Шагнал өндөртэй Д.Коркины нэрэмжит тэмцээнд чөлөөтийн бөхчүүд томоохон амжилт гаргах нь дээ...

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Якутын чөлөөт бөхийн дэг сургуулийг үндэслэгч, ЗХУ-Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн ОХУ-ын Якут улсад хоёр дахь өдрөө болж байгаа билээ.

Өчигдөр буюу пүрэв гарагт 57, 65, 74, 86, 97 кг-ын тэмцээн болоход Монголын бөхчүүдээс Ө.Батзул, Т.Тулга нар аваргын төлөө шалгарч үлдсэнийг хөгжөөн дэмжигчид маань санаж байгаа. Тэгвэл өнөөдөр буюу баасан гарагийн шийдвэрлэх барилдаанд 125 кг-д барилдаж байгаа ОУХМ Н.Золбоо, 61 кг-ын жингийн бөх ОУХМ Т.Түвшинтулга нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Бүх жингийн медалийн төлөөх барилдаанууд удахгүй эхлэх бөгөөд жинхэнэ гал гарсан, хүндхэн өрсөлдөөнүүд өрнөх нь тодорхой юм.  

Өнөөдөр тэмцээний 65 кг-ын жинд өрсөлдөж байгаа “Арслан” клубын бөх, ОУХМ Т.Тулга өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарын Олон улсын тэмцээнд түрүүлж байсан  Якутын бөх Виктор Рассадинтай барилдах бол 97 кг-ын жинд хүч үзэж байгаа Тахтийн цом”-ын хүрэл, “Монголиа Опен” Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул алтан медалийн төлөө бөхийн орон Азербайжаны Нурмагомед Гажиевтэй хүч үзэх болно. Мөн 86 кг-ын жинд барилдаж байгаа “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэнийг ялсан Ираны бөх Акбар Базригалех хагас шигшээд Финландын Хейног оноогоор цэвэр ялсан тул өнөөдөр дагах барилдаан хийх юм.  

Тэмцээн тун ширүүн өрсөлдөөнтэй өрнөж байгаа. Тухайлбал манай гавъяат Г.Мандахнаран Якутын бөх Г.Устиновт ялагдаж тэмцээнээ дуусгасан. ОХУ-ын Якутад чөлөөт бөхийн дэг сургуулийг үндэслэсэн, хуучнаар ЗХУ-Якутын алдарт дасгалцуулагч агсан Дмитрий Коркины нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү Олон улсын тэмцээний шагналын сан тун өндөр бөгөөд дэлхийн чөлөөт бөхийн тэргүүлэгч гүрнүүдээс олон шилдэг бөхчүүд хүрэлцэн очиж, шагналын төлөө барилдаж байгаа билээ. Тийм ч учраас Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшаа багийн бөхчүүд ямар нэгэн медалийн төлөө хүчээ шавхан өрсөлдөж байгаагаас одоогоор ямартай ч дөрвөн бөх маань алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байгаа нь томоохон амжилт юм.

Уг тэмцээнд түрүүлж, алтан медаль авсан бөх 10000 ам.доллараар шагнуулах бол мөнгөн медальтан 5000, хүрэл медальтан 3000 ам.доллараар шагнуулах юм билээ. Мэдээж ийм өндөр шагналын сантай нэрт дасгалжуулагч Д.Коркины нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд бүх хүчээ дайчлан барилдаж, жин бүртээ түрүүлвэл ядаж л амьдралд нь ихээхэн тус дэмтэй гэдэг нь тодорхой юм.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.