У.Хүрэлсүхийн "сэгсэлзүүр"

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Багш нарын ажил хаялт хуурай өвсөнд ассан талын түймэр шиг өдрөөс өдөрт өргөжиж байна. Ажил хаялт суулт болон өргөжиж, хотоос хөдөөг хамрав. Ажил хаялтад нэгдсэн 130 сургууль, цэцэрлэг дээр нэмэгдэж хот хөдөөгийн 174 сургууль ажил хаяхаа мэдэгдсэн нь Д.Цогзолмаа сайдын мэддэг 270 сургуулийн тоог хэдийнэ давж орхив. 

Ажил хаясан багш нар, ажлаа мэддэггүй сайдын үл ойлголцолоос болж урхагт нь есдүгээр сар дундаа орох гэж байхад 300 мянга гаруй хүүхэд сурах сургууль, очих газаргүй гэртээ таг гацав. Энэ байдлаас болж хүүхдүүд ямар эрсдэлд орж буйг төсөөлөхөд бэрх. 

Харах хүнгүйгээс гэртээ цоожлогдож, эсхүл гадуур сэлгүүцэн PC тоглоомын газар тэнэх, зам тээврийн осолд өртөх явдал гаарч байна. Харин юм л бол хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх гэж хашгирдаг өнөө олон Төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн цогтой тэмцэгчид усанд хаясан чулуу мэт таг чиг. 

Энд эцэг эхчүүд бухимдаж, ажил хаясан багш нар арга эвээ олохгүй бачимдаж байхад ээдрээ зангилааг тайлж, эв зүйгээр асуудлыг шийдэх учиртай эрхэм сайд өөрийн үндсэн үүрэгт ажлаа хаяж, хөгшин Европоор тэнүүчилж явна. Лав л энэ сарын 15-ныг хүртэл ирэхгүй гэсэн баттай мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. Тэгэхээр багш нарын ажил хаялт тэр хүртэл зогсохгүй, ямар ч тодорхой үр дүнд хүрэхгүй гэдэг нь ил болов. 

Зурагтаар ярих болгондоо, амнаасаа үг унагах бүртээ хариуцлага дэг журам, халаа сэлгээ ярьдаг мөнөөх айхтар сэгсэлзүүр ахайтан угаасаа усан онгоц живэхэд харх шиг зугтаадаг зантайсанж. 

Идэр есийн хүйтэнд захын хорооллын балчир хүүхдүүд үүрийн харанхуйд золбин нохой шуугисан тахир гудамжаар зориг гарган сургуульдаа очиж , үдшийн бүрэнхий таг сохор цагаар тасхийм жавар сөрөн гэр лүүгээ бэдчин гурван ээлжинд зүдэж байхад сэгсэлзүүр хатагтай тамирчдаасаа хэд дахин албаны түшмэд дагуулан өвлийн олимп үзсэн шигээ жаргаж явсансан. 

Зав гарвал гадаад явж, завсар гарвал хүн ажлаас нь халдаг гаж донтой мээнэг авгайн уршигаар боловсролын салбарт "их хэлмэгдүүлэлт" явагдаж, бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй болж хувирав. 500 мянган төгрөгийн цалингаар тал өдрийг ч барж чадахгүй баян авхай ийм цалингаар багш нар бүтэн сар яажшуухан амьдарч буйг бодохоос залхуу нь хүрч зугтаах нь ч аргагүй биз. 

Аль ч салбарынхан ямар ч сайдаас салбартаа эхийн сэтгэлээр хандаж, эцгийн ивээлээр харьцахыг хүлээдэг. Асуудал зовлонгоо ярьж, алив бэрхшээлийг хамтдаа шийдэж, хамтдаа даван туулдаг. Гэтэл У.Хүрэлсүхийн сэгсэлзүүр тэгсэнгүй. 

Асуудал ярьсан болгоныг араандаа зууж, ажил хаясан бүхнийг занаандаа оруулж, хар жагсаалт хөтөлж, хамаа намаагүй сэгсэлзэв. Төсвийн мөнгөөр хэвлэл бүрийн амыг хааж, төөрөлдүүлсэн худал мэдээллээр ард түмний тархийг угаах гэж зүтгэв. 

У.Хүрэлсүхийн нэрийг ганц хөөдөж буй энэ сэгсэлзүүрт ажлаа хийж чадаагүйнхээ төлөө албаа өгөх ёс зүйн үнэр ч алга. Ажил хаясан багш нарын өөдөөс эцэг эхчүүдийг турхирахаас өөр өөдтэй арга ч олж чадсангүй. Арга ядахдаа гадаад руу зугаалж, нүдэн балай чихэн дүлий царайлж тас гүрийхээр шийдсэн бололтой. 

Айлын олон хүүхэд дунд хаа нэг аав ээждээ тусгүй, ааш авир тааруу, гэрийн буг болж хэрүүлийн бузар дуудсан нэгэн байх нь бий. Яг түүн шиг У.Хүрэлсүхийн сэгсэлзүүр Ерөнхий сайддаа эрхэлсэн, ерийн олонд аархсан авгай гэдгээ харин ч нэг яруу тод харуулж байна. Энэ сэгсэлзүүрээ эрхлүүлэх тусам танхимынх нь нэр хүндэд цөвтэй гэдгийг засгийн тэргүүн ухаарч баймаар.

Эрх авгайн этгээд зангийн балгийг эдийн засгийн өсөлтийн мэдээ л лав цайруулж дөнгөхгүй нь. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг ийм даржин авгайд атгуулчихаад олигтой үр дүн хүлээнэ гэвэл өнөө юу харсаар байгаад турж үхдэг үнэгний үлгэр болох нь байна шүү У.Хүрэлсүх ээ. 

Дарга болгонд далдайж, цэрэг болгон луу цэхэлзэж, дээшээ пальдигдаж, доошоо пээдэлзсэн энэ мэт улс төрийн сэгсэлзүүрүүдээс болж улс орон уруудан доройтсон түүхийг дахиад бүү давтаач. Хог зальтай хүний хоосон үгэнд хууртаж байхаар талбай дээр суулт хийсэн багш нараа, талын нэг тарж одсон сурагч багачуулыг эргэж сэтгэлийнх нь уг дахь үнэнийг сонсооч. У.Хүрэлсүхийн сэгсэлзүүр гэж хүн амьтан элэглэж байна цаана чинь...

Багш нар хэдий болтол ажил хаяж, багачуул хүүхдүүд хэдий болтол сургуульгүй завсардаж, бардам дээрэнгүй таны сэгсэлзүүр хэзээ Монголдоо ирэхийг хэлээд өгөөч.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Оньсого

      (122.201.22.122) 2018-09-15 16:08
      • 0
      • 0

      Эртний үлгэрийн хаантанд Асар, Басар хоёр банхар байдаг бол Эдүүгээ цагийн ноёнтонд Сэгсэлзүүр, Сагсалзуур хоёр хав байдаг гэнэ. Тэр юу вэ?

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.11) 2018-09-12 15:54
      • 0
      • 0

      Наад сэгсэлзүүр чинь багш нарыг ойлгохыг ч хүсэхгүй байгаа юм байнаа, европоор төсвийн мөнгөөр аялж байгаа юм бол...

      Хариулах