хөвгүүд мэдэх юм бол арьсыг чинь өвчих вий гэлээ.

Ингээд явуулчихаж байгаад нь хулгайч эр итгэсэнгүй, чичрэн зогссоор байв. Өвөө хаалга өөд зангахад сая устай бутангаас гарч иржээ.

-Май, үүнийгээ аваад яв, чамд хэд хоногийн хоол болно гээд өвөө уутны дундуур будааг нь бариулж гэнэ. Хулгайч ямар нэг юм хэлэх гэсэн боловч ам нээж чадалгүй, нүдээ бүлтэлзүүлэн бөгтийж явсаар үүдэнд хүрэхэд өвөө маань түүнийг дуудан ганц гуулин зоос шидэж өгөөд:

-“Энэ мөнгөөр наймаа хийхийг бод. Хэдий болтол хулгай хийж амьдрах вээ дээ” гэтэл хулгайч өвдөг сөгдөн өвөөд хэдэнтээ мөргөөд гарж оджээ.

Нэлээд хэдэн сарын дараа аав үүдээ нээтэл хаалганы бариулаас загас өлгөсөн байж гэнэ. Өвөө гайхсан ч “Нөгөө хулгайч загасны наймаа хийж эхэлсэн юм байлгүй. Тэр л авчирч өгч дээ” гэж бодоод өнгөрчээ. Түүнээс хойш манай үүдэнд үргэлж загас өлгөсөн байх болж, хүүхдүүдээ гайхаад байхаар нь өвөө тэр шөнийн явдлыг ярьж өгсөн байна.

Бараг арваад загас авсныхаа дараа тэдэнд эвгүй санагдах болж. Арай гэж амьдралаа залгуулах ажил олж байхад нь дандаа ингэж бэлэг аваад байж болохгүй гэж бодоод гурван шөнө манаж байж загас бэлэглэгчийг “барьж авчээ”. Тэр нь өөр залуу эр байсан бөгөөд өнөөх хулгайчийн хүү юмсанж. Хулгайч асан өөд болохдоо ачтай айлдаа загас бэлэглэж байхыг хүүдээ захижээ. Манайхан залуугийн яриаг сонсоод толгой дохин сууж байв гэнэ. Өөд болоочийн үгийг бодож өвөө хутга авч загасчин залуугаар тотгондоо загас зуруулаад: “Одоо манай хаалга загасатай болсон учраас чи дахин загас бэлэглэх хэрэггүй” гэжээ.

Өвөөгийн үгийг бид өдий хүртэл санаж явдаг, байшингаа засах, хаалгаа солих болгондоо өнөөх загасаа сийлсээр байна. Энэ загас ийнхүү манай гэрийн сүлд болсон юм.

Зохиолч Хү Цэнжүн, Хятад улс

Орчуулсан: Б.Дүүрэнжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.