Б.Бямбасайхан: Эрсдэлийг бууруулахын тулд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Дисковер Монгол-2018” чуулган өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Чуулганы талаар “Монголын бизнесийн зөвлөл”-ийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцсан юм.

-Энэ жилийн “Дисковер Монгол” чуулганы онцлог болоод үр дүнг хэрхэн харж байна вэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид ямар хүлээлтэй байна?

-’’Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, УУХҮЯ-тай хамтран зохион байгууллаа. Чуулган эхлэхээс өмнө мэргэжлийн семинарыг олон талуудын төлөөллийг оролцуулан хаалттайгаар явуулж хууль эрх зүйн орчин, татварын асуудлыг хэлэлцсэн. Түүнчлэн орон нутаг, олон нийттэй харилцах, усны зохистой хэрэглээг бий болгоход юуг анхаарах вэ гэх мэт тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн.

Өөрөөр хэлбэл, чуулганы үеэр хэлэлцэх асуудлыг илүү тодорхой болгож зөвлөмж гарган түүнийгээ хэлэлцэх нь илүү үр дүнтэй болсон гэж үзэж байна. Энэ удаагийн чуулганд 600 орчим компани оролцож байгаагаас харвал олон улсын зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнийн цикл эерэг байгаа үед хайгуулын шинэ төслийг эхлүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид ирсэн байна. Манай бүс нутагт худалдаа, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилготой дэд бүтцийн хил дамнасан төслүүдийг хэрхэн барьж байгуулах вэ гэдэг санаачилга явж байгаа. Тухайлбал, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн том төслүүд хэрэгжиж байгаа.

Дэд бүтцээ энэ санаачлагатай уялдуулж барьж байгуулснаар зах зээлээ бүс нутгийнхтай ойртуулах боломж бий. Харин үүнд бид идэвхтэй, тооцоотой, тууштай оролцох талаар чуулган дээр ярилцлаа. Нөгөөтээгүүр, ууя уурхайн салбар эрсдэлтэй. Нэн ялангуяа хайгуулын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчид эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Үүнийг хаа, хаанаа ойлгодог болсон хэдий ч эрсдэлийг бууруулахын тулд хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцах нь зөв. Тиймээс “Дисковер Монгол” чуулганд эдгээр боломжоо дэлгэн ярилцаж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид зорьж ирсэн.

Түүнээс гадна “Монголын бизнесийн зөвлөл”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” УУХҮЯ-тавд-аа нэгэн зорилгын төлөө хамтарч ажилласнаар ойлголтын зөрүү багасаж, бизнесээ дэмжсэн Засгийн газрын бодлогын шийдвэрүүд гарна гэж итгэж байгаа.

-Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох тухай ярилцсан. Үүнийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авсан бэ?

-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дээрх санаачилгыг гаргасан. “Монголын бизнесийн зөвлөл” болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” дэмжиж байгаа. Учир нь манай улс уул уурхайн зах зээл дээр тодорхой хэмжээний тоглогч мөн. Тэгэхээр дэлхийн зах зээлд байр сууриа ахиулахын тулд бүс нутагтаа идэвхтэй байж, үйл хөдлөлөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч болохыг зорьж байна. Үүний тулд Монголд уул уурхайн бизнес эрхлэгчид цуглардаг жишиг талбар болгох боломж байгаа6

Нөгөөтэйгүүр, чуулганыг зорьж ирсэн төлөөлөгчид зөвхөн Монголын төслүүдээс гадна бусад оронд хэрэгжиж буй төслүүдийн талаарх мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх учиртай. Эдгээр нь хамтын зүтгэлээр бий болно.

-Энэ удаагийн чуулганаар татварын орчны талаар хэлэлцсэн. Энэ талаар?

-Монгол Улс бизнесийн боломж, хууль, татварын орчноор бусадтай өрсөлдөж байгаа. “Бүс, зам” санаачилгын хүрээнд Орос, Хятад улс хоорондоо давхар татварын гэрээгээ шинэчилж, зарим татвараа 10-аас зургаан хувь болгон бууруулж, татварын хялбар орчин бий болгохыг тунхаглан зорьж байна. Өөрөөр хэлбэл, татвараа бууруулж, илүү боломж олгосноор улсынхаа эдийн засагт эергээр нөлөөлөх нөхцөлийг бизнесүүдэд бүрдүүлж байна гэсэн үг. Үүнтэй нэгэн адилаар Монгол Улсад бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт хийвэл илүү өгөөжтэй байх хөшүүргийг шинэчлэн бий болгох хэрэгтэй.

Тухайлбал, дэд бүтцийн хөгжил сул бизнес эрхлэх зардал өндөр энэ үед өсөлтийг дэмжсэн, хөрөнгийг дуудсан, бизнест хялбар татварын бодлого хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулалтын урсгалыг наашлуулах нэг гарц байх болно.

Ер нь бизнесийн орчныг сайжруулахын тулд бодлогын шийдвэр гаргахдаа татвар хураадаг байгууллагаас гадна татвар төлж, үнэ цэнэ, ажлын байр бодитоор бий болгож буй бизнесийнхний санаа бодлыг тусгах нь илүү үр дүнтэйг чуулганд оролцогчид онцолж байсан. Ингэснээр урт хугацаанд хэрэгжих бодлогын орчныг бүрдүүлдэг. Үүнийг бусад улс орны сайн жишээнээс харж болох юм.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (178.245.34.187) 2018-09-14 02:59
      • 0
      • 0

      Ene nogoo Erdenetiig sogduuldeg nohor mon uu? Tiim bol iim hunees biznesiin zovlogoo avdag yamar hamuursan tolgoit baihav?

      Хариулах