Эрдэнэс Тавантолгой 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр иргэн бүрт ногдол ашиг тараана

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэс Тавантолгой ХК-иас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Эрдэнэс Тавантолгойд хийгдэж буй ажил болон 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг “амь оруулна”, иргэн бүрт ногдол ашиг тараана гэдгийг Б.Ганхуяг захирал онцоллоо.

Одоогоор 1.7 сая иргэн хувьцааны данс нээлгээгүй байгаа аж. Харин энэ дансыг нээлгэж байж, ногдол ашиг авах эрх нээгдэх юм.

Тус компани 2018 онд хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны батлагдсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг бүрдүүлж, улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлжээ. Компанийн цэвэр ашиг нь 337 тэрбум төгрөг байх ёстой. Харин одоо 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрчээ. Цэвэр ашиг өсөхийн хэрээр ногдол ашиг тараах, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Гашуун-Сухайт- Ганц мод чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэн үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүдийг хариуцан хэрэгжүүлэхээр болж, ТЭЗҮ-ийг батлуулахад бэлтгэжээ.

Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар улсад 290.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа аж. Энэ нь компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байгааг харуулж буйг удирдлага нь хэлж байна.

Дашрамд дурдахад энэ сарын 26-нд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Энэ хурлаар ТУЗ-ийн хараат бус байдлыг бий болгох ажлууд яригдах аж. Мөн хараат бус гишүүдэд нэрээ дэвшүүлэх эрх иргэнд бүрт бий аж.

Ирэх 2019 оноос хөрөнгө оруулагчидтай хамтран ажлаа эхлүүлэхээр төлөвлөж Монгол Улсын иргэн бүрт 1027 хувьцааны ногдол ашгийг олгоно гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.