Дэлүү булсан нь “ДЭЛҮҮН БОЛДОГ” болжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 18-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Энэ удаа Чингис хааны мэндэлсэн "Дэлүүн болдог"-ийн тухай судалгаагаар баяжуулсан мэдээлэл хүргэж байна.

Түүхэн сударт Чингис хааны мэндэлсэн газрыг “Ононы Дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр ирсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд С.Жамъян гүн 1928 онд Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хойд хөвөөнд “Дэлүүн болдог бий" гэсэн санааг анх гаргажээ. Тэрбээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзээд, “Хэнтий уулын баруун өмнө зүгт, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан уулын өвөрт Дэлүүн өндөр гэх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Тэр ухааны зүүн урд Хэрлэн голын зүүн биед зүүн өмнөөс нь орсон их замыг “Болдагийн ам” гэдэг, тэнд Чингис хаан төрсөн гэж нутгийнхан ярьж байна” хэмээжээ.

Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон таамаглал буй, ихэнх нь ташаарсан. Дэлүүн болдог нь Онон, Балж хоёр голын бэлчирт хуучин нэрээ хадгалсаар буй. Гурван нуурын рашаан амралтын дэргэд, одоогийн Дадал сумын дэргэдэх дээрээ чулуун хөшөөтэй нь Дэлүүн болдог юм” хэмээжээ.

Археологич Ц.Доржсүрэн Бурхан Халдун уул, Балжун арал, Тэнгэлэг гол, Их Чилэдүгийн Олхунуд аймгаас Бөртө Үжинг авч явсан зам, Хэрлэн голын эхэн Бурги эрэг, Чингис хааныг оршуулсан ба төрсөн газар, Ихэсийн газар, Хэрлэний хөдөө арал, Хэрлэнгийн арал зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд Чингис хааны төрсөн газар нь О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн Онон, Балж хоёр голын уулзвараас дээхнэ орших, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон дэлүү хэлбэртэй том хошуу мөн. Эл Дэлүүн болдог нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн гол нутаг бөгөөд Чингис хаанаас өмнөх болон өөрийнх нь үе, түүнээс хойшхи олон чухал үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” хэмээн үзжээ. Эрдэмтэд Дэлүүн гэдэг нь “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдэг нь “дов, гүвээ” гэсэн утгатай хэмээн тайлбарласан.

Домогт өгүүлснээр, Есүхэй баатарын гэрийн буурь Гурван нуурын Дундах нууранд эдүгээ далд орж харагдахгүй болсон арал газарт байсан. Гартаа нөж атгаж морин жил, морин цагт төрсөн ууган хүүгээ “баатар хүү төрлөө” хэмээн Есүхэй баатар бэлгэшээж тамгалаагүй шарагч гүү төхөөрч Өүлэн хатанд шөл уулгаад, тэр гүүнийхээ дэлүүг газарт булсан нь “дэлүү булдаг” гэж нэрлэгдсээр эцэстээ “Дэлүүн болдог” нэртэй болсон. Үүнээс үүдэлтэйгээр Зүүн нуурыг Дэлүүн, Дунд нуурыг Булдаг гэж нэрлэсэн гэх домог бий. Одоо яригдаж буй Дэлүүн болдог нь Гурван нуураас ялимгүй хойхно орших модтой толгой ажээ.

2012 онд Монгол, Орос, Японы эрдэмтэд нийлж судалгааны үр дүнг үндэслэн Дэлүүн болдогийн урд толгой дээр энергийн овоог босгож, энергийн үзүүлэлтийг хэмжихэд 99.6 хувь байсан ажээ. Овооны архан талд байх “Хүслийн мод”-нд хүслээ шивнээд “Энергийн овоо”-ноос энерги аваад буухад тухайн хүн “сайн явах” учиртай хэмээн нутгийн олон үздэг. 

Дунд нуурын дунд байсан гэх том хар чулуу бүхий газар нь 1920 оны үед нуурынхаа усанд автаж үзэгдэхгүй болсон гэдэг. Сүүлийн үед нуурын усны төвшин багасаж байгаа учир удахгүй Болдог толгойн тэрхүү хүйн чулуу ил гарч ирэх байх гэж нутгийн хүмүүс ярьдаг ажээ.

Тэмүүжинг хаан ширээнд өргөмжлөх ёслолын үед Онон голын эрэг дэх толгойд арц, агь, ганга, далийн цэцэг зэрэг анхилам үнэртэй ургамал шатааж их сан тавьжээ. Тийм учир тэр толгойг “Сангийн тавиур” гэж нэрлэжээ. Чингис хаан аян дайнд мордохын өмнө Их хар тугаа уулын оройд залж, бөө мөргөлийн ёс үйлдэж, цагийг үзүүлж, тэнгэр сүлдээ дуудан мөргөж, хийморь лундаагаа сэргээж, их хэнгэргээ цохиж, их цэргээ хөдөлгөдөг байснаас “Тугийн овоо” үүсчээ. Хожим “Баян овоо” гэж нэрлэгдсэн ба энэ овоо буй уулын урд энгэрт Дадал сум суурьшсан. Дэлүүн болдогоос баруун тийш 10км зайд орших голыг МНТ-нд олонтаа дурдагдсан “Түнхэлиг горхи” мөн гэж үзсэн ба Бурхан Халдун уулан дээрээс харагддаг. Энэхүү Тэнгэлэг гол бол “Бодончарын амьдарч байсан Балж арлын Тэнгэлэг гол мөн” хэмээн “Сувдан сондор” аяллын багийнхан тогтоожээ.

Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргилтой Баянхаан уул нь Дэлүүн Болдогоос баруун тийш 30км зайд байх ба Чингис хаан мэргидүүдээс зугтаж нуугдан амьд гарсан уул, Чингис хааны “үеийн үед тахиж байя” гэж андгайлж мөргөсөн Бурхан Халдун уул мөн гэж нутгийнхан үздэг.

Дэлүүн Болдогоос хойш Балж голын зүүн хойно үргэлжлэх уужим хөндийг Маралын буюу Марааны тал гэдэг. Энд Бартанбаатарын хатан Марал амьдарч байсан гэх домогтой. Дэлүүн болдогоос баруун тийш 12км зайд Тэнгэлэг горхины адаг хавийн хойд дэнжид маш эртний гэгдэх босоо чулуун хөшөө бий. Үүнийг Дува сохор, Добу мэргэний хөшөө хэмээнэ. Дэлүүн болдогоос 11км зайд Тэнгэлэг горхины адаг Балж голын нэг тохойг Балжийн арал гэдэг. Тэнд боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг өвсөн эмбүүл босгон аж төрсөн түүхтэй. Дэлүүн болдогоос баруун хойш 20км зайд Чингис хааны цэргийн зэр зэвсэг, тэрэг тоногийг засч сэлбэдэг дарханы газар байсныг “Сэлбэгийн дэв” хэмээнэ. Онон голын хойгуур урсах жижиг голыг “Уулзахын гол” гэх ба энэ голын дэнж дээр Чингис хаан их цэргээ жагсааж, аян дайны тухай ярилцаж зөвлөдөг байсан ажээ. Хожим ойрадын Галдан хаан Уулзахын голд очиж зүүн Монголын ноёдтой уулзсан баримт бий. Уулзахын гол он цагийн явцад “Угалзарын гол” болжээ.

Энэ мэтчилэн Хэнтий аймгийн Дадал сум нь Монгол хүн бүрийн зорьж очих, сонсож мэдэх домог түүхийн өлгий юм.

Ч.Буянбадрах

Эх сурвалж: Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.