Эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчид Зүүн Азийн АШТ-ний нэгдүгээр шатыг давцгаалаа...

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Монголын эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийнхан 60 жилийнхээ түүхэнд онцгой амжилт гаргаж, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатыг хоёулаа амжилттай давцгаан дараагийн шатанд шалгарцгаалаа.

Өмнө нь эмэгтэй шигшээ багийнхан анхны тоглолтоо Умард Марианы Арлын шигшээ багтай хийж, улмаар 3:2-ын харьцаатайгаар хожсон билээ. Дараа нь өнгөрсөн лхагва гарагт Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийж, тоглолтын цаг дуусахаас өмнөхөн О.Сарангарав хожлын гоолыг хийснээр хэсгээ 6 оноотой тэргүүлж, Зүүн Азийн АШТ-ний хоёрдугаар шатанд шалгарсан юм.буул

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 17:00 цагт МХБХ-ны талбайд Макаогийн эсрэг хийх болно.

Харин эрэгтэй хөлбөмбөгчдийн түүхэн амжилтыг жаахан дэлгэрэнгүй мэдээлвэл Германы мэргэжилтэн Майкл Вайсс дасгалжуулагчтай Үндэсний шигшээ баг өчигдөр Гуамын багтай 1:1-ээр тэнцсэнээр анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давж чадсан юм. Энэхүү тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдсан учир нь нэг хожил, нэг хожигдолтой байсан Гуамын баг манай шигшээг заавал хожиж байж дараагийн шатны эрх авах байсан учраас тэд маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, тоглолт ширүүхэн өрнөсөн. Хоёр багийн тоглолт эхнээсээ л харилцан довтолгоон хийж аль аль тал нь идэвхийлсэн ч гоол оруулж чадалгүй үндсэн цаг дуусах дөхөөд байсан 89 дэх минутад Гуамын багаас Деван Жаков Камачо гоол оруулж, “Талын хөх чононууд” үлдсэн таван минутын хугацаанд тооны харьцааг зайлшгүй тэнцүүлэх хүндхэн шаардлага тулгараад байсан. Тэгээд ч нэг гоол хаалгандаа алдсан манай шигшээ баг, хөгжөөн дэмжигчдийнхээ урам дэмийн ачаар сэтгэлээр уналгүй тоглосоор тооны харьцааг эцсийн мөчид тэнцүүлсэн нь гайхалтай.

Манай хөлбөмбөгчид шүүгчийн мэдлийн дөрвөн минутыг зөвхөн Монголын багт зориулан сунгасан юм шиг эрч хүчтэй довтолгоонуудыг хийсэн. Тэгээд ч тэрхүү  шаргуу довтолгооныхоо үр шимийг хүртэж, сэлгээгээр орж ирсэн М.Жансерикийн дамжуулалтаар Н.Цэдэнбал 60 жилийн намтартай Монголын хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх тэнцээний гоолыг оруулсан юм. Ийнхүү хожлын дайтай тэнцээ авсан манай эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг, эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийнхаа хамтаар Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны босгыг ийнхүү амжилттай давсан юм.  

Зүүн Азийн АШТ-ний нэгдүгээр шатанд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд анх удаа зэрэг оролцсон төдийгүй анх удаа хоёулаа дараагийн шатанд шалгарсан түүхэн амжилтыг үзүүлж чадсан нь хөлбөмбөгт сонирхолтой хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан төдийгүй Монголын хөлбөмбөгийн түүхэнд “Алтан үсгээр бичигдэх гавъяа байгуулсан” нь гайхалтай. Монголын шигшээ багийн залуус нэгдүгээр шатны аваргын цомоо өргөснөөс гадна Н.Цэдэнбал шилдэг тоглогч, Б.Балжинням мэргэн буучийн шагналын эзэн болсон юм.

Одоо харин өнөөдөр 17:00 цагт Макаогийн багтай тоглох эмэгтэй хөлбөмбөгчиддөө хожил байгуулахыг хүсч, хөгжөөн дэмжигчдийг нь ч МХБХ-ны талбайд хүрэлцэн очихыг чин сэтгэлээсээ хүсч байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.