Үндэсний номын баяр 24 дэх удаагаа болох гэж байна

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн хавар тавдугаар, намар есдүгээр сард номд дуртай уншигч олныг зохиолч, зохиогч, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн компаниудтай уулзуулж, номтой холбоотой төрөл бүрийн мэдээлэл түгээж, арга хэмжээ зохион байгуулдаг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхан энэ удаагийн номын баярыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран зохион байгуулж байна.

Мөн олонд хүрсэн уг арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулж буй ажээ.

Үндэсний номын баяр энэ сарын 14,15-нд буюу ирэх баасан, бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлт 14-ний өдрийн 12:00 цагт болох бөгөөд Монгол Улсын Консерваторийн оюутан, сурагчдын тоглолт, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” номын нээлт болно. Ардын уран зохиолчдын видео танилцуулга, хөгжөөнт тоглоом болон бусад сонирхолтой хэсгүүдтэй. Номын хямдралтай, гарын үсэгтэй худалдаа өдрийн турш үргэлжилнэ.

Үндэсний номын баярын сонирхолтой хэсэг нь номын сангуудаас гаргах алдартай зохиолчдын ном, бүтээлийн үзэсгэлэн юм. Үүнд, Үндэсний номын сан ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж нарын бүтээлийн үзэсгэлэнг гаргах бол Хүүхдийн төв номын сан ардын уран зохиолч Б.Бааст, Л.Түдэв, Д.Цоодол нарынхыг, харин Улаанбаатар хотын төв номын сан ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Галсан, Б.Догмид, Д.Пүрэвдорж нарын амьдрал, уран бүтээлийн товчооноос дэлгэн танилцуулна.

Энэ онд монгол түмний алдартан зохиолчид Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110, Э.Оюун, Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100, Д.Содномдорж, Б.Нямаа нарын мэндэлсний 90 жилийн ой тохиож байна.

Үндэсний номын баярыг тогтмол, хүртээмжтэй, сонирхолтой зохион байгуулж ирсэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынханд баяр хүргэж, амжилт хүсье.

Энэхүү баярыг дэмжин ажиллаж буй БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэлд ном дор мөргөдөг зохиолч, зохиогч, сэтгүүлч, нийтлэлчид, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн компаниуд, хэвлэх үйлдвэрүүд, өргөн олон уншигчид гүнээ талархаж буй гэдэгт итгэлтэй байна.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.