Прокурор асан Х.Тамирт 5 жил, Б.Амарбаясгаланд 4 жилийн ял тус тус оноожээ

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

2015 онд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий 5 хүн хар тамхины хэрэгт холбогдож, улмаар 2017 оны 1-р сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцээд Х.Тамир нарт 5-6.5 хүртэлх жилийн хорих ял оноосон. Гэсэн ч тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, уг хэрэгт холбогдогчид нэмэгдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагаа сунжирч, гадуур байцааж байсан.

Харин энэ оны 5-р сарын 25-ны орой Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай хэлтсээс саатуулах арга хэмжээ авсан байдаг.

Өнгөрсөн даваа гарагт /2018.09.10/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Х.Тамирт шүүхээс таван жилийн хорих ангийг нээлттэй эдлүүлэхээр, Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцож, мөн таван жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат хоёрт дөрвөн жилийн хорих ял оноосон аж.

Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм.

Г.Ганчимэг

 

Холбоотой мэдээлэл:

-Х.Тамир, Х.Идэр нарын хамаатан нэг байтугай хоёроор нэмэгдлээ - http://mongolcom.mn/read/25962

-Прокурор Х.Тамирын хэрэг улам ээдрээтэй болж байна - http://mongolcom.mn/read/26189

-Хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-ын мөрдөгч асан Д.Амарбаясгалан нар дахин хар тамхины хэрэгт холбогджээ - http://mongolcom.mn/read/51580

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.