Аварга могойн үлдээсэн ТОСОН БУМБА

Twitter Print
2018 оны 09-р сар 17-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Домогт өгүүлснээр, Эрт үед тангад монголчуудын нутагт Баруунзуу хэмээх нэгэн хийдийг барьж босгож байтал нуруу мод нь унаад тогтохгүй байв гэнэ. Нутгийн мэргэн аршаас асуутал “Ар Халхын Наранбулаг хэмээх газарт нэгэн анхилуун үнэрт зандан мод бий. Тэр модыг авчирч нуруу хийвэл ариун сайхан сүм саадгүй босно” хэмээн айлджээ. Тангадууд зандан модыг авахаар иртэл нэгэн аварга могой ороогоод хэвтэж байв гэнэ. Алсаас ажиглан сахисаар могойг анд гарахад нь зандан модыг тайрч тэргэнд ачаалаад үтэр түргэн оджээ.

Могой эргэж ирээд их хэмжээний нулимс урсгасан нь үер болон бууж газрын гүнд шингэн хуримтлагдаж гэнэ. Дараа нь аагим нар гарч хэдэн өдөр үргэлжилсэн ган болоход аварга могой зандан мод байсан газрыг сахин хэвтсээр хатаж үхээд яс нь үлдсэнийг “Ястын нуруу” хэмээжээ. Харин могойн яс үргэлж тослог байж он цаг өнгөрсөн ч хувхайрч өгөршдөггүй байв. Хожим нутгийн ардууд нэрийг нь цээрлэж хүндэтгэн “Тостын нуруу” гэх болсон гэдэг.

Эдүгээ Тостын нуруу буюу Тосон бумбын уулс нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос баруун тийш 308 км, сумын төвөөс 40 км зайд оршиж, урд талаараа Хятадтай, хойд талаараа Нэмэгтийн нуруу, Алтан уулсын өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Монголд төдийгүй дэлхийд ховордож Улаан номын бүртгэлд орсон цоохор ирвэсийн арай илүү нягтшилтай нутаг юм. 

Судалгаагаар энд 30 орчим тоо толгой ирвэс тоологджээ.

Тостын нуруунд нүүрс, алт, ховор металл хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Энэ орчинд 80 орчим өрх айл, 30 мянга гаруй тоо толгой мал 20 гаруй жижиг булаг шандыг түшиглэн амьдардаг.

Тостын нурууны усан хагалбар нь зэргэлдээ орших уулс хөндийн газрын доорх усыг тэтгэдэг гол цэг болдог байна. Хэрвээ энэ нутагт уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын булаг шанд багасаж, улмаар нөөц нь шавхагдан ширгэвэл хавь ойрын хүн мал, Тосон бумбын нуруунд бүртгэлтэй 40 гаруй зүйлийн том жижиг хөхтөн, 7 зүйл шувууд, 10 гаруй зүйл ургамлын амьдрах орчин үгүй болох эрсдэлтэй ажээ.

Ч.Буянбадрах

GUIDE сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.