"Хөгшин Европ”-ын хөлбөмбөгийн талбайд хөл тавьсан Монгол хүү...

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн өмнө Монголын залуу хөлбөмбөгч Ганболдын Ганбаяр Унгарын “Пушкаш Академиа” хөлбөмбөгийн багтай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан, Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ, тэр тусмаа амжилт, алдрын арвин баян замналтай Унгарын багтай мэргэжлийн гэрээ байгуулсан нь монгол хөлбөмбөгчид топ лигүүдэд тоглох цаг ойртож буйг харуулж байна. Ингээд Унгарын Фельчут хотын “Пушкаш Академиа” багийн болон Монголын шигшээ багийн тоглогч Г.Ганболдтой холбогдож, ярилцсанаа уншигчдадаа сонирхуулья.

-Юуны өмнө Монголын хөлбөлбөмбөгчдөөс Европын багтай мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан анхны тоглогч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Хөлбөмбөгийн хүчирхэг гүрнүүдийн нэгт зүй ёсоор ордог Унгарын хөлбөмбөгийн багтай яаж холбогдов. Унгарт хэр удаж байна даа?

-Одоогоос хоёр жилийн өмнө Монголын Хөлбөмбөгийн Холбоо Унгарын домогт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит Академитай хамтын ажиллагааг эхлүүлж жил бүр Монголын авьяаслаг хүүхдүүдээс тус академид элсүүлж суралцуулах болсон юм. Би анхны шалгаруулалт тэнцээд энэ академид ирж суралцсан. Ирээд хоёр жил болж байна.

-Монголд ямар багт тоглож байв. Анхны багш, дасгалжуулагчаа танилцуулахгүй юу?

-Миний хөлбөмбөгийн анхны багш бол спортын мастер Ганхуяг. Харин 2016 онд С.Пүрэвсүх, Б.Гансүх дасгалжуулагчдын удирдлага доор “Хоромхон” багт тоглож эхэлсэн. Дээд лигийн тоглолтод тэр жилдээ оролцсоноосоо хойш багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд байнга тоглох болсон. Тэр жилдээ Дээд лигийн болон футзал лигийн хүрэл медалийг “Хоромхон” багтайгаа хүртэж байсан. Тэгээд наашаа ирж суралцсан.

-Нууц биш бол багтайгаа ямар хугацаатай гэрээ байгуулсан бэ. Үндсэн багийн бүрэлдэхүүнд үү, эсвэл залуучуудын багийн бүрэлдэхүүнд тоглох уу?

-“Пушкаш Академиа” клубын залуучуудын багтай нэг жилийн хугацаатай гэрээ үзэглэсэн. Гэхдээ үндсэн багт ч тоглож болох заалттай. Хэрэв багийнхаа бүрэлдэхүүнд энэ улиралдаа доод тал нь 15 удаа тогловол гэрээ маань автоматаар дахин нэг жил сунгагдах нөхцөлтэй юм. Бүх зүйл надаас өөрөөс маань шалтгаална даа.

-Уншигчдад хөлбөмбөгийн академийн сурагчдын нэг өдөр хэрхэн өнгөрдөг нь сонирхолтой байх?

-Өглөө Академийн комендант 6 цаг 50 минутад сэрээснээр бидний нэг өдөр эхэлдэг дээ. Тэгээд өглөөний 07 цагаас өглөөний цай, 8 цаг 15 минутаас хичээл орно. 9 цаг 50 минутад хичээл завсарлаж, 10 цагаас өглөөний бэлтгэл эхэлнэ. 11 цаг 50 минутад бэлтгэл дуусаж, шүршүүртээ ороод 12 цагааас өдрийн хоолонд ороод нэг цаг амарна. Өдрийн 13 цагаас дахиад хичээлдээ орж, 14 цаг 50 минутад тарна. 15 цаг 30 минутаас хоёр цагийн хугацаатай өдрийн бэлтгэл хийдэг. Дараа нь сауна, массаж, халуун хүйтэн устай жакузд гээд алжаалаа тайлна. Оройн хоолоо 19 цагт идээд дараа нь теннис, шатар, билльярд гээд чөлөөт цагаа өнгөрөөдөг. Долоо хоногт бас гурван удаа фитнесс хийнэ, бас гурван удаа мажар хэл үзнэ. Иймэрхүү л ритмтэй, нарийн цагийн хуваарьтай, бүгд багийн ажиллагаатай амьдардаг даа. Ингэж байж л багийн нэг хэсэг болж, хөгжих ёстой юм билээ.

-Гадны олон орны хүүхдүүд танай академид суралцдаг гэсэн. Монгол хүүхдийн давуу болон сул талыг ажиглаж чадав уу?

-Гадны хүүхдүүд бол багш дасгалжуулалтын яг юу хий гэснийг л хийнэ. Тактик, схем ягштал суралцдаг давуу талтай. Сул тал нь гэвэл өөрсдөө шийдвэр гаргах , сэтгэн бодох тал дээр манайхнаас дутуу. Монгол хүүхдүүд чинь аягүй сэтгэж тоглодог. Зоримог шийдвэр гаргах чадвартай. Тактикаар сайн тоглоод сурвал манайхан ер нь гараад ирнэ дээ.

-Миний дүүгийн хүндэлдэг, үлгэр дууриал болгодог хөлбөмбөгчин хэн бэ. Аль багийг дэмждэг вэ?

-Криштиану Роналдуг шүтдэг дээ. Түүний тоглож байгаа багийг дэмждэг.

-Тэгвэл мөрөөдөл чинь юу вэ?

-Английн Премьер лигид тоглохыг мөрөөддөг. Бас Монголын шигшээ баг Дэлхийн аваргад оролцох цаг ирээсэй гэж хүсдэг дээ.

 -Мөрөөдөл чинь биелэх болтугай!

-Баярлалаа. Энэ өдрүүдэд Монголын шигшээ баг маань Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан тэмцээнд оролцож байгаа. Хэдийгээр энэ удаа миний бие гэмтлийн улмаас шигшээ багтаа дуудагдаагүй ч Монголын шигшээ багтаа хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө, өөрийн талбайдаа ялалт байгуулаасай гэж хүсч байна даа.

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тодруулга: “Puskas Akademia Labdarugo Akademia” хэмээх албан ёсны нэртэй, “Puskas Akademia FC” болон ердөө л “Puskas Akademia” гэсэн нэрээрээ олонд танигдсан хөлбөмбөгийн баг нь 2005 онд байгуулагдсан. Анх Унгарын дээд лигийн гурван удаагийн аварга “Видеотон” клубын академи хэмээн байгуулагдаж, домогт Ф.Пушкашийн нэрээр нэрлэгдэх болсон. “Пушкаш Академиа”-ийн үндсэн баг нь Унгарын хоёрдугаар лигид хоёр удаа түрүүлж байсан бөгөөд одоо Унгарын Дээд лигид тоглож, лигийн хүснэгтэд 6 дугаарт бичигдэж байна. Мөн энэ жилийн Унгарын Цомын тэмцээний финалд шалгарсан. Харин залуучуудын баг нь Унгарын 3 дугаар лигийн Баруун бүст тоглодог бөгөөд одоогоор 4 дүгээрт бичигдэж байгаа. “Пушкаш Академиа” багаас Унгарын үндэсний шигшээ багийн тоглогч Адам Дюрчи төрөн гарсан.

“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.