ХХI зууны Монгол эр хүний ерөнхий дүр зураг "Доройтол, Шившиг, Мөхөл"

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

/Гутамшиг дүүрэн бичвэр/

Сүүлийн гурван жилийн турш би Монгол дахь хүйсийн харилцаа буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд ямар харилцаа үүсч байгаа талаар, нийгэмд яг ямархуу байдлаар нөлөөлж байгааг судалсан юм. Энэ талаар судалсан хүмүүсийн яриаг сонсоод, нийтлэлүүдийг нь уншаад итгэхэд хэцүү байсан учраас өөрөө оролдоод үзье гэж шийдсэн хэрэг.

Цар хүрээний хувьд тийм өргөн биш ч гэсэн тэр хугацаанд дүгнэлт гаргахад хангалттай хэмжээний мэдээлэл цуглуулж чадсан, тэгээд урам хугарсан. Эхлээд дүгнэлтээ, дараа нь тайлбарыг нь бичье гэж бодлоо. "Монгол Улс ямар ч эргэлзээгүй эр хүний дутагдалд орсон, нийгмийн, амьдралын бүх ачааг эмэгтэйчүүд нь үүрч явна" гэж дүгнэлээ, тэгээд нүүр хийх газаргүй болтлоо ичгүүр мэдэрлээ. Шившиг.

Эхлээд хэдэн тоо баримт дурдъя л даа. Манай улсын хүн амын хувьд өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүд нь арай илүү, 55 мянга орчмоор. Ажилгүйдлийн түвшинг харъя, эрчүүд 9.6 хувь, эмэгтэйчүүд 7.8 хувь. Нийгэмд эзэлж буй хэмжээний хувьд олонхи эмэгтэйчүүд маань илүү ажиллаж, эрчүүд ажлын ард суух нь илүүтэй байна. Гэтэл энд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, өсгөх болон бас бусад шалтгаанаар ажиллах боломжгүй байдгийг дурдах хэрэгтэй. Тийм байтал эмэгтэйчүүд нь илүү ажилсаг байгаад байдаг... Ер нь тоо баримтуудаас илүүтэй эргэн тойрноо нэг сайн харчих хэрэгтэй. Ойр дотны хүмүүс, хамаатан садан дунд ажил хийдэггүй хүмүүсээ бод доо, эрэгтэй хүн л байгаа биз? Эмэгтэйчүүд яаж ийж байгаад ямар нэг ажил хийгээд л байдаг, гэтэл ярихаас цаашлах түйчгүй эр хүйстэй хоолны сав хаа сайгүй байна.

Одоо боловсрол. Яг өнөөдрийн байдлаар 96 их, дээд сургууль, коллеж манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Энд нийт суралцагчдын тоо 155,248. Үүнээс эмэгтэй оюутан, суралцагчдын тоо 90,094. За тооны хувьд илүү байгаа юм чинь аргагүй гэж та бодож байж магадгүй юм. Гэтэл үгүй шүү, чанарын хувьд ч эмэгтэйчүүд хамаагүй чанартай суралцдаг. Хотын төв, их дээд сургуулийн хажууд, эргэн тойронд байдаг "PC" тоглоомын төвүүдрүү шагайгаад нэг үзээрэй. Өнөөх цөөхөн эрчүүд чинь бүгд тэнд сууж байгаа, тэдний бодол санаа тоглоомноос хэтрэхгүй. Харин охидууд хаана байдаг вэ гэхээр номын санд. Ийм л байна. Мэдлэг боловсролд хандах хандлага нь эндээс шууд л харагдаж байгаа юм.

За одоо сургууль болон ажлын орчноос гадуур хүний хөгжлийн талаар. Манайд элдэв төсөл хөтөлбөрийн дагуу үнэгүй сургалтууд нэлээн их зохион байгуулагддаг. Заримдаа төслийн мэргэжилтнүүд нь бүр гуйж байгаад суулгадаг. Тэгээд хэлний курс, бэлтгэлийн төвүүд. Масс нь эмэгтэйчүүд. Учир нь тэд мэдлэг чадвар гэдэг зүйлсгүйгээр амьдрал "'явахгүй" гэдгийг маш сайн ухамсарласан байдаг. Тийм ч учраас өөрийнхөө хөгжилд анхаарахыг хичээдэг. Йога, спиннинг, бясалгал гээд хараарай. Эмэгтэйчүүд олонхи нь байгаа. Харин эрчүүд фитнесст сайхан явна. Тэр бол сайшаалтай хэрэг. Гэхдээ булчингаа томруулж, сайхан харагдах түгээмэл шалтгаан нь их өрөвдөлтэй, "энэ талаар надаар хэлүүлэлтгүй бүгд ойлгож байгаа биз".

Сэтгэлийн хат. 2012-2016 оны хооронд хийсэн амиа хорлолтын судалгаанд ийнхүү өгүүлжээ. "Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорложээ. Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна". Харж байна уу? Сэтгэлийн хат тэнхээгүй, сул доройгоороо эрчүүд тэргүүлж байна. Тэргүүлж байгаа зүйл нь энэ. Сошиал сүлжээгээр, гадуур дотуур хэрүүл хийж, шалчигнадаг этгээдүүд ихэнх нь эр хүйстэй.

Өнгөрсөн оны байдлаар 76.9 мянган өрх толгойлсон эх, 20.6 мянган өрх толгойлсон эцэг аж төрж байна. Энд тайлбар хэрэгтэй юу? Дэмий байх аа, дэндүү ойлгомжтой юмыг.

Өнөөгийн монгол эрэгтэйчүүдийн нийтлэг хандлага үнэхээр өрөвдөлтэй, өмнөөс нь ичиж үхмээр бас бүүр нийтлэг байдлаар энэ нөхдүүдийн дунд хамаарч байгаадаа ой гутмаар санагддагийг онцлох хэрэг юун. Гэхдээ энэ талаар дурдахгүй орхих нь бүүр ч дэмий.

Хүн чанар, дотоод ухамсрын хувьд юу билээ? Бас л ичмээр гэж хэлье. Би хувьдаа эмэгтэй хүнд арай илүү итгэдэг, эр хүйстнүүд маань итгэл даах стандартад хүрэх нь цөөн. Энэ талаар ярих зүйл олон бий.

Дээр дурдсан баримтуудаас цухас дүгнэхэд эрчүүд тооны хувьд арай цөөн, ажилгүйдлээрээ илүү, боловсрол эзэмшилтээрээ муу, хувь хүний хөгжлийн хувьд өрөвдөлтэй. Мөн сэтгэлийн хат тэвчээр, ухамсрын хувьд маш хүнд асуудалтай, доголдолтой гэхэд хилсдэхгүй.

XXI зууны Монгол эр хүний дүр зургийг гаргая. Нэг тийм халтар төрх санаанд хамгийн түрүүнд бууж байгаа биз? Харамсалтай нь тийм ээ, нийтлэг дүр төрх нь гаднаа ч халтар, дотроо ч халтар.

-Залхуу. Ажил эрхлэх хүсэлгүй бас чадамжгүй. Асар өндөр цалин, өөрийн дураар ажиллах боломж л байвал тэрбээр буйдангаасаа босох талаар бодож үзнэ. Энэ зуур эхнэр нь бүх зүйлийг нь бэлдээд өгнө. Гэр бүл бий болгож "тоглоогүй" бол эцэг эхийгээ мөлжөөд хэвтэнэ.

-Хээгүй. Хээгүй гэж хараал идсэн зүйлийг хэн хаанаас гаргаж ирээд суулгасныг мэдэхгүй. Гэхдээ Монголд эрэгтэй хүнийг ямар ч асуудал гарсан дүлий дүмбэ оргиод, шийдэгдэх хүртэл нь тайван ажиглахыг сургадаг. Үүнийгээ сайхан хээгүй, намбатай байна гэж ярина. Бүдүүлэг, соёлгүй, ёс суртахууны хувьд адгийн байдлаа хээгүй гэсэн үгээр далдлана. Хээгүй гэдэг үгтэйгээ та нар далд ороорой ***********!!! Хаа сайгүй нус цэр, шүлсээ хэн хаядаг билээ? Эрчүүд, хээгүй байгаа эрчүүд п****!!!

-Түүхчид. Амнаас нь гардаг ганц үг нь Чингисийн Монгол. Үүгээрээ өөрсдийгөө аугаа их гүрний үр хойчид гэж итгэнэ. Өөрсөдрүүгээ нэг ч муу юм халдаахгүй, хэрэлдэнэ. Нэг түүхийн ном уншиж үзээгүй хэрнээ өөрийгөө аугаа гэдэгт итгэнэ, Чингис хаан гэж хэлнэ. Би Монгол эр хүн учраас ойр зуурын ажил хийхгүй, тэгж доошоо орохгүй гэнэ. Муу гөлөгнүүд түүхийн талаар түй ч мэдэхгүй хэрнээ халх ойрад гэж хэрэлдэнэ. Бүүр нэг үхэж далд орморууд.

-Мэргэжлийн шалтагчид. Асуудал гарангуут 76, МАНАН. Тайлбарлаад өгөнгүүт ардчиллын хар гай болно. Учрыг нь дахиад тайлбарлаад өгөхөөр соц нийгмийн лай болно. Ухарсаар байгаад Манжийн дарангуйлалд шилжинэ дээ. Хэн нь ч шийдэл санал болгохгүй, толгойгоо ажиллуулахгүй, бүгд ямар нэг байдлаар аливаа асуудалд шалтаг шиднэ. Угаас ажиллах толгой ч үгүй учраас л бурууг өөрөөсөө хайдаггүй хэрэг.

-Архичид. Архи, согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа хүмүүс хэн гэхээр мэдээж хээгүй "сайхан" Монгол эрчүүд. Зугаа цэнгэл, архи мансуурлын солионд уусчихсан. Нэмээд бас хүүхэмсэг. Архи уухаараа бүүр хүүхэмсэг. Ярихаас сэжиг хүрмээр зүйлс энэ сэдвийг тойроод өчнөөн бий.

-Үндсэрхэг. Бүх асуудлыг гаднаас хайдаг дээр нь нэмээд урьдны сайхан түүх маань энэ адгийн шаарнуудын аманд орсон шар тос болж байгаа нь юутай эмгэнэл вэ.

За ингээд тоочоод байвал дуусахгүй. Чухам хэдийнээс, хэзээнээс, яагаад дэлхийн шилэгдмэл байсан эрчүүд ингэтлээ унаж доройтоо вэ? Хүн чанар, хүч чадал, мэдлэг чадвар, дүр төрх гээд бүхий л зүйлээрээ хамгийн шилдэг нь байсан л хүмүүс юм, ууг нь. Үндсэн зан төрхийн хувьд ч гэсэн тун боломжийн, тун давгүй. Социализмын үеийг бодоод үз, тэр үед эрэгтэй хүн, Монгол эр хүн гайхалтай байсан. Мэдлэг чадвар, соёл ухамсар, хүн чанар, нийгэмдээ үзүүлж буй нөлөө гээд бараг л өв тэгш. XX зууны Монгол эр хүний дүр зураг өөр байж. Харин одоо бол эсрэгээрээ. Монгол эр хүн, түүний ерөнхий дүр зураг Монгол Улсын ирээдүйг хойш нь чирж буй "нэг тийм зүйл" болчихоод байна.

Би яагаад ийм болсныг нь ойлгосон. Асуудлын гол цэг нь гучин жилийн өмнө хаягдсан боловсролын тогтолцоо юм билээ. Ажил хий, олдохгүй бол юу ч хамаагүй хий гээд бүх хөвгүүдээ сул хаячихсан юм билээ. Нөгөөдүүл нь ширэнгэн ойд нэвтэрч байгаа амьтан шиг л ороод ирсэн. Нийгэмшээгүй энэ зэрлэгүүдийг эмэгтэйчүүд нь яаж тоох билээ дээ. Тэгээд л гадаадуудтай гэрлэхийг илүүд үзэж байгаа. Ойлгомжтой хэрэг.

Хувь хүний хандлага нийгмийн хандлага болоод тогтдог юм. Тэр нь одоо үүсээд байгаа нөхцөл байдлын үүтгэл хүчин зүйл болно. Тэнэг бүдүүлэг, ухамсар дорой, хүнд байж болох бүх муу муухайг түүчихсэн энэ нөхдүүдийг аврах цорын ганц зүйл нь "Боловсрол". Боловсролоор дамжуулж гэгээрлийг эрэлхийлэх. Өөр боломж байхгүй ээ. Хөвгүүд нь тоглоомчин архичид, залуучууд нь залхуу архичид, идэр насныхан нь архисаг завхайчууд, хөгшчүүд нь мөрөөрөө архичид. Ийм байдлыг боловсролоор л засахгүй бол сөнөнө шүү, та минь ээ...

Т.Жаргалсайхан

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.