Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн түүх ялалтаар эхэллээ...

Twitter Print
2018 оны 09-р сар 04-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг өнөөдөр Умард Марианы Арлуудыг 3:2-оор хожиж, түүхэн ялалт байгууллаа.

Тоглолтын эхний үед Умард Марианы Арлуудын бүсгүйчүүд хоёр гоол оруулж Монголын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн анхны албан ёсны тоглолт төсөөлж байснаас тэс өөрөөр эхэлсэн билээ.

Харин завсарлагааны 15 минутад дасгалжуулагчдын баг тоглогчиддоо хэд хэдэн чухал зөвлөгөөг өгсөн нь гоол оруулж чадахгүй байсан эсрэг баг, Умард Марианы Арлуудын хаалгыг онгойлгох түлхүүр байжээ.

Хоёрдугаар үеийн 51 дэх минутад манай шигшээ багийн 13 дугаартай довтлогч Н.Намуунаа нэрийн хуудас болсон хүчтэй цохилтоор эсрэг багийн хаалганы торыг сэт цохин гоол оруулж, тооны харьцааг ойртуулав. Н.Намуунаагийн гоол тооны харьцааг ойртуулаад зогсохгүй манай шигшээ багт сэргэлт авч ирсэн, тоглолтын эргэх цэг болсон юм. Монголын 16, 19, насны охидын шигшээ болон эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тоглогч Г.Цолмон 61 дэх минутад тэнцээний гоолыг оруулж, чухал тоглогчийнхоо үүргийг хангалттай сайнаар гүйцэтгэсэнийг дурдах ёстой. Харин 82 дахь минутад Н.Намуунаа хожлын гоолыг оруулж эхлүүлсэн ажлаа дуусгасан юм.

Энэ бол Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн анхны тоглолт, анхны оноо, анхны хожил ирээдүйд бүтээх их амжилтын эхлэл байлаа.

А.Алтанчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.