А.Амар: Миний гэм буруутайг Оросын цэргийн шүүх тогтоох учиргүй

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 20:18 цагт
Мэдээний зураг,

/9-р сарын 10-ны Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулав/

1936-1939 онд 2 дахь удаа БНМАУ-ын Ерөнхий сайдаар томилогдсон А.Амар нь 1933 онд зохиомлоор үүсгэсэн “Лхүмбийн хэрэг” гэгчийг нягтлан шалгуулж, хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч “хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаана ч байж болохгүй” хэмээн тэмцжээ. А.Амарын энэ бодлого нь Сталин, Чойбалсан нарын үйл хэрэгт илт саад болсон тул 1939 оны 3-р сарын 7-нд болсон МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар түүнд “улс төрийн эсэргүү” нэр зүүж “Амар бол ангийн дайсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалагч мөн бөгөөд зальт аргаар өндөр албан тушаалд гарсан, өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашигласан” хэмээн буруутгажээ. Мөн өдрийн орой XII бага хурал болж “Амар нь эзэрхэг түрэмгий Японы хөлсний тагнуулууд, урвагчид, дээд ангийн лам феодлуудын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх ажилд төрөл бүрээр эсэргүүцэл учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалсан” хэмээн цоллож ялтны ширээнд шилжүүлжээ. Дараа нь А.Амарыг ЗХУ-д хүргэж хэргийг нь шалгуулаад 1941 оны 7-р сарын 10-нд цаазаар авчээ.

Эцсийн мөч хүртэл “МУ-ын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн худал хэрэг хүлээсэн хүмүүс” хэмээн мэдүүлжээ. Хамгийн сүүлчийн өчиг мэдүүлэгтээ “Би Оросын ард түмнийг хүндэлдэг, харин коммунистуудыг үзэн яддаг. Та нар бол жижиг буурай орныг колоничлох бодлого явуулсаар ирсэн, явуулсаар ч байгаа. Надад эх орноосоо урвасан үйлдэл байхгүй. Хэрвээ Монгол орон туурга тусгаар улс мөн юм бол миний гэм буруутайг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тогтоох ёстой. Орос улсын хууль цэргийн шүүх надад ял зэм оноох учиргүй” гэжээ. 1960 онд ЗХУ-ын Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн 1962 онд БНМАУ хилс хэргийг нь цагаатгасан байдаг.

Агданбуугийн Амар 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу (Булган аймгийн Хангал сум)–ны нутагт мэндэлжээ. 12 наснаас бичгийн сургуульд суралцаж монгол бичиг, манж, түвд хэл бичигтэй болжээ. 1917 оноос төрийн хэрэгт оролцож МУ-ын хойд хил хязгаарыг хамгаалсан 50 цэргийг захирагч, Ардын ЗГ-ын туслах түшмэл, ГЯЯ-ны сайд, Аж ахуйн яамны сайд, ДЯ-ны сайд, МУ-ын Ерөнхий сайд, ШУ-ны хүрээлэнгийн дарга, УБХ-ын тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллажээ.

Монголын бүрэн түүхийн тухай 5 боть номыг 1933 оноос гаргахад эхний ботийг А.Амар сайд бичсэнийг үзвэл тэрбээр өндөр боловсрол мэдлэгтэй нэгэн байжээ. XIII зуун хүртэлх 1000 гаруй жилийн эртний түүхийг цэгцтэй хураангуйлж, бурханы шашин Монголд дэлгэрсэн түүхийг 3 үе болгон түүхчилж, Чингис хааныг ихэд үнэлж зоригтойгоор бичсэн байдаг.

А.Амар сайд “Монголд гадны соёл, шинжлэх ухааныг нэвтрүүлэхдээ үндэснийхээ хэл бичигт тулгуурлах ёстой. Монголын байгаль, нүүдлийн соёл хүссэн хүсээгүй гадныхныг даллан дуудах болно” хэмээн үздэг төрийн зүтгэлтэн байжээ.

Зураг дээр: Ерөнхий сайд А.Амар ЗХУ-ын Ардын комиссариатын орлогч В.Караханы хамт, 1934 он

Ч.Буянбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.