Сансарт гэрэлтэх Монголын од

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Манай дэлхий үнэхээр үзэмжтэй гоё тэгсэн мөртлөө жижигхэн шүү!

Хайрлаарай, Хамгаалаарай”

БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал,

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа

Монгол хүний ур чадвар, тэсвэр тэвчээр, авъяас билэг, гайхамшгийг бүтээж чадахын жишээг үзүүлсэн сансрын нисгэгч, хуучнаар ЗХУ, БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчааг танихгүй, мэдэхгүй Монгол хүн үгүй билээ. Одоогоос 35 жилийн өмнөх энэ өдөр ЗХУ-БНМАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Олон улсын Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд Владимир Александрович Жанибеков, Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансрын уудамд гарч олон шинжлэх ухааны нээлтийг хийж байлаа.

Үнэндээ хүн төрөлхтний түүхэнд 200 хүрэхгүй хүн сансрын уудамд гарч үзсэн гэж бодохоор бахархахын аргагүй хүн нь яах аргагүй Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Сансрын нисгэгч маань “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Уяхан замба тив” гэдэг үг их учиртай юм гэж дуу алдан хэлсэн. Арга ч үгүй сансрын харанхуй цээлээс эх бөмбөрцгөө харж, “хайлан өрөвдөж” байсан ганцхан Монгол хүн нь Ж.Гүррагчаа билээ.

Монгол зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг бол хоёр улсын түүхэнд өөрийн ул мөрийг тодоор үлдээж мөнхөд дурсагдах үйлс болсон. Олон улсын Интеркосмос программ Европ болон Азийн найман улсад хэрэгжиж Ж.Гүррагчаа Азийн хоёр дахь, Дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болжээ.

Тэрээр 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Бага наснаасаа сумын дунд сургууль, дараа нь Хишиг-Өндөр сум, Аймгийн төвийн арван жилд суралцан төгсөж 1966 онд ардын цэргийн армид татагджээ. Цэргийн албаа хаагаад 1971 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг дэслэгч цолтой төгссөн байна. Улмаар 1978 оноос Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд сансарт нисэхээр бэтгэгдэж эхэлжээ. Энэ бол Интеркосмос хөтөлбөр байсан бөгөөд программын дагуу В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансрын уудамд гарсан түүхтэй.

Монгол орны түүхэнд зуу, зуун жил дуурсагдах энэ үйл явдалд сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хурандаа Майдаржавын Ганзоргийг дурсахгүй өнгөрөхийн аргагүй билээ. Мөн хамтран нисгэгч ЗХУ-ын хошой баатар, сансрын нисгэгч Владимир Афанасьевич Ляхов Монгол түмний дотны анд нөхөр болсон.

Сансрын ахан дүүс бүтэн гурван жил оддын хотхонд бэлтгэл сургууль хийж 1981 оны гуравдугаар сарын 22-ны 22 цаг 42 минутанд “Союз-39”, “Салют-6” хөлгийн даргаар сансрын нисгэгч В.А.Жанибеков, шинжлэн судлаачаар Ж.Гүррагчаа нар сансарт ниссэнийг дэлхий даяар мэдээллэж байлаа. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн баг сансрын тойрогт 7 хоног, 20 цаг, 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа бүтэн тойрч эх дэлхийдээ газардсан байна. Энэхүү нислэгийн үр дүнд шинжлэх ухааны олон нээлтийг гаргаж, хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Монгол улс ч сансрын нислэгт өндөр ач холбогдол өгч Ж.Гүррагчаад олон төрлийн даалгавар өгч байв. Мэдээж хэрэг шинжлэх ухааны судалгаа хийнэ. Үүнээс гадна Монгол хүний зөн билэг, ашдын ерөөлийг бодож эх орныхоо газар шорооны дээжийг сансрын уудамд өргөсөн гэдэг. Ийнхүү өдгөөгөөс 35 жилийн өмнө Монгол хүний гайхамшгийг бүтээж чадахын үлгэр жишээ болж Ж.Гүррагчаа сансрын уудмыг эзэгнэж “Би Монгол” хүн шүү гэдгийг дэлхийгээс гарч сансрын уудамд шивнэсэн билээ.

Сансарт нисэхийн өмнө дурсгалын дэвтэр дээр бичсэн захидлын хэсгээс....

Сансар огторгуйд анх мөрөө гаргасан, гайхамшигт хүн, коммунист Юрий Гагарины нэрийг урсан өнгөрөх он жилүүд ч хүн төрөлхтний оюун санаанаас арилгаж чадахгүй. Бид ЗХУ-ын коммунист намын 26-р их хурал, МАХН-ын 18-р их хурал, Юрий Гагарин сансарт ниссэний 20 жил тохиож буй энэ жил ах дүүгийн барилдлагат Зөвлөлт-Монглын сансрын нислэгийн оролцогчид болох гэж байгаадаа сэтгэл зүрх, баяр бахдал, тэмүүлэл догдлолоор бялхаж байна. Бид оногдсон үүргээ иргэнийхээ хувьд, коммунистийнхээ хувьд Гагарины жишээгээр биелүүлнэ.

Зөвлөлт-Монголын хамтарсан “Союз-39”, “Солют-6” багийнхан

1981 оны гуравдугаар сарын 6-нд, Оддын хотхон, Гагарины өрөө

Сансрын нисгэгч: В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа, В.А.Ляхов, М.Ганзориг

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков

Владимир Александрович Жанибеков нь 1942 оны тавдугаар сарын 13-нд Казахстаны Искандер тосгонд мэндэлжээ. ЗХУ-ын Сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар (1978, 1981), нисэх хүчний хошууч генерал (1985), БНМАУ-ын баатар (1981) юм. Тэрээр 1960 онд Ташкентын Суворовын цэргийн дунд сургуулийг дүүргэж Ленинградын их сургуулийн биеийн тамирын ангид элсэн оржээ. Жилийн дараа Ейскийн цэргийн нисэхийн дээд сургуульд орж 1965 онд Агаарын хүчинд нисгэгч-зааварлагчын алба хашсан байна. 1970 оноос сансрын нисгэгчдийг бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж улмаар тэрээр сансарт таван удаа ниссэн. В.А.Жанибеков хамгийн туршлагатай сансрын нисгэгчид тооцогддог бөгөөд таван удаа сансарт нисэхдээ бүгдэд нь хөлгийн даргаар ажилласан байдаг. 

  • Анх сансарт  1978 оны нэгдүгээр сарын 10-16 өдрүүдэд "Союз" хөлгөөр нисч "Салют-6" сансрын тойрог замын станц дээр ажиллажээ.
  • Хоёр дахь нислэг нь 1981 оны гуравдугаар сарын 22-ноос 30-ны өдрүүдэд "Союз-39" хөлгөөр БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хамт нисч "Салют-6" сансрын тойрог замын станц дээр ажилласан.. 
  • Гурав дахь нь 1982 оны зургаадугаар сарын 2-ноос 24-нд “Союз Т-6” хөлгөөр нисч “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажиллажээ.
  • Дөрөв дэх нь 1984 оны зургаадугаар сарын 17-ноос 29-нд “Союз Т-12” хөлгөөр нисч “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажиллахдаа 3 цаг, 35 минутыг задгай сансарт өнгөрөөсөн байна.
  • Тав дахь нь 1985 оны 9 сарын 26-наас 1986 оны зургаадугаар сарын 6 хүртэл 115 хоног “Союз Т-13” хөлгөөр нисч “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажилласан түүхтэй.

Сүүлчийн нислэг нь Оросын сансрын нислэгийн түүхэн дахь хамгийн хэцүү нислэг болсон бөгөөд “Салют-7” сансрын тойрог замын станц тэжээлээс салж, удирдлагагүй болсон бөгөөд Жанибеков Савиныхтай хамтран үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулж гар удирдлагад шилжүүлж чадсан байна. Энэ нислэгийн үед сансрын биет нэгэн хэмээр эргэлдэж байхдаа тэнхлэгээ гэнэт 180° сольдог үзэгдлийг жингүйдлийн орчин дахь эрэг (гайк)-ний хөдөлгөөнөөс санамсаргүй олж нээсэн аж.  Энэ үзэгдлийг “Жанибековын үзэгдэл” хэмээн нэрлэх болжээ. Тэрээр 1985-1988 онд Юрий Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн дарга, 1997 оноос уг төвийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн даргаар ажиллаж байжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Oyuna

      (99.203.15.220) 2019-03-24 09:56
      • 0
      • 0

      Gurragchaa baatartaa khamgiin sain saikhanig khusen eruul enkh urt udaan naslakhin olziitei erooliig orgon devshuulie! Mongol khuniikhee saruul ukhaanig bishren deedelie!!!

      Хариулах