Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт дээр Ерөнхийлөгч Путин үг хэллээ

Twitter Print
2018 оны 09-р сар 12-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт болж байна.

Монгол улсаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцож байна. 

IV Дорнын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд болон зочдод хандан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг хүргэе.

"Эрхэм анд найзууд аа!

Владивосток хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын зочин төлөөлөгчдийг чин сэтгэлээсээ мэндчилж байна.

Өнгөрсөн хугацаанд чуулган маань улс төрчид болон олон нийтийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүд хооронд шууд яриа хэлэлцээ өрнүүлэх чухал буюу хэрэгцээтэй талбар болж чаджээ. Энэ жил энэхүү чуулганд дэлхийн 60 гаруй орны нэр хүндтэй төлөөлөгчид оролцож байна.

«Алс Дорнод: боломж бололцооны хил хязгаарыг тэлэнгээ» гэсэн энэ жилийн чуулганы сэдэв нь Ази-Номхон далайн өргөн уудам бүс нутаг дахь эдийн засгийн харилцааны системд нэгдэх бидний хүсэл тэмүүллийг тусгасан. Алс Дорнодын бүс нутагт бизнесийн санаачилгыг дэмжих зорилгоор бид тэргүүний хөгжлийн бүсүүдийг бий болгож, шинэ үйлдвэрлэл эхлэх гэж буй компаниудад ихээхэн давуу тал, хөнгөлөлт олгож, таатай нөхцөл бүрдүүллээ.

Владивостокийн чөлөөт боомтыг байгуулсан ба энд гаалийн болон татварын онцгой дэглэм үйлчилж байна. Нийгмийн, дэд бүтцийн, боловсролын болон шинжлэх ухааны томоохон хөтөлбөрүүдийг, түүнчлэн экспорт, технологийн шинэчлэлийг дэмжих зорилготой төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээнүүд нь шинэ түншлэл тогтоож, худалдаа наймаа эрхэлж, урт удаан хугацааны хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн, үр ашигтай хамтын ажиллагааны загвар хэлбэрүүдээс сонгох, түүний дотор Евразийн эдийн засгийн нийгэмлэг, ШХАБ, АПЕК зэрэг олон талт байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах өргөн боломжуудыг нээж өгч байна.

Чуулганы хүрээнд гаргасан санал, санаачилга нь Алс Дорнодын ажил хэргийн хөгжилд, ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилттай, үр бүтээлтэй ажиллахыг, мөн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе."

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.