Ким Чен Ун урагшлан давшсаар л...

Twitter Print
2018 оны 09-р сар 18-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд хаалттайгаар 1953 оноос хойш 65 жил оршин тогтнож ирсэн, хамгийн "Үл мэдэгдэх" орны нэгэн болох БНАСАУ-ын гурав дахь төрийн тэргүүн Ким Чен Ун сүүлийн үед даян дэлхийн удирдагчид дотроос хамгийн их анхаарал татсан, хамгийн сонирхолтой, басхүү хамгийн шийдвэр зоригтой удирдагчаар өрсөлдөгчгүй шахам тодроод байгаа гэж үзэж болох юм. Учир нь 1950-1953 оны хооронд Хойд болон Өмнөд Солонгосын хооронд үргэлжилсэн ширүүхэн дайнаас хойш хийгдсэн түүхэн дээд уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон нь дэлхий нийтийн анхаарлыг гойд ихээр татаж эхэлсэн билээ. Учир нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жен Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар  хоёр улсын хилийн завсрын бүсэд уулзаж, улмаар уулзалт болох “Энхтайвны өргөө” рүү хамтдаа алхан очсоноор эхэлсэн түүхэн дээд уулзалтаас хойш БНАСАУ-ын зүгээс Ази тивийг байтугай дэлхий нийтийг айлган сүрдүүлсээр байсан цөмийн туршилтаа зогсоох, тэр байтугай цөмийн туршилтын талбайгаа бүрэн хэмжээгээр устгах шийдвэрт хүрч, тэрхүү онцгой түүхэн шийдвэрээ зарим талаар хэрэгжүүлж эхлээд байгаа нь өнөөх л БНАСАУ-ын залуухан удирдагч Ким Чен Уныг дэлхий нийтэд тод томруунаар үзүүлэн харуулж эхэлсэн гайхалтай өрнөл болсон юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жен Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 9:30 цагт эхэлж, албан ёсных нь яриа хэлэлцээр Панмунжон тосгонд байрлах “Энхтайвны өргөө”-нд 10:30 цагаас эхэлсэн байдаг. Тэрхүү түүхэн уулзалтаар Хоёр Солонгос олон чухал асуудлаар санал нэгдэж “Хоёр Солонгосын дайн албан ёсоор дууссаныг дэлхий нийтэд зарласан” билээ. Түүнээс гадна хамгийн чухал нэгэн шийдвэрт хүрсэн нь 65 жилийн турш жинхэнэ дайснууд явсаар ирсэн АНУ-тай харилцаагаа сайжруулж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах хүсэлтийг нь БНСУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор дэмжиж, тэрхүү дээд хэмжээний уулзалтыг биечлэн зохион байгуулж, ажил хэрэг болгохоо амалсан байдаг.

Тэгээд ч БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жен Ины тэрхүү амлалт түүхэн дээд ажил хэрэг болж, БНАСАУ-ыг 65 жилийн турш “Хамгийн аюултай дайсан” хэмээн үзсээр ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен ун нарын түүхэн дээд анхны уулзалт 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурын Сентоза арал дээр болсон билээ. Тэд хоёр улсын түүхэн дэх 65 жилийн дайсагналын дараа анх удаа гар барин мэндчилсэний дараа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун "Уулзсандаа таатай байна. Ноён Ерөнхийлөгчөө" хэмээн мэндэлсэн бол Д.Трамп "Надад үнэхээр таатай мэдрэмж төрж байна. Хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана" гэсэн байдаг. Мэдээж тэрхүү уулзалтаас дэлхий нийтээрээ маш их зүйл хүлээж байснаас зарим нэг нь ажил хэрэг болж эхлээд байгаа бол зарим нэг нь тодорхойгүй байдалд орж, хүлээлж үүсгээд байгаа нь ч нууц биш билээ.

Тухайлбал АНУ-ын ихээхэн шазруун, басхүү их зантай Ерөнхийлөгч Д.Трампын ааш авираас шалтгаалан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн өнгөрсөн сарын сүүлээр БНАСАУ-д хийхээр төлөвлөөд байсан төрийн чухал айлчлалыг таслан зогсоож байсан юм. Тэгээд ч тэр талаараа Д.Трамп өөрийн твиттер хуудсандаа  “Сүүлийн үед Хойд Солонгосын эрх баригчдын явуулж байгаа бодлого, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах байр сууринаасаа ухарч, дорвитой алхам хэрэгжүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалан Төрийн нарийн бичгийн даргынхаа Пхеньянд хийхээр төлөвлөөд байсан айлчлалыг хойшлуулах шийдвэр гаргасан” хэмээн томорсон байдаг. Тийм ч учраас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-д төрийн айлчлал хийж Ким Чен Унтай албан ёсоор уулзаагүй нь тодорхой болсон юм.

Тэгвэл БНАСАУ-ын залуухан, шазруун удирдагч Ким Чен Уны нэрийг дэлхий дахинд дахин дуурсгах, өсөн нэмэгдэж байгаа нэр хүндийг нь улам баталгаажуулсан бас нэгэн чухал үйл явдал өнөөдөр эхэллээ. БНСУ-ын  Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-нд БНАСАУ-д хүрэлцэн очиж, тус улсын удирдагч Ким Чөн Унтай дээд хэмжээний уулзалт хийнэ гэдгийг Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгч Чун Еуй Ён мэдэгдсэн юм.

“Өмнөд Солонгос болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Пхеньян хотноо 9 дүгээр сарын 18-20-нд болно. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна, өндөр түвшинд яриа хэлэлцээ хийнэ” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён БНАСАУ-ын нийслэл Пхеньянд айлчилсныхаа дараа Сөүлд ирээд мэдээлсэн билээ. Тэрбээр Үндэсний тагнуулын газрын дарга Су Хон тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг ахлан Пхеньянд айлчлаад ирсэн билээ.

Ийнхүү өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны мягмар гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пхеньянд хүрэлцэн очжээ. Түүнийг Пхеньянд хүрэлцэн ирэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэргүүтэй төлөөлөгчид угтан авч уулзсан байна. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн БНАСАУ-ын Ардын дээд зөвлөлийн тэргүүн Ким Ён Нам, Ажилчдын намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол, Эх орноо тайван замаар эвлэрүүлэх хорооны дарга Ли Сун Гвон болон бусад албан тушаалтнуудтай уулзсан байна. Пхеньяны нисэх онгоцны буудалд Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон болон түүний хамгийн ойрын зөвлөх очсон байна.

Өмнөд Солонгосын удирдагчийг Пхеньяны нисэх онгоцны буудалд улаан хивс дэвсэн, хүндэт харуулууд, цэргийн найрал хөгжимтэй угтжээ. Тус онгоцны буудлын терминалын ойролцоо Солонгосын уламжлалт даашинзтай эмэгтэйчүүд, хүрэм болон дээлээр гоёсон эрчүүд зэрэг олон хүн цугласан байсан аж. Тэд гартаа Хойд Солонгосын болон Солонгосын хойгийг нэгтгэх утга бүхий цэнхэр өнгийн дүрстэй цагаан тугууд барьсан байжээ.

Дараа нь Мүн Жэ Ин Ким Чен Унтай нэг машинд суун, Пхеньяны нисэх онгоцны буудлаас Хойд Солонгосын Засгийн газрын Пэкхвавон ордон тийш хөдөлсөн байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр орны удирдагчид өглөөний цайгаа хамтдаа уусны дараа эхний яриа хэлэлцээгээ хийхээр төлөвлөжээ. 

Мүн Жэ Иний Засаг захиргааны мэдээллээр, Пхеньянд хийж буй түүний энэхүү айлчлал цөмийн зэвсэглэлээс ангижрах асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа БНАСАУ, АНУ-ын хоорондын яриа хэлэлцээг дахин эхлүүлэх, мөн Хойд Солонгос болон Америкийн харилцааг сайжруулах, Солонгосын хойг дахь цэрэг дайны хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдэж буй юм байна.

Энэ сарын 18-20-нд болох дээд хэмжээний уулзалт нь хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь уулзалт юм. Тэдний анхны уулзалт Панмүнжом тосгонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд, дараагийнх нь тавдугаар сарын 26-нд болсон билээ. “Дээд хэмжээний гурав дахь уулзалтын үеэр Панмүнжомд болсон дээд хэмжээний анхны уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ. Мөн цэргийн салбарт хурцадмал байдлыг намжаах арга замын талаар ярилцана” гэж Чун Еуй Ён хэлжээ. “Түүнчлэн хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд бодит ахиц дэвшил гаргах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг тогтоохын тулд тэвчээртэйгээр зогсолтгүй хүчин чармайлт гаргах талаар ярилцана” гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна лээ.

Ийнхүү БНАСАУ-ын залуухан зоригтой удирдагч Ким Чен Уныг БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жен Ин ихэд хүндэтгэн, дотносож бүх талаар ойртож байгаа нь Ким Чен Уны нэр хүндийг дэлхийн тавцанд дахин өргөн мандуулахад үнэтэй хувь нэмэр болж байгааг дурдах ёстой болов уу.

Гэтэл БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уныг ганцхан үндэс язгуур нэгтэй БНСУ-ын Ерөнхийлөгч ч дэмжээд байгаа хэрэг биш гэдгийг нотолсон нэгэн чухал үйл явдал нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко БНАСАУ-д албан ёсны айлчлал юм. Энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилсэн энэ айлчлалаар ОХУ-ын Парламентын спикер В.Матвиенко БНАСАУ-ын Ардын Дээд хурлын дарга Цой Тэ Бок, Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нартай уулзалт хийжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо-той хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэхдээ, Оросын Холбооны зөвлөлийн дарга ойрын үед БНАСАУ-д айлчилна хэмээн Пхеньян хүлээж байгааг хэлсэн байдгийг ийнхүү хатагтай В.Матвиенко ажил хэрэг болгосон аж.

Товчхондоо БНАСАУ нь 65 жилийн турш өмнөд хөрштэйгөө дайны байдалд оршиж, АНУ-аас эхлээд дэлхий дахинтай үйл ойлголцох, хатуухан хэлбэл “Дайны байдал”-д оршин тогтносоор ирснийг өнөөдрийнх нь залуухан, шазруун удирдагч Ким Чен Ун эгнэгт үгүй болгох, өөрийнхөө нэр хүндийг дэлхий дахинд зарлан тунхаглаж, ард түмнийхээ амьдралыг баталгаатай болгох чин хүсэлдээ өдрөөс өдөрт гялалзсан амжилт олсоор, урагшлан давшсаар л явнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.