Мэргэжлийн дугуйчдын олон өдрийн уралдааны 17 дахь гараанд Канадын дугуйчин Майкл Вүүдс түрүүллээ

Twitter Print
2018 оны 09-р сар 14-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн дугуйчдын олон өдрийн Вуэльта Испани 2018 уралдааны 17 дахь гараа Лхагва гарагт боллоо. Энэ гараанд Канадын дугуйчин Майкл Вүүдс түрүүллээ.

Даваа гарагт амарсан дугуйчид Мягмар гарагт ганцаарчилсан цагийн уралдаанд оролцлоо. Харин Лхагва гарагт уралдааны 17 дахь гараа 157 км хагас уулын замд боллоо. Уралдаан Гечо хотоос  Балкон ди Бизкайя хот  хүртэл 6 ангиллын замд болсон байна. Энэ уралдааны эхнээс Томас Ди Женд тэргүүтэй 26 дугуйчин бусдаасаа бага зэрэг тасарч тэргүүллийг авчээ. 16 гарааны дараах байдлаар Вуэльта Испани 2018 уралдааныг Австралийн Мичелтон Скотт багийн Их Британи дугуйчин Саймон Еэйтс тэргүүлж байлаа. Харин тэргүүлэгчээс 33 секундын алдагдалтай Испанийн Алехандро Валвердэ удаалж байсан бол Мүвистар багийн Колумб дугуйчин Найро Куйнтана 4-рт жагсаж байлаа.

17 дахь гараа өндөрлөхөд 40 км зам үлдээд байхад 2015 оны Вуэльта Испанийн аварга Фабио Ару осолдсон байна. Итали дугуйчин уралдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Сүүлийн 1км замд гол өрсөлдөөн Давид Де Ла Круз, Рафаэл Майка, Дилан Тёнс , Майкл Вүүдс нарын хооронд өрнөсөн байна.

Улмаар сүүлийн 500 метрт Майкл Вүүдс урагш довтолж 17 дахь гараанд түрүүллээ.

Америкийн Драпак багийн дугуйчин нийт замаа 4 цаг 9 минут 48 секүндэд туулсан байна.

Харин тэргүүлэгчээс 5 секундын дараа барианд орсон Бельги дугуйчин Дилан Тёнс 2-т орсон бол Скай багийн Испани дугуйчин Де Ла Круз 3-р байр эзэллээ.

Ерөнхий дүнгээр уралдааныг тэргүүлж байсан Саймон Еэйтс 15-р байр эзэлсэн бол Валвердэ түүнээс 8-н секундын өмнө барианд орсон байна.

Өөрөөр хэлвэл Еитс тэргүүллээ хадгалж улаан цамцыг эзэмшиж байна.  Түүнээс 25 секундын алдагдалтай Валвэрдэ ерөнхий дүнгээр 2-рт жагсаж байна. Уралдааны 18 дахь гараа өчигдөр 180 км замд боллоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.