Эгч дүү Н.Энхшүр, М.Мөнхшүр нарын араас МУГЖ Г.Ариунбаатар Оросуудыг гайхашрууллаа...

Twitter Print
2018 оны 09-р сар 06-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтээрээ “Энэ чингисийн Монголчууд аргагүй л үнэхээр их азтай, бас яах аргагүй гайхалтай ухаалаг, бишэрмээр хувь заяатай хүмүүс юм” хэмээн дуу алдацгааж байгаа нь маргашгүй үнэн билээ. Өнөөдөр газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн 220-иод орноос 17-р байранд жагсдаг Хөх тэнгэрийн харъяат Монгол нутагт амьдран суугаа 3.2 сая гаруйхан Монголчууд бид яах аргагүй бүх л талаараа дэлхийн олон зуун сая иргэдээс огт өөр хувь заяатай, тэнгэрлэг ухаант, бадрангуй хувь заяат гайхалтай аз хийморьтой ард түмэн ажээ. Монголчууд бид 1.4 тэрбумуулаа хөрш зэргэлдээх БНХАУ-ын тэр олон зуун сая хүн ардаас онцгойрон тасарсан, гойд сэргэлэн, сод ухаантайгаараа эрс ялгардаг бол ганц гэм нь бидний дээр сууцгааж, Монголчуудын хувь заяаг атгаж байдаг 200-хон зуугийн тоонд баттай багтах эрх мэдэлтнүүд нь тэр олон хятадуудаас ч илүү гарах хулгайлан завших, бүлэглэн дээрэмдэх авъяас чадвартай нь ч гайхаж алмайрмаар болчихсон хэрэг билээ.

Гэхдээ 3.2-хон сая Монголчууд бидний толгой дээр зайдагнаж суугаа тэрхүү 200-ын дотор тоологдох этгээдүүдийн амьдран орших цаг хугацаа нь дуусах тийшээ нэгэнт эргэлт буцалтгүй явцгааж эхэлсэн нь баярлууштай. Тийм ч учраас тэдгээр хулгайч, дээрэмчин, авлигач нарын тухай дурсахыг ч хүсээгүй бөгөөд цөөхөн Монголчуудынхаа  гайхалтай авъяас чадвар, дэлхийг бишрүүлсэн сод ухааных нь зах зухаас дурдахгүй өнгөрч боломгүй санагдаад энүүхнийг тэрлэж сууна.

Манай мөнхийн хоёр хөршүүд хүн амынхаа тоо болон цэрэг зэвсэглэл, зарим нэг шинжлэх ухааны ололт амжилт, эдийн засгийн хүчин чадал болон өсөн нэмэгдэж байгаа хөрөнгө чинээгээрээ ч дэлхийд тэргүүлэгчид, удахгүй бөмбөрцгийн эзэд болох нь ч ойртсоор л яваа нь яах аргагүй бодитой баримт билээ.

Хойд хөрш ОХУ гэхэд л 17.075.400 км квадрат газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг бол ОХУ-ын араас Канад, АНУ, БНХАУ, Бразил улсууд айргийн тавд эрэмбэлэгддэг. Харин Эзэн Чингисийн үр хойч, Хөх толбот Монголчууд бид 1.759.540 км квадрат газар нутгынхаа хэмжээгээр дэлхийд 17 дугаарт эрэмбэлэгддэг нь аргагүй л “Их хувь заяа, амны хишиг” билээ.

Дэлхийн хүн амын тоо 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар 7.5 тэрбумд хүрчихсэн. Бид ямар азаар хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч БНХАУ, Энэтхэг, АНУ, Индонези, Бразилд төрчихөөгүй юм бэ. Хэрвээ бүгчим халуун, хүн ам нь ганцхан жилийн дотор 15.7 саяар нэмэгдэж байдаг Энэтхэгт төрчихсөн бол тэр олон гүүрнийх нь дор нүцгэн шахуу толгой хоргодож, өнөөх алдартай ч оршуулж ч чадаагүй нас барсан хүмүүсийнх нь цогцсоор дүүрэн байдаг Ганга мөрөнд нь усанд орж, уснаас нь амны цангаагаа тайлж байхсан болов уу. Бурхан минь. Дөнгөж энэ сарын эхээр дууссан Азийн спортын наадмыг сурвалжилж, 7000 арлын эх орон, хүн амынхаа тоогоор дэлхийд БНХАУ,Энэтхэг, АНУ-ын дараа дөрөвдүгээрт жагсдаг Индонезийн нийслэл Жакартад ажиллаад ирсэн манай спортын сурвалжлагч бүсгүй маань “Бурхан минь. Жакарта чинь ямар халуун бас эвгүй үнэртэй, яасан ч олон сая гуйлгачинтай, ямар хэцүүхэн хот вэ. Хоол унд нь ч Монгол хүнд огт зохихгүй юм байна. Арай хийж эх орондоо ойртон Бээжинд ирээд л арай жаал хоол шиг юм идсэн” гэсээр аргаа барчихсан ирж билээ.

 

Ингээд бодохоор л өнөөдөр хэдийгээр жилдээ 500-аад мянгахан жуулчин зорин ирдэг ч “Хязгааргүй цэлийх хөх тэнгэрийн орон, хөх толбот Монгол”-оо олж мэндэлсэндээ бурханд талархаж, мэхийн мөргөмөөр өө.

Энэ бүхнийг өгүүлсэний дараа 2015 оны долоодугаар сарын 1-нд П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын “Гран при” уралдаанд "Трубадур" дуурийн Ди Лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулж, тэргүүн байруудыг эзлэн, тэрхүү гайхалтай амжилтынхаа араас залгуулан Английн Хатан хаан болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарыг бишрүүлсээр л яваа МУГЖ Г.Ариунбаатар энэ сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москвагийн зүрх нь болсон Улаан талбайд ОХУ болон Абхазын Ардын жүжигчин, алдарт сопрана Хибла Герзмаватай хамтран Оросуудын шүтээн болсон “Подмосковные вечера” дууг нь дуулж “Үгүй энэ Монголчууд дахин хаанаас гараад ирэв ээ. Эд нар ер нь бүх талаараа бидэнд дийлдэхгүй хүмүүс юм. Үнэхээр гайхалтай авъяастай, басхүү сод ухаантай ард түмэн юм” гэж ухаалаг хэсэг нь дуу алдмаар тоглолтыг хийсэн билээ.  

Тэгвэл өнгөрсөн сарын 13-нд Бээжингээс шууд Москваг зорьж ОХУ-ын хамгийн алдартай ОРТ телевизийнх нь сувгаар гарах “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт уригдан оролцсон эгч дүү хоёрын сод ухааныг ч дурдалгүй мартвал жинхэн “Нүгэл болох” нь тодорхой юм. Эгч дүү хоёрын “Сод ухаан”-ы талаар товчхон туух өгүүлвэл Монгол Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнгөрсөн сарын 13-нд Бээжингээс Москваг зорьсон байдаг. ОХУ-ын “Россия 1” телевизээс тэднийг “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгтээ урьсан тул “Алтан Москва”-г зорьсон нь тэр байж.
Энэ 2018 оны зургадугаар сард Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдэж, сертификатаа ч гардан авсан билээ. Үүнээс өмнөхөн нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннесийн ном”-д бичигдэхээр болсон байсан.
Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж, дэлхийн дээд амжилт тогтоосон байдаг.

Ингээд бодохоор л “Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би 
Ачит эхээ арван сар зовоосны эцэст 
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би 
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад 
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст 
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би 
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

 

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад 
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм 
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

 

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг 
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би 
Тоост хорвоод төрсөн минь учиртай

 

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн 
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би 
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

 

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж 
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж 
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би 
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай” хэмээн агуу их  Б.Явуухулангийн дуун алдсаны бадмаараг гэрэлт их учир шалтгаан, Хөх толбыг олж төрсөн дээд хувь заяа минь ямархан их “Тэнгэрийн хишиг” болохыг ухааран ойлгож, мөргөн залбирнам билээ би...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.