БНСУ-ын ЭСЯ их сургуулийн багш, өмгөөлөгч, эмч, сэтгүүлчдэд олон удаагийн виз олгоно

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Монгол иргэдийн БНСУ-руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт орж байгаа талаар Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Канмүг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр мэдээлэл хийхийнхээ өмнө БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг гэдгийг тодотголоо. 

Өмнө нь энэхүү олон удаагийн визийг 7 шалгуур нөхцөлд үндэслэн олгодог байсан бол энэ удаагийн шинэчлэлээр эхний таван нөхцөлийг хэвээр үлдээсэн бөгөөд нийт 13 шалгууртай болгожээ. Ингэснээр олон удаагийн виз авах иргэдийн тоо болоод цар хүрээ ихээр нэмэгдэж байгааг Кил Канмүг онцоллоо. 

Ингээд шинэ журамд орсон заалтуудыг тоочвол:

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн

  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)

  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн

  7. Байнгын зорчигч - БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн

  8. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

  9. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн

  10. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгнөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

  11. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

  12. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

  13. 500 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ:

Хугацааны хувьд өмнө нь энэхүү визийг авахад эхлээд 1 жилээр олгоод дараа нь 3, 5 жилээр авах шатлалтай байсан. Харин одоо шаардлагатай бол, тухайн нөхцөлийг хангаж байвал шууд 3, 5 жилээр олгогдох бүрэн боломжтой болж байна. 

Өнөөдрийн байдлаар монгол болон солонгос иргэдийн олон удаагийн виз авсан статистик мэдээллийг харвал:

  • 1,000 орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн виз

  • 37,000 монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз эзэмшдэг байна. 

Уг журамд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тус ЭСЯ судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар манай улсад

  • Эмч - 7,000 гаруй

  • Их, дээд сургуулийн багш - 6,000 орчим

  • Өмгөөлөгч - 2,000 гаруй

  • БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилсон 1,800 гаруй

  • Жилд 500 сая ба түүнээс дээш хэмжээгээр татвар төлдөг 5,000 гаруй ААН байдаг гэсэн тооцоо гаргажээ. 

Олон удаагийн виз авах сэтгүүлч, багш, эмч зэрэг хүмүүс ажилласан жилэээс шалтгаалж 3, 5 жилийн виз олгох юм байна.  

2016 онд 60,000 иргэн, 2017 онд 130,000 иргэн Солонгост зорчих визний хүсэлт гаргасан. 2018 оны долоодугаар сарын байдлаар 80,000 иргэн визний хүсэлт гаргаж байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.