1945 оны аравдугаар сард 12300 гаруй олзлогдсон Япон цэрэг Монголд хөл тавьжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Чөлөөлөх дайны дараа нас барсан япончуудыг манай улсын нэр бүхий 17 газар оршуулсан бөгөөд нийт 1612 шарил байсан, сураггүй болсон нэг япон цэргийг нас барагсдын тоонд оруулан тооцсон гэсэн мэдээлэл бий. Дээрх 17 газрын нэг нь Дамбадаржаагийн цаахна, нийслэлийн иргэдийн зуслангийн газартай хаяа нийлэн оршдог юм. Тэнд харуул хамгаалалт байсангүй. Төмөр хаалган дээр “Mongolian Red Cross Society” хэмээн англиар бичиж, ДООД талд нь япон үгс бичжээ. 

1945 оны дайны дараах Монгол оронд ажллах хүч ихээхэн шаардлагатай байсан учир ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу зургаан удаагийн цуваагаар 12300  гаруй олзлогдсон япон цэрэг тэр жилийн намар монголын газар нутагт хөл тавьжээ. Тэдний хэргийг хамаарах тусгай газрыг байгуулан, даргаар нь хошууч генерал Б.Сосорбарамыг томилж, олзлогдогсдыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Жаргалантын САА, Улаанбаатар хотын зарим үйлдэр, аж ахуйн байранд байрлуулахаар болжээ.

Мөн Дамбадаржаа амралтын газрыг эмнэлэг болгон ашиглахаар шийдэрлэсэн байна. Аж үйлдвэрийн комбинатын арьс шир, эсгий боловсруулах, гутал үйлдвэрлэх хэсэгт 700 хоригдол, Шохойн цагаан булагийн шохойн үйлдвэрт  90, Сүхбаатар шүдэнзний үйлдвэрт 200 хоригдол, бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулжээ. Олзлогдогсдын дотор жолооч, слесарь, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нягтлан бодогч, багш, гэрэл зурагчин зэрэг мэргэжилтэй 1000 орчим хүн, мөн огт мэргэжилгүй хүн ч олон байжээ.

1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд японы 10705 олзлогдогсдыг буцаасан бөгөөд олзонд байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн  этгээдүүдийг Монголд үлдээн, хожим 1957 онд Хятадаар дамжуулан нутаг буцаасан аж. Албан ёсны тоо баримтаас үзэхэд, монголд нийт 1613 олзны япон нас барж, Дамбадаржаа, Хужирбулан, Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Зүүнхараа, Баруунхараа, Өгийнуур зэрэг 16 газарт оршуулжээ.

1962 оны есдүгээр сард энэ цогцолбор газарт анх удаа япон хүн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.1971 онд Японы талаас булшин дээр тухайн нас барсан хүний нэрийн пайзыг тавих тухай асуудлыг хөндөж, 1982 онд эхний ээлжинд Дамбадаржаад нутаглуулсан 800 гаруй хүнээс нэр нь тодорхой болж батлагдсан 614 хүний булшин дээр нэрийнх нь пайзыг байрлуулжээ.

1991 онд Японы тал Монголоос олзлогдогсдынхоо шарилыг эргүүлэн авах тухай хүсэлт тавьжээ. Энэ дагуу 1994 онд Японоос тусгай мэргэжилтнүүд ирж, Хужирбуланд зөөн авчирч чандарлаад, эх орон руугаа авч явсан байна.

Одоо тус цогцолбор дахь музейд нас барсан цэргүүдийн нэрийн пайз  үлджээ. Цогцолборын хананд “Нас барсан япон хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө, Их дайны дараа 1945- 1947 он хүртэл хугацаанд эх орондоо харихыг хүсэн мөрөөдөж, энэ газар нутагт нас барсан япон хүмүүс та бүхнийг санан дурсаж, энх тайвныг хүсэн эрмэлзсэн санаа бодлыг тань хамтатган санаж энэхүү дурсгалын цогцолборыг байгуулав. Хэйсэй-гийн 13 дугаар оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Япон улсын Засгийн газар” гэсэн үг бүхий самбар байрлуулжээ.

ДИЙЛЭНХ  ОЛЗЛОГСОДЫГ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛД ДАЙЧИЛЖЭЭ

Японы олзлогдсон 12 мянга гаруй дарга, цэргийг 1945 оны сүүлчээр монголын тал хүлээн авч, ажиллуулж байжээ. Тэдний дотор ахлах офицер 15, дунд офицер 678, бага дарга 2178, цэрэг 8079, энгийн албан хаагч 1368 байсан аж. Олзлогдсон япон цэргүүдийн 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажиллуулж байсан нь хотжих үйл явц эхэлж байсан нөхцөлд ажиллах хүчнээр хангаж, нийслэл хотын төв хэсгийн өнөөгийн өнгө төрхийг илтгэсэн засаг захиргаа, олон нийтийн томоохон барилгуудын суурийг тавих ажлыг эхлүүлжээ.

Олзны япон цэргүүдээр Засгийн газрын ордон, Улсын төв театрын барилга, МУИС-ийн зарим барилгыг бариулсан аж. Мөн Гадаад яамны байшин, Төв поликлиник, нэгдүгээр амаржих газар, Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр /одоогийн Хөрөнгийн бирж/, “Алтай” зочид буудал /одоогийн Засаг даргын тамгын газар/ зэрэг Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны барилгуудыг барихад оролцуулсан гэсэн баримт бий. Түүнчлэн олзлогдсон цэргүүд МУИС-ийн дотуур байр, мөн багш нарын байр, сургуулийн хүн, мал эмнэлгийн газрын барилгыг барьжээ. Эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулж байсны дотор цэцэг, гэдэсний жижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгуудыг 1946, 1947 онуудад хүн бүрт хийсэн аж.

Олзлогдсон япон цэргүүд 1947 оны аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд 11 удаагийн цуваагаар буцаж, нийт 10705 хүнийг өвлийн бүрэн хувцастайгаар ЗХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. ЗХУ-аас Японы олзлогдогсдыг эх нутагг нь буцаах үйл явц 1946 оны эцсээс эхэлсэнтэй холбогдуулан Монгол дахь олзлогдогсдыг буцаах асуудалд ЗХУ-ын тал  ихээхэн анхаарал хандуулах болжээ. Ийм үед Японы олзлогдогсдыг Монголд байлгах хугацааг уртасгахыг Монголын талаас ЗХУ-д хүсэлт болгож, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Ерөнхий сайд Х.Чойбалсанд Москвагаас ирсэн цахилгаан утсандаа “Гадаад яамны орлогч сайд Маликтай уулзаж, манайд байгаа олзлогдсон япончуудыг энэ жилийн дулааны улирлыг дуустал барилга дээр ажиллуулбал бидэнд ихээхэн ашигтай" учрыг хэлсэн  гэжээ. Ингээд Зөвлөлтийн тал 1947 оны хавар олзлогдсон япончуудыг буцаах асуудлыг ярьж байсан боловч Монголын тавьсан саналыг харгалзан мөноны намар хүртэл хойшлуулсан байна. Энэ асуудал нь Монгол, Японы дипломат харилца тогтоох үеийг хүртэл харилцааны гол сэдэв болж байсан бөгөөд хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байв. Тухайлбал, 1956 оноос эхпэн хоёр орны харилцаанд нааштай алхмууд хийгдэж, Японы тал БНМАУ-д олзлогдсон япон цэргүүдийн шарил эргэх ёсыг гүйцэтгэхасуудлыг анх 1958 онд тавьж, Монголын талаас байгуулагдсан Тусгай комисс олзлогдсон япон цэргүүдийн шарилыг тодруулж, тогтоон акт баримт бүрдүүлжээ.

1962 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Засгийн газартай холбоо барихаар Монголд ирсэн Японы анхны хоёр дипломатч Такаши Хасагэва, Шиничи Укэда нарын тэргүүлсэн нас барагсдын гэр бүл, төрөл садны 8 хүнийг багтаасан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирж, БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга, АИХ-ын орлогч дарга, МУЗН-ийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, япон цэргүүдийн булшийг эргэжээ. Олзлогдогсдын дотроос үлдсэн хүн байхгүй, харин 1945 оны дайны үед баривчлагдсан найман хүнээс хоёр нь олзлогдогсодтой хамт буцсан, дөрвөн японыг 1945 оны сүүлийн хагаст БНХАУ-д хүлээлгэн өгчээ. Нийт 13 япон цэрэг манай улсын хуулиар шийтгэгдсэн байдаг аж.

Зургийн тайлбар: Улаанбаатар хотын Дамбадаржаа, Хужирбуланд байсан олзонд байхдаа нас барсан япон цэргүүдийн шарил. 1990 он.

Эх сурвалж: Соёмбо сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.