Мартахаасаа өмнө хайртай гэж хэлээч...

Twitter Print
2018 оны 09-р сар 08-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Долоо хоногийн турш, энэ их бөглөрөл, хичээл хаялтыг нэвтлэн залуус Болдын тоглолтын цуурайг давтаж байна. Баярлалаа, Болд оо. Чи хийж чадлаа. Улаанбаатарын хамгийн олон эгнээтэй замыг нам бөглөж, хамгийн олон хүний суудалтай Буянт-Ухаа цогцолборыг таг дүүргэж, 40 хит дуугаар өртөөлөн дөрвөн цагийн турш үргэлжилсэн "12 ертөнц" амьд тоглолтын тухай дуусашгүй олныг бичиж, ярьж болно.

Гэхдээ чи энэ тоглолтоос илүүг залуусын зүрх сэтгэл, оюун санаанд авчирсанд талархаж байна. Мартахаас нь өмнө нийгмийн сэтгэл зүрхийг сэрээсний чинь төлөө хүндэтгэж байна. Наадамд түрүүлсэн бөхөө байртай боллоо гээд бариад идчихдэг Монголд залуус маань шүтдэг дуучныхаа тоглолтыг үзэхийн төлөө итгэл үнэмшил, хүндэтгэл, хайр, аялгуу тээн, унаатай унаагүй Буянт-Ухаа руу ханарахыг үзэв. Дэлхийн хэмжээний шоу тоглолтыг монгол дуучин тавихыг харав.

Одтой яваа нэгнийгээ адалж, олзтой яваагаа боорлож, бүтээлтэй яваагаа бүлтэгнэтэл буланд шахаж, сайныг сааралтуулж, сайхныг нулимдаг болсон энэ цаг үед чин сэтгэлийн шүтээнтэй байх гэсэн монгол залуусын давагдашгүй хүслийг чи өргөж өглөө. Залуус юу хийж, юу бүтээж, хэрхэн туурвиж, бас хэрхэн нэгнийгээ үнэнчээр хайрладгийг харууллаа. "Мартахаасаа өмнө чи надад хайртай гэж хэлээч..." хэмээн арваад мянган хүн танхим дүүрэн аялан дуулахад, энэ дууг бүтээсэн Болд нулимсаа арчаад үзэгчдийнхээ өмнө сөхрөхийг үзлээ.

Нэр хүнд, гавъяа шагналын нүсэр ачаагаа үүрээд Болд босч чадлаа. Улс төр гэж урвасангүй, алдар нэрэнд бүдэрсэнгүй, гэр бүлээрээ шоудсангүй, гэнэн алдаагаараа гайхуулсангүй. Энэ залуу зөвхөн бүтээсэн, дуулсан, хөдөлмөрлөсөн. Зоригтой ч байлаа, зорилготой ч байлаа. Сайхан байна, ганц ч гэсэн одтой байя л даа... тэгээд тэр одоо хайрлаж, хүндэлж суръя. Энэ чинь л амьдрал... алсын Монгол.

Дөрвөн талтай монгол малгай, чамин гоёлууд чинь таалагдсан шүү, энэ цагийн монгол төрх байлаа.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.42.44) 2018-09-09 11:56
      • 0
      • 0

      Амжилт

      Хариулах

    • Байгалмаа

      (66.181.160.114) 2018-09-09 07:55
      • 0
      • 0

      Яалт ч үгүй өөрийн хөдөлмөр, чадал, авъяасаараа энэ хэмжээнд очсон залуу. Яаж ч муулаад өнгө гандахгүй од, өвдөг сөхрөхгүй монгол хүн. Бүх насны фэнүүдтэй бас.

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.87) 2018-09-08 18:45
      • 0
      • 0

      WOW. Улам өндөр амжилт хүсье

      Хариулах