Фэйсбүүк компани зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая хуурмаг хаягийг устгажээ

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк компанитай  хамтран ажиллах болсон талаар холбогдох албаныхан өнөөдөр /2018.09.13/ мэдээлэл хийлээ.

Монгол Улс нийт 1,7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн танилцуулсан юм. Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрджээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороон дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүк хаягийг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно” гэв.

Фэйсбүүк компаниас гаргасан мэдээгээр статистик мэдээгээр зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая хуурмаг хаягийг устгажээ. Үүний дараах судалгаагаар бүх хэрэглэгчдийн 3-4 хувь буюу 80 гаруй сая хуурмаг хаяг буйг тооцоолсон байна. Хуурмаг хаяг нь хуурмаг мэдээллийн гол эх сурвалж болж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн Каннын медиа фестивалийн үеэр фэйсбүүкийн сошиал орчинд тавигдаж байгаа мэдээллийн 50 орчим хувь нь хуурмаг байгааг тогтоожээ.

Энэ нь зөвхөн гадаадад болж буй үйл явдал биш, Монголд мөн нүүрлээд байгаа асуудал тул Фейсбүүк компанитай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг солилцсон. Үүний хүрээнд иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим орчинд оюуны өмчийг хамгаалах, хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, терроризм, гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зэрэг ажлуудыг хамтран хийе гэж ярилцсан. Харилцаа холбооны зохицуулах хороон дээр хэсэг байгуулж Фейсбүүк компанитай шууд хамтран ажиллана. 

Фэйсбүүк компанийн төлөөллүүд ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм байна.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.